Шууд Chart

Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны бүсийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2023-03-07 12:16:18

Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн дарга Гашав Гэйбэху тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзаж ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Олон улсын атомын энергийн агентлаг үргэлж туслан дэмжиж, хамтран ажиллаж, салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглээд өнгөрсөн онд манай улсад бүртгэгдэж байгаагүй олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт арьс товруутах өвчин дэгдэж тус өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд Олон улсын атомын энергийн агентлагаас шуурхай арга хэмжээ авч шаардлагатай 165.0 мянган еврогийн өртөг бүхий 500 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлж дэмжлэг үзүүлсэн явдалд гүн талархал илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулаад тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын оролцоо чухал болохыг тэмдэглэв.

Талууд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд цөмийн технологийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хэрэглээг өргөжүүлж, түүний үр өгөөжийг нийгэм-эдийн засгийн хөгжилд бодитоор ашиглахын тулд бодлогын түвшинд анхаарч холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгааг дурдаж одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Цаашид үр тарианы шинэ сорт гарган авах, малын өвчинтэй тэмцэх эм бэлдмэл үйлдвэрлэх, экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг ариутгах зэрэг салбар хоорондын судалгаа-шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах цацрагаар шарах төхөөрөмжийг нэвтрүүлэх асуудалтай холбоотойгоор Монгол Улсад тохиромжтой тоног төхөөрөмж, технологийн судалгааг боловсруулах, судалгаа шинжилгээний байгууллагуудад цөөн тоогоор ашиглагддаг нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн засвар, үйлчилгээг тасралтгүй, найдвартай хийж байх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг улсын хэмжээнд цогцоор нь зохицуулах арга хэлбэрийн судалгааг хийж, санал боловсруулан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

 

 

 


Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны бүсийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй