Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулж, батлуулахад хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачид, зөвлөхүүдэд талархал илэрхийллээ

2026-07-03 19:08:45

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах үйл хэрэгт мэргэжлийн мэдлэг, судалгаа, туршлагаараа үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд болон зөвлөхүүдэд талархал илэрхийлж, батламж гардууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчин, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх хөгжлийн томоохон сорилт болж буй энэ цаг үед тусгайлсан эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь бодлогын чухал алхам болсныг онцлоод тус хуулийг боловсруулахад мэдлэг, туршлага, цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулсан нийт эрдэмтэн, судлаач, зөвлөх, мэргэжилтнүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн байгаль орчны салбарын асуудал биш. Энэ бол эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, хот байгуулалт, дэд бүтэц, иргэдийн амьдралын чанартай шууд холбоотой хөгжлийн асуудал юм. Монгол Улс энэ сорилтыг даван туулахын тулд шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны, тогтвортой бодлого хэрэгжүүлэх ёстой гэлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, өөрчлөгдөж буй уур амьсгалын нөхцөлд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох эрх зүйн суурийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир аливаа томоохон бодлого, хууль тогтоомжийн ард олон жилийн судалгаа, тооцоо, эрдэм шинжилгээний ажил, мэргэжлийн хүмүүсийн хамтын хүчин чармайлт байдгийг тэмдэглэлээ.

Хуулийг боловсруулах үйл явцад үндэсний эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын зөвлөх, шинжээчдийн санал, зөвлөмжийг тусган, олон талын оролцоог ханган ажилласан юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний бодлого, зорилтоо хэрэгжүүлэх нэгдсэн эрх зүйн тогтолцоотой болж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх, ногоон хөгжлийн шилжилтийг эрчимжүүлэх шинэ боломж бүрдэж байна. 


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулж, батлуулахад хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачид, зөвлөхүүдэд талархал илэрхийллээ  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй