Шууд Chart

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

2026-07-04 17:15:52

-Нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор түлшний татаас, импортын хагас кокст жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөг дотооддоо үлдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Багануур дүүрэгт /2026-07-04/ ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээнд зориулж өнгөрсөн өвөл БНХАУ-аас 280 мянган тонн хагас кокс түлш авсан бол, Тавантолгой түлш компани 180 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангасан.

134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс түлш үйлдвэрлэн нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэнэ. 

Нүүрс-пиролизын үйлдвэр нь нүүрсийг дулааны аргаар жигнэж боловсруулж хорт болон дэгдэмхий бодисыг ялгаж хагас кокс түлш болон нүүрс-химийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид суурилжээ. 

Төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдлыг 50-60 хувиар, тухайлбал, нийт тоосонцрын хэмжээг 44 хувь, хүхэрлэг хийг 73 хувь, угаарын хийг 77 хувь, азотын давхар ислийг 33 хувиар бууруулах боломжтойг туршилтын үр дүн харуулжээ.

Үйлдвэрлэлээс ялгарсан пиролизын хийгээр 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор сайжруулсан түлшний татаас болон импортын хагас кокст жил бүр зарцуулдаг улсын төсвийн зардлыг 200 гаруй тэрбум төгрөгөөр бууруулна. 

Ерөнхий сайд Н.Учрал “Энэхүү төсөл бол нэг үйлдвэр байгуулах төдий ажил бус, Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, эрдэс баялгийг гүн боловсруулан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс суурийг тавьж буй стратегийн бүтээн байгуулалт болно гэдгийг онцоллоо.

Цаашид нүүрснээс гаргаж авах хийн болон шингэрүүлсэн түлшний үйлдвэрлэлийн суурийг тавьж байгаагаараа энэ төсөл ач холбогдолтой.

Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, 2026 оны гуравдугаар улиралд гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтыг 2028 оны нэгдүгээр улиралд бүрэн дуусгаж, мөн оны хоёрдугаар улирлаас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

 


Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй