
Мал өвөлжилтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын БОХХАА-н байнгын хороо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Х.Золжаргалын мэдээллийг сонсов. Мэдээллээс харахад улсын хэмжээнд 43,6 сая малыг 1593 багийн 193.0 мянган өрхөд өвөлжүүлж байгаа бөгөөд хүндхэн өвөл болж буй учир улсын хэмжээнд нийтдээ 5,2 сая мал отрын нутагт өвөлжиж байна.
Нийт 19 аймгийн 198 суманд мал өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаагийн дотор Баян-Өлгий 5, Увс 17, Ховд 9, Говь-Алтай 11, Завхан 19, Баянхонгор 6, Өвөрхангай 16, Хөвсгөл 11 зэрэг найман аймгийн 94 суманд онцгой хүнд байгаа аж. Мөн өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сарын эхний 10 хоног хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 567,0 мянган мал хорогдоод байгаагийн дотор өвөлжилтийн байдал нэн хүндрэлтэй байгаа Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад нийт хорогдсон малын 89,2 хувь нь оногдож байгааг тэрээр дуулгав.
Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд санал, шүүмжлэл хэлж байлаа. Тухайлбал гишүүн Су.Батболд “Зуд турхан болж байгаа энэ үед ХХААХҮЯ-ны дуу хоолой сонсогдохгүй байна. Нядалсан малын махыг консервлоно гэж ярьж байна. Тэр мах тээвэрлэх унаа, консерв хийх үйлдвэр нь хаана байна. Ийм амьдралаас тасарчихсан юм ярихаа больё. Бодлогын хэмжээнд хийх асуудлаа ярих хэрэгтэй” гэлээ. Харин гишүүн Д.Энхбат “Хөдөө аж ахуйн тогтолцоог зөв бүрдүүлж, ажиллуулахад яам анхаарах ёстой болохоос малчин бүрийн араас явах асуудал биш. Хөдөө аж ахуйн систем өөрөө зуданд нэрвэгдсэн байна.Жил бүр болдог зуданд хэзээд бэлэн байх ёстой шүү дээ” гэв.
Цаашид авах арга хэмжээний хүрээнд малчдын гар дээр байгаа махны нөөцийг судлан БНХАУ-д экспортлох, хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн гэрээ хэлцлийг шинэчлэн байгуулж, гадаад орнуудад нэгдсэн зохион байгуулалтаар борлуулах асуудлыг шуурхай шийдвэрлэх зэрэг долоон заалт гарган мөрдөж ажиллахаар болоод байгаа гэсэн хариултыг тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг өглөө.
Мөн улсын нөөцөнд байгаа өвс тэжээлийг цас ихтэй, зам даваа боогдож, халтиргаа гулгаатай байгаа үeд холын аймгуудад хүргэх ажил хүндрэлтэй байгааг салбарын яамныхан мэдээлсэн юм. Тэд Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн малчдад нийслэлээс өвс тэжээл хүргэж тээврийн зардалд шатсанаас хил залгаа Хятад, Тувагаас хямд үнээр өвс тэжээл авч нийлүүлэх нь эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй гэнэ. Байнгын хороо уг асуудлыг зарчмын хувьд дэмжлээ.
Мал өвөлжилтийн байдал, цаашид авах арга хэмжээний талаархи мэдээллийг сонсож хэлэлцэв | ||
Үзсэн: 1490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.