Шууд Chart

“UB Chat” апплейкшны талаар хэлэлцлээ

2025-03-21 16:34:24

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцэв. Ингэхдээ Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай, БЗД-ийн 11-р хороонд байрлах зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай болон бусад асуудлыг Хороодын гишүүдийн олонхын саналаар дараагийн шатны хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.

Өнөөдрийн хурлын онцлох асуудал Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай байв. Энэхүү асуудлын хүрээнд UB CHAT апплейкшны талаар Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулсан юм. UB CHAT апплейкшн нь нийслэлийн бүхий л мэдээлэл, үйлчилгээг иргэд нэг дороос, онлайнаар авах боломжийг хангахад зориулагджээ. Ингэснээр иргэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд цаашдаа үйлчилгээтэй холбоотой бүхий л төлбөр тооцоог хийх боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлж байгаа аж. Харин НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ж.Энхжаргалан, Д.Жавхлан нар тухайн апплейкшны хөгжүүлэлт анхаарч, иргэдэд ямар нэг хүндрэл учруулахгүй, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх талаас хяналттай ажиллах талаар санал хэллээ. Уг асуудлыг дараагийн шатны хэлэлцүүлэгт илүү тодорхой мэдээлэлтэй болгож оруулах санал хэлж, гишүүд дэмжлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ч.Батзориг эрчим хүчний үр ашгийг яг хэдэн хувиар яаж дээшлүүлэх, ямар үр дүнд хүрэх талаар нарийн тодорхой судалгаа, мэдээлэл зэрэг нь тодорхойгүй байгаа талаар санал хэлж, шүүмжиллээ. Энэ асуудлыг дараагийн хуралдаанаар маш нарийн тусгахыг онцлов.

Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

  1. Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай
  2. Зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай /БЗД-ийн 11-р хороо/
  3. Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
  4. Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
  5. ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  6. Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай
  7. Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай
  8. Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

“UB Chat” апплейкшны талаар хэлэлцлээ  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй