Шууд Chart

Ц.Чулуунцэцэг: Шударга хөгжим ардын дуу, хүрээ дуу,бий биелгээний амин сүнс нь юм

2026-06-30 10:22:04

Монгол улсын соёлын тэргүүн ажилтан шударга хөгжимчин Ц.Чулуунцэцэгийг Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа.

-Хөгжимчин хүнтэй уулзаж байгаа учраас шударга буюу шанз хөгжимтэй хэзээнээс холбогдсон талаар яриагаа эхэлье?

-Би энэ хөгжимтэй 12 настайдаа эхэлж холбогдсон. Хөгжим бүжгийн  дунд сургуулийн шударга хөгжмийн ангид тэнцэж  орж байсан. Шударга хөгжмийн ангид тэнцэж ороход гар хуруу их нөлөөлдөг юм байна лээ. Тухайн үед шалгалтаар ирсэн багш нар  хүүхдийнхээ гар хурууг харж шалгаруулж, дараа нь театрт дуудаж шалгаруулалтыг явуулж байсан. Би шалгалтдаа тэнцээд урилгаа авахад шударга хөгжмийн ангид хуваарилагдсан. Миний хувьд шударга хөгжмийн ангид орох дургүй байсан.

Миний аав, ээж хоёр минь урлагийн хүн байсан учраас урлагт хөл тавихад их нөлөөсөн байх. Ээж минь шударга, ятга тоглож сайхан дуулдаг хүн байсан. Аав маань бүжгийн багш байсан. Би хөгжимчин болно гэж бодож байгаагүй. Харин бүжигчин болно гэж боддог байлаа. Одоо бодохоор ээжийнхээ тоглодог хөгжмөөр суралцаж, хөгжмийн мэргэжил эзэмшсэндээ их баярлаж талархаж явдаг.

-Ер нь хөгжмийг багаасаа сурах ёстой байдаг юм уу?

-Хөгжмийн мэргэжил нарийн мэргэжилдээ ордог тул зайлшгүй багаасаа суралцах шаардлагатай. Сонгодог хөгжим нэгдүгээр ангиас, ардын хөгжмийг зургаадугаар ангиас нь авдаг. Маш олон жил сурч байж, хөгжимчин гэдэг мэргэжилтэй болдог. Иймээс  хөгжим нарийн мэргэжилдээ ордог. Хөгжмийн мэргэжлээр 10 жил суралцдаг. Ер нь бол нарийн мэргэжлийн эмч, мэс заслын эмч, хөгжим хоёр адилхан. Хөгжим хүний бүх мэдрэхүйг ажиллуулдаг. Монголчууд  одоо л хүүхдээ хөгжмөөр хичээллүүлдэг болж байгаа.  Хөгжим бол хүнийг хүнлэг энэрэнгүй болгож, төлөвшүүлдгээр гайхамшигтай. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хөгжмийн мэргэжлийг тодорхой хэмжээнд эзэмшүүлэх шаардлагатай гэж боддог. Бид ингэж байж  энэ нийгэмд энэрэнгүй хүнийг бий болгоно шүү дээ.

-Тухайн үед орон нутгийн хүүхдүүд Хөгжим бүжгийн сургуульд ирж суралцахдаа хаана байрладаг байсан бэ?

-Сургуулийнхаа дотор байранд байдаг байсан. Үнэхээр амар амгалан байсан шүү. Хөгжим бүжгийн сургууль орон нутгаас элсэлт авдаг байсан нь маш зөв бодлого байсан гэж боддог. Үүний хүчинд орон нутаг мэргэжлийн хөгжимчнөөр хангагдсан. Хөгжмийн сургуульд суралцаж байгаа хүүхдэд тоглох цаг үнэндээ байдаггүй. Ерөнхий эрдмийн хичээлийн хажуугаар мэргэжлийн хичээл ордог учраас бүх цаг хугацаагаа хичээлдээ  зарцуулдаг байсан.

-Тухайн үед сургуулиа төгсөөд харьяа орон нутагтаа хуваарилагдаг байсан уу?

-Орон нутгаас ирсэн хүүхдүүд орон нутагтаа л хуваарилагдсан байсан. Багш маань намайг Улсын ардын дуу бүжгийн чуулгат оруулна гэдэг байлаа. Би хувьдаа дургүй байсан учраас багшаасаа зөрөөд орон нутаг  явсан. Нутагтаа очоод  ажиллаад удаагүй байхад Завхан аймагт Хөгжим бүжгийн сургууль байгуулагдсан. Тус сургуульд шударга хөгжмийн багшаар томилогдож, гурван жил багшилсан. Анхны шавь нараас СУИС болон Завхан аймгийн Хөгжим бүжгийн сургуульд багшилж байна.  Ингээд 1992 оноос эхэлж хөгжимчний гараагаа Түмэн их чуулгаас эхэлсэн. 1992-2023 он хүртэл Түмэн чуулгат ажилласан.

-Анхны цалин хэдэн төгрөг авч байсан бэ?

-Сайн санахгүй байна. Тухайн үедээ 250 төгрөг авч байсан болов уу. Анхны цалингаа аваад ээждээ өгч байсан. Ээж минь анхны цалингаа өөртөө зориул гээд гоё ганган хувцас авч байлаа.

-Та хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болох мөрөөдөлтэй байсан бэ. Хөгжимчин болох мөрөөдөлтэй байсан уу?

-Хүүхэд байхдаа эмч, багш болно гэдэг л байсан. Эмэгтэй хүн эмч байвал гоё юм байна бодож байсан байх.  Би ер нь хөгжимчин болох хувьтай  байсан юм байна лээ.

 -Таны хувьд хэчнээн уран бүтээл тоглосон бэ?

-Шударга хөгжимтэй ардын дуу, хүрээ дуу голчлон тоглож байсан. Түмэн их чуулгат ардын урлагаар амьсгал байлаа. 2004 оноос Дуучин Д.Болд “Нүд чинь хайр харуулна” дууны ард шударга хөгжим тоглосон. Энэ үнэхээр үзэгч сонсогчийн сэтгэл нийцсэн. Өөрийн уран бүтээл болон дуучид бүжигчидтэй хамтарсан 90 гаруй уран бүтээл дээр ажилласан байна.

-Шударга хөгжмийг ямар хөгжимтэй хослуулж тогловол илүү гоё зохиомжтой байдаг бол?

-Шударга хөгжмийг бүх төрлийн хөгжимтэй  хослуулж тоглох боломжтой . Тэр дундаа ардын дуу, хүрээ дуу бий биелэгтээ илүү гоё зохицдог. Шударга хөгжмийг ардын дуу, хүрээ дуу, бий биелгээгүй зүйрлэхгүй байхын аргагүй. Энэ хөгжим эдгээрийн дуу бүжгийн амь сүнс гэж хэлж болно.

-Таны хувьд шударга хөгжмийг хэр хөгжсөн гэж боддог бэ?

-Миний хувьд шударга хөгжим хөгжлийнхөө дээд цэгт явж байгаа гэж боддог.  Аливаа улс орны ижил төст хөгжмүүдээс манай улсад шударга хөгжим бусдаас илүү хөгжсөн. Аливаа улс орон хөгжих тусам, хөгжмийн урлаг дагаж хөгжиж байдаг. Шударга хөгжмөөс гадна ардын бүх хөгжим сайхан хөгжиж байгаа. Хөгжмийн хөгжил нь нийгмийн хурдаа дагаад хурдтай ахиж байдаг. Одоо ардын хөгжмийг хөгжүүлж буй Хөгжим бүжгийн сургууль болон СУИС-ын багш нар баярлаж талархаж явдаг.

-Ардын дууны оргил үе гэж байсан. Нэг хэсэг ардын дууг дуулах нь бага байсан. Одоо ардын дууг нэлээд дуулж сэргээж байна?

-Аливаа улс орны урлагт сэргэн мандалтын үе, уналтын үе гэж байдаг юм шиг байна лээ. Манай алтан үеийнхэн ардын урлагийг үнэхээр сэргээн мандуулж байсан. Урлагийн уналт тухайн орны хөгжилтэй холбоотой байх. Улс орон хөгжиж, залуу үе  гарч ирэхээр ардын өв соёл хойшоо суудаг юм шиг байна. Монголчууд дэлхийд ардын урлаг, өв соёл, спортоор гайхалдуулдаг. Одоо манай улс дэлхийд ардын урлагаар гайхуулж байна. Үүний нэг жишээ The HU хамтлаг. The HU хамтлаг ардын сайхан өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулж гарч ирсэн. Өв соёл гэдэг зүйл өөрөө гайхамшигтай зүйл.

Одоо буцаад язгуурлаг байдалдаа орж байгаа үе. Орчин үеийн урлагт нь программ техникийн хүчээр цохиод байхаар ядарч байгаа учраас хүн эргээд энгийн зүйлийг хүсэж байна. Иймээс ардын дуу уртын дуу залуучууд дуулдаг болсон байна. Ер нь бол манай ардын урлаг амьсгааны урлаг юм байна. Ардын дуу аян аргадаж, үг нь ухааруулдаг гэдэг шүү дээ.

-Та урлагийн гэр бүлд төрж өссөн. Аав ээж хоёр нь Завхан аймгийн театр ажилладаг байсан уу. Аав ээжийнхээ талаар яриач?

-Миний аавыг Л.Цэрэннадмид гэдэг хүн байсан. Маш их авьяастай хүн байсан. Улаанбаатар хотод цэрэгт ирээд цэргээсээ халагдаад Улсын ардын дуу бүжгийн чуулгат Сэвжид гуайн анхны 10 бүжигчний нэгэн байсан. Мөн циркт ажиллаж байсан. Бүжигчин төдийгүй найруулагч, зураач нэхдэг зурдаг, мужаан, анчин зэрэг ийм олон талын мэргэжилтэй авьяастай нарийн мэдрэмжтэй гайхалтай хүн байсан. Харин ээж минь шударга, ятга тоглохоос гадна маш сайхан дуулдаг байсан. Ганган дэгжин ,маш гоё үйл урлаж оёдог хүн байсан. Эцэг эхийнхээ нарийн мэдрэмжийн үр хүүхдүүд авдаг л юм байна. Ийм сайхан эцэг эхээс төрсөндөө баярлаж талархаж явдаг.

-Та эцэг эхээс хэдүүлээ бэ?

-Манайх их өнөр өтгөн айл. Охидууд олонтой, нэг эрэгтэй. Хүний ген гэдэг бол үнэхээр гайхалтай. Миний ганц ах маань Улаан-Үдийн сонсгодог гитарын ангийг сурч төгссөн. Сайхан гитарчин ахтайгаа хамтарч тоглохоо мэдэхгүй явуулсан даа. Бурхан болсны дараа их харамсаж байсан. Гэхдээ миний ах ая зохиогч хүн байсан учраас хэд хэдэн уран бүтээлтэй. Манай аав шүлэг зохиодог хүн байсан. Аавын бичсэн шүлэгт ах С.Ганхуяг дүү С.Нэргүй нар ая хийж үлдээсэн байгаа. Эцэг эхийн ген үр удамд дамжиж ирдэг л юм байна. Манайхаас 5 СТА, 3 спортын мастертай шүү.

 

-Ер нь шударга хөгжмийг ихэвчлэн үндэсний хувцастай тоглодог. Та үндэсний хувцсаар хэр гоёдог бэ?

-Хөгжимчид албаныхаа хувцсыг ихэвчлэн өмсдөг. Би өөрөө гоцлол номер гаргаж байгаа учраас өөрийн гэсэн хувцас хийлгэж байсан. Хөгжим хүн тодорхой хэмжээнд хувийн хувцас, хөгжимтэй байх ёстой. Өөрийн тоглосон уран бүтээлийнхээ клип хийлгэж байсан учраас өөрийн гэсэн хувцастай болох шаардлага ч бий болсон. Урлагийн хүн гадаад үзэмж дээр анхаарах хэрэгтэй байдаг. Ер нь урлаг цогц байх ёстой. Би тайз нь дээр цогц төгс зүйлийг үзүүлэх дуртай. Монгол хувцас бол үнэхээр гайхамшиг. Монгол хувцсыг иж бүрэн ёс жаягаар өмсөж байж төгс харагддаг.

-Таныг төгсгөж байсан үе, одоо үед  ялгаа байна уу?

-Бидний үед сургуулиа төгсөөд орон нутагтаа болон  мэргэжлийн салбартаа ажилладаг байсан. Одоо үед залуучууд урлагийн  чиглэлээр суралцуулах сонирхол буурсан байна. Энэ нь цалин мөнгө болон ажиллах газартай холбоотой байх. Миний үед  ардын хөгжмөөр олон хүүхэд, залуучууд суралцдаг байсан. Тухайлбал, шударга хөгжмийн ангид зургаан хүүхэд суралцаж байсан. Одоо нэг ангид олон хүүхэд суралцвал төгсөөд ажиллах газар байхгүй.. Мөн цалин бага байгаа. Ер нь бол урлагийг цомхотгох дэмий. Одоо хөгжимчин байхгүй аймаг байна. Улсын ардын дуу бүжгийн чуулгат 12 шанзчин ард сууж тоглодог байсан. Одоо бол 8, 6 болсон. Ингэж багасгаад байхаар тэр хөгжим гоё дуугарах уу гэдэг асуудал яригдана. Иймээс хөгжмийн урлагт анхаарах хэрэгтэй. Хөгжмөөр сурсан хүүхэд хамгийн хүмүүнлэг, ёс зүйтэй хүмүүжилтэй болдог гэдгийг дахин хэлмээр байна.  Монголчуудын хувьд хөгжмийн боловсрол хожуу бий болсон ч хөгжил нь хурдан байгаа гэж боддог.

-Ярилцсан танд баярлалаа.  

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ц.Чулуунцэцэг: Шударга хөгжим ардын дуу, хүрээ дуу,бий биелгээний амин сүнс нь юм  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй