Шууд Chart

"Дэрэн" хожиж, "Улаанбаатар" 8 оноо саллаа

2026-06-26 09:35:25

Үндэсний Дээд лигийн тэмцээний топ дөрвөн багийн хооронд болж буй нэмэлт тойргийн тоглолтууд тун сонирхолтой үргэлжилж байна. Багууд 2 тойрогт тус бүр 6 тоглолт хийх юм. Мөн хүснэгтийн сүүлийн 5 байрт бичигдэж байгаа багууд 1 тойрог өрсөлдөнө. 

 
"ДЭРЭН" ПЛЭЙОФФ ЭХЛЭЭД 2 ДАРААЛЖ ХОЖЛОО
 
Дээд лигийн хүснэгтийн 2, 3-р байрт бичигдэж байгаа “Централ Сталлионс”, “Дэрэн” багууд учраа тааран тоглолоо. Багуудын улирлын өмнөх 2 тоглолтод “Централ Сталлионс” дараалан хожоод байсан бол энэ удаад “Дэрэн” баг 2:0 харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр Дэрэнчүүд 2-р байрын багаас ердөө 3 оноо дутуу болж ойртож байна. Одоо тэдэнд дахиад байраа ахиулах боломжтой 4 тоглолт бий.
 
Эхний үеийн дунд хэсэгт Н.Анандын дамжуулалтаар Б.Өсөх-Ирээдүй тооны харьцааг нээсэн. Энэ нь түүний улирлын 14 дэх гоол нь байлаа. Ингэснээр Б.Өсөх-Ирээдүй нэг улиралд хамгийн олон оруулсан хувийн амжилтаа ахиулж байна. Тэрээр 2020/21 оны улирал 13 гоол оруулсан нь хувийн дээд үзүүлэлт нь байсан юм.
 
Тоглолтын 2-р үе эхлээд удалгүй М.Батхишигийн бэлдэж өгсөн дамжуулалтаар Ишикава Хиромаса багийнхаа тэргүүллийг бататгалаа. Үүний араас хаалгач Э.Ган-Эрдэнэ эсрэг багийнхаа торгуулийн цохилтыг хааснаар багийнхаа давууг бүрэн хадгалж үлдэж чадсан юм. Дэрэн баг ийнхүү 11 хожил 36 оноотой болсон бол “Централ Сталлионс” 39 оноотойгоор тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо.
 
 
"УЛААНБААТАР" 8 ОНОО САЛЛАА
 
Дээд лигийн 2 удаагийн аварга “Улаанбаатар” баг 3 дахь аваргын цомоо хүртэхийн төлөө тун хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсээр байна. Тэд гол өрсөлдөгч  “Централ Сталлионс”багийн бүдрэлийг ашиглаж, нэмэлт тойргийн хариуцлагатай шатыг 2 дараалсан хожлоор эхлүүллээ. Энэ удаад өнгөрсөн 2 улирлын мөнгөн медальт хүчтэй өрсөлдөгч “Хангарьд” багтай таарч, 3:0 харьцаатай хожлоо.
 
Эхний үед багууд 0:0 харьцаатай тэнцсэн бол 2-р үе эхлээд 7 минутын дараа Х.Цэнд-Аюушийн булангийн цохилтоос өгсөн дамжуулалтаар Д.Төрбат гоолын салхийг хагалсан. "Нийслэлчүүд" ийнхүү плэйоффын чухал шатны тоглолтууд эхлээд 2 тоглолт дараалан хөдөлгөөнгүй бөмбөгнөөс эхний гоолыг оруулж, бэлдсэн зүйл ихтэй байгаа гэдгээ дахин харууллаа. Үүнээс ердөө 1 минутын дараа “Улаанбаатар”-ын сөрөг довтолгоо амжилттай болж, А.Сүзүкигийн дамжуулалтаар Н.Сайнбуян багийнхаа 2 дахь гоолыг оруулсан юм.
 
Улмаар тоглолтын агуулга “Улаанбаатар” багийн талд бүрэн шилжиж, А.Сүзүки 3 дахь гоолыг оруулжээ. Тэрээр энэ улирлын өвлийн цонхоор багтаа нэгдэж, 10 тоглолтод 10 гоолд шууд оролцсон үзүүлэлттэй боллоо.
 
“Улаанбаатар” клуб ийнхүү ардаа бичигдэж байгаа багаасаа 8 оноо илүү болж, лигийн тэмцээнийг илүү итгэл төгс тэргүүлж эхэллээ.

 
 
"ХАНТЕРС" 5-Р БАЙРАА БАТАТГАЛАА
 
Дээд лигийн тэмцээний 5-р байрт бичигдэж буй “Хантерс” баг улирлын 18 дахь тоглолтоо “Ховдын Хүлэгүүд” багтай хийлээ. Энэ тоглолтын эхний үед “Хантерс” баг Мин Ки-Тэе мөргөж оруулсан гоолоор тэргүүлсэн юм. Улмаар хоёрдугаар хагас эхлээд “Хантерс” нэмж 5 гоол оруулахад Мин Ки-Тэе 3 гоолын дамжуулалт өгөхийн сацуу төгсгөлд торгуулийн цохилтоос нэмж нэг гоол оруулжээ. Энэ тоглолтод Э.Мөнгөнбагана, Б.Намсрайдорж, Ким Таемин, Р.Содномрагчаа нар тус бүр 1 гоол оруулсан байна.
 
БНСУ-ын тоглогч Мин Ки-Тэе нэмэлт тойргийн тоглолтууд эхлээд 2 тоглолтод 5 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн өндөр үзүүлэлт гаргаад байна. “Хантерс” баг ийнхүү улирлын 9 дэх хожил 31 дэх оноогоо авснаар доод хэсгийг тэргүүлэх нь тодорхой боллоо. Тэдэнд одоо “Хоромхон”, “Улаангом Сити” багуудтай хийх 2 тоглолт үлдэж байгаа бөгөөд 5-р байраа бататгаж байна.
 
 
"УЛААНГОМ СИТИ" ХҮСНЭГТИЙН БАЙР АХИЛАА
 
Дээд лигийн нэмэлт тойргийн шатны хүрээнд учраа таарсан “Хоромхон”, “Улаангом Сити” багуудын тоглолт энэ улирлын хоорондын 3 дахь учраа нь байлаа. Багууд 2-р тойрогт тоглоход “Улаангом” 5:2 харьцаатай хожиж, улирлын анхны хожлоо авч байсан билээ.
 
Тоглолтын өмнө “Улаангом Сити” баг “Хоромхон”-оос 2 оноо дутуу хүснэгтийн 9-р байрт буюу унах бүсэд бичигдэж байсан учраас энэ тоглолтын хожил маш чухал байсан. Улмаар энэхүү хариуцлагатай чухал тоглолтод "Улаангом" баг 4:2-р харьцаатай хожил авснаар 7 оноотой болж хүснэгтийн 8-р байрт дэвшлээ.

“Хоромхон” эхний үед 2:1 харьцаатай тэргүүлсэн бол 2-р үед “Улаангом Сити” багаас 3 гоол оруулж хожлоо. Энэ үед багийн довтлогч Э.Очирваань 3:2 болгож тэргүүлэл авчирсан чухал гоолыг оруулснаас гадна багийнхаа тэргүүллийг бататгасан 4 дэх гоолыг мөн хийсэн юм. “Улаангом”-ын мэргэн бууч Э.Очирваань энэ улирал нийт 9 гоол оруулсан амжилттай боллоо.
 

"Дэрэн" хожиж, "Улаанбаатар" 8 оноо саллаа  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 7 минутын өмнө
Horomhon gg

Бидэнтэй нэгдээрэй