
Хөгжим судлаач докторант, Монгол Улсын соёлын элч МУСТА Б.Өлзийбуянг “Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.
-Цохивор хөгжимчдийн анхны уралдааныг зохион байгуулсан. Энэ талаар яриагаа эхэлье?
-Монгол Улсын гавьяат багш дэд профессор Б.Зоригтын нэрэмжит Цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг Аядуу ТББ, Монгол улсын консерватортой хамтран 2025 оны гуравдугаар сарын 10-14-ны хооронд амжилттай зохион байгуулагдсан. Нийтдээ мэдүүлгээ ирүүлсэн 33 оролцогч байсан. Эдгээр оролцогчдоос 29 оролцсон. Уралдааныг A B C гэсэн гурван ангиллаар явагдаж, шилдгүүдээ тодруулсан байгаа.
-Анх удаа зохион байгуулагдсан тэмцээн ямар онцлогтой болов?
-Энэ тэмцээн олон онцлог зүйлтэй болсон. Эхний онцлог гэвэл Тэмцээний шүүгчид ихэвчлэн гадаадаас ирсэн бөгөөд, шүүгчдийн ахлагчаар Тайваны цохивор хөгжимчин, Бостоны их сургуулийн Маримба хегжмийн багш, PhD. Вейчен Линн, АНУ-ын цохивор хөгжмийн багш, PhD. Линн Вартан, Мексикийн алдарт зохиолч цохивор хөгжимчин Хавьер Нандаяапа , Монгол Улсаас цохивор хөгжимчин UB Drums продакшны үүсгэн байгуулагч, СТА Б.Ганхөлөг болон миний бие нийт 5 шүүгч ажилласан.
Хоёр дахь онцлог гэвэл шүүгчид маань Улсын Филармоний симфони найрал хөгжимтэй хамтран олон улсын шилдэг цохивор хөгжимчдийн тоглолт, монгол улсын консерватор дээр энэ сарын 14ний өглөө ҮЦХТэнхимдээ шүүгчид нэг бүрчлэн цохиурыг барилд хэрхэн эзэмших , стиль, хүчдэл, зэмсгийн онцлогт хандах байдал зэрэг талаар шүүгч нэг бүрээс зөвлөмж, Мексик маримбын онцлогийн талаар илтгэл, мөн Грек- Шинэ Зеланд хөгжмийн зохиолч Жон -Сатас, Тайваны Чиа-Игийн сургуулийн 2 багш 7 сурагчид уригдсан.
Хүүхдүүд насны ангиллаар А В С гэж оролцсон. Ерөнхийдөө насны хувьд 12-24 насны хооронд оролцсон. Хүүхдүүдийн ур чадвар ч сайжирсан байна. Уралдаанд оролцогчид өөрсдийгөө олон талаас нь харуулсан сайхан уралдаан болсон.
-Насны ангиллаар байр эзлүүлсэн үү?
-Гурван ангиллаар явагдсан учраас насны ангиллаар байр эзлүүлсэн. Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн цэргийн хөгжмийн политехник коллежийн цохивор хөгжимчид уралдааны болзлыг хангаж оролцсон. Цаашид сурах ирээдүйтэй оюутнууд оролцсонд маш баяртай байгаа.
А ангиллын тэргүүн байрыг Монгол Улсын Консерваторын хоёр дугаар курсийн оюутан Б.Марал эзэлсэн. Дэд байрын Монгол Улсын Коинсерваторын оюутан Үндэсний урлагийн их театр цохивор хөгжимчнөөр ажилладаг С.Гүен орсон. Харин гутгаар байрыг Монгол Улсын Консерватор оюутан Н.Азтүшиг, тусгай байрыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжимчин Т.Хастөр эзэлсэн.
В ангиллын тэргүүний байрыг Монгол Улсын Консерваторын 11-р ангийн сурагч Э.Мөнх-Оргил, дэд байрыг Монгол Улсын Консерваторын оюутан Б.Тэмүүлэн, гутгаар байрыг Монгол Улсын Консерваторын 12 дугаар ангийн Х.Танхилуун, тусгай байрыг Монгол Улсын Консерваторын 12 дугаар ангийн сурагч Б.Ихмөрөн эзэлсэн байгаа. С ангилал буюу хамгийн бага насны ангилалд тэргүүн байрт Д.Жавхлантөгс дэд байрт Б.Алтантуул гутгаар байрт Б.Билгүүн-Эрдэнэ нар оролцсон байгаа. Шүүгчдийн нэрэмжит шагналаар Монгол Улсын Консерваторын нэгдүгээр курсийн оюутан С.Алтангэрэл нар тус тус шалгарлаа.
-Манайд цохивор хөгжимчин бэлтгэдэг сургууль хэчнээн байгаа вэ. Бусад хөгжмийг бодвол цохивор хөгжмийг сонирхож суралцдаг хүүхдүүд цөөхөн үү?
-Манай улсад цохивор хөгжим бэлтгэдэг сургууль гэвэл Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторт зургаадугаар ангийн хүүхдийг элсэлтээр авдаг. Мөн Соёл Урлагийн их сургуульд цохивор хөгжмийн анги байгаа.
Цохивор хөгжил дэлхийн сонгогдог хөгжим учраас олон төрөлтэй. Зөвхөн симфони найрал хөгжим, үндэсний найрал хөгжим ашиглагдаж байгаа хөгжим 50 гаруй төрлийн хөгжим байна. Дэлхийн жишгээр харах юм бол 300 гаруй төрөл байгаа. Монгол Улсад 1963 оноос мэргэжлийн танхимын сургалтыг бий болгосон. Танхимын сургалт бий болсноос хойш улсын хэмжээнд уралдаан зохион байгуулах хэмжээнд хүрсэн байгаа.
Намайг суралцаж байхад үед хөгжмийн зэмсэг нь баялаг биш байсан. Улсаас өгсөн квотдоо тааруулж сурагчдадаа элсэлтээр авч байгаа. Одоо ч гэсэн тийм байгаа. Нэг сайн тал нь 2008 оноос эхлээд Монгол Улсын Консерваторын МУ-ын гавьяат багш Б.Зоригт багш найруулга тоглолтыг тасралтгүй хийж байгаа. Жил бүр тоглолт хийж байгаа учраас энэ хөгжмийг сурталчилж таниулж байгаа учраас хүүхдүүд маш их сонирхдог болсон. Бид цаашид юуг анхаарах вэ гэхээр хөгжим тоглож мэргэжилтэн болохоос илүүтэй сонирхогчдыг бэлтгэх шаардлагатай. Нэг жилийн элсэлтэд 2-3 хүүхэд авдаг. Үүнийг одоо 10-аас дээш болох хэрэгтэй. Элсэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх чухал юм.

-Та хэзээнээс энэ хөгжмийг тоглож эхэлсэн бэ?
-Би Ховд аймагт төрж өссөн. Ховд аймгийн 10 жилийн гуравдугаар сургуульд 1-4 анги хүртэл суралцсан. Нэг өдөр хичээлдээ сууж байтал манай ангийн гурван хүүхдийг дуудсан. Отгонхоролоо, Өлзийбаяр Өлзийбуян нар гараад ир гэсэн. Бид гурав очиход хоёр гурван хүн суучхаад тогшуулж хэмнэл авч дуулуулж чад шалгасан. Маргааш ахиад ирээрэй ирсэн. Ахиад очиж шалгуулсан. Төгсгөлийн шатны шалгаруулалт театр дээр болсон. Тухайн үед сонгодог хөгжмийн талаар ямар ойлголтгүй байсан. Тухайн үед 10 гаруй хүүхдэд тэнцэж шалгаруулж авч байсан. Одоо бодоход багш нар маань орон нутгаар явж элсэлт авч байхад таарсан азтай гэж боддог. Биднийг шалгаж авсан багш бол Монгол Улсын Консерваторын МУ-ын гавьяат багш Г.Ширчинбаатар багш. Г.Ширчинбаатар багш цохивор хөгжмийн мандатыг өгсөн. Тухайн үед ямар мэргэжлээр орсноо ч мэдэхүй орж байсан. 1994 онд мандатаа аваад Улаанбаатар хотод ирж байсан. Ингэж цохивор хөгжимтэй холбогдсон доо. Г.Ширчинбаатар багш хааяа ярихдаа “Би айдаг Монгол Улсын ерөнхийлөгч, сайд болох хүүхдүүдийг хөгжим тогло гээд хашчихсан байдаг юм биш байгаа. Хүүхдүүдээ хөгжмөө тоглохгүй өөр ажил хийгээд явахаар сэтгэл өвддөг гэж” ярьдаг. 60 жил гаран Монгол орны өнцөг булан бүрээс элсэлт хийж монголын мэргэжлийн урлагийн байгууллагад уран бүтээлчид бэлдэж байгаа бидэндээ ардын багш даа Г.Ширчинбаатар багш. Үлээвэр цохивор хөгжим их хэцүү. Хүний шүд, ам, гар гээд бие эрхтний тогтолцоо маш сайн харж мандат олгодог байсан.
Миний хувьд Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын Консерваторын 2002 онд МУГБ. Б. Зоригт багш дээрээ төгссөн. Үүний дараа СУИС-д мөн багш дээрээ суралцаж төгсөөд 2008онд БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуульд цохивор хөгжимчнөөр магистр төгссөн. Одоо докторт суралцаж байна. Цохивор хөгжмийн онцлог нь бусад мэргэжил хүн бүр нэг л хөгжмийг тухайн хөгжимийн техникээр тоглодог бол цохивор хөгжимчид Монгол Улсад ашиглаж байгаа 50 төрлийн хөгжмийг 50-н өөр янзаар хөгжим тус бүр өөр өөр арга техниктэй. Дөрвөн цохиур зургаан цохиур гээд байдаг учраас тоглоочоос маш ур чадвар тэвчээр , тууштай байдал шаарддаг. Мөн дэлхийн аль ч оронд очсон цохивор хөгжмийн зэмсэг байж байдаг. Энэ хөгжмийг сайн тоглож сурчихвал аль оронд очоод тоглох боломжтой. Зөвхөн хөгжмийнхөө цохиурыг аваад явахад болдог.
-Та одоо ямар нэгэн театрт харьяалагдаг уу?
-Одоо ажиллахгүй байгаа шаардлагатай тохиолдолд хамтран ажиллаж байна. Өмнө нь Монгол Улсын филармони симфони найрал хөгжим, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театрын монгол төрийн үндэсний найрал хөгжим, мөн мэргэжлийн урлагийн байгуулгуудын дийлэнхитэй нь хамтран ажиллаж байсан. Одоо бол БНСУ-д докторын зэрэг хамгаалах ажилдаа анхаарч байна. Мөн Монгол улсын соёлын элч гэдэг ажил хийж байгаа. Ерөнхийдөө Солонгос улсад сураад ажиллаж байгаа.
-Таны хувьд санаандгүй байж байгаад цохивор хөгжмөөр суралцсан гэж байна. Хүүхэд байхдаа ямар мөрөөдөлтэй байв?
-Би багадаа эмч болох мөрөөдөлтэй байсан. Чагнуураа зүүчихсэн цагаан халаадтай эмч их гоё харагддаг байсан. Эмч болох юм сан гэж боддог байсан.. Мөн нягтлан бодогч болох сонирхолтой байсан. Нягтлан бодогч болсон. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодох бүртгэлийн бизнесийн удирдлагаар бакалаврын зэргээ хамгаалж чадсан.

-Цохивор хөгжимчин бусад хөгжмийг бодвол олон хүний бүрэлдэхүүнд орж тоглодог учраас онцгойрох ховор уу?
-Тийм ээ. Цохивор хөгжим зөвхөн оркестртой тоглож байгаа ч гоцлол хөгжимчид. Иймээс залуу хөгжимчдийг ирээдүйн гоцлол хөгжимчдийг гаргаж таниулах зорилготойгоор уралдааныг зохион байгуулсан. Хөгжимчин хүмүүс хамгийн хөдөлмөрч хүмүүс. Учир нь аливаа зүйлийг үгээр илэрхийлэхгүй. Ярьж жүжигчилж хийхгүй. Бүх зүйлийг оюун ухаандаа боловсруулж байж өнгө эгшиг хөгжим болгож гаргаж ирж байгаа. Нийтээр ойлгоно гэдэг хэцүү. Эхлээд мэргэжилтнүүд сайн ойлгох хэрэгтэй. Манай хөгжимчид бүх зүйлийг хийдэг. Дуурь, балет, ардын бүжгийн ард хөгжимдөөд сууж байдаг. Дуучдын ард гэсэн хөгжимдөж байдаг. Дараа өөрсдийнхөө бүтээл дээр суудаг. Гэвч өнөөдөр үнэлэмж байхгүй байна. Хамгийн том сэхээтнүүд бол хөгжимчид хүн болгон хүлээн зөвшөөрөх байх. Олон жил ажиллаж байгаа хөгжимчдөд шагнал урамшуулал дээр нь улсаас жаахан ч гэсэн анхаарч харж үзээсэй гэж боддог. Мэргэжил эзэмшээд мэргэжлээр сайхан амьдардаг боломжийг бий болгож өгөх бодлого хэрэгтэй байна.
-Театр харьяалагдаж ажиллаж байгаа хөгжимчдийн цалин мөнгө хэд байдаг вэ. Нууц биш бол. Та театр ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн цалин авч байв?
- Намайг байхад 500 мянга гаруй байсан. Одоо ямар байгааг мэдэхгүй байна. Урлаг хатуу тэр дундаа хөгжмийн урлаг бүр хатуу. Монгол Улсад ажиллаж байгаа хөгжимчдийг би баатрууд гэж хэлнэ.
-Та өөрөө хэр удаан ажилласан вэ. Хөгжмийн урлагт дэвшилт хэр гарч байгаа бэ?
-1998 оноос ажиллаж эхэлсэн. Одоо хүртэл энэ урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах гээд суралцаад явж байна.Уран бүтээлчдийн чадвар чадамж өндөр түвшинд хүрч байгаа. Одоо олон улсын жишигт хүрэх тал руу илүү их алхам хийх ёстой.
-Монгол хөгжмийн урлаг юу хамгийн их дутагдаж байна?
-Тоглолт хийгээд мөнгө олохдоо гол биш. Бид ирээдүйн хөгжимчид бэлтгэхдээ театр чуулгаа музейг үнэгүй байлгах хэрэгтэй. Олон удаа үзэж байж хүүхэд урлагийн ойлгож цаашаа суралцах нөхцөл бүрдэнэ. Манай хөгжимчид үнэхээр чадварлаг. Өнөөдөр чадвартай хүмүүсийнхээ цалин хөлсийг сайжруулах хэрэгтэй. Цалин бага учир Монгол Улсад хөгжимчин хийх хүн байхгүй байна. Өнөөдөр бүх театр чуулгад сургууль төгссөн хүнийг ажилд орохгүй байна. Хөгжимчин шаардлагатай байгаа учраас оюутнуудыг ажиллуулж байна. Хөгжмийн урлаг нарийн мэргэжил хамгийн багадаа найман жил суралцаж байж төгсдөг. Ерөнхийдөө 16 жил суралцаж байж гоцлол хөгжим болдог. Ийм удаан хугацаагаар суралцдаг. Өнөөдөр 40 гаруй жил ажилласан багш 30 орчим шавьтай байгаа. Хөгжмийн урлагт нэг хүнтэй 16 жил зууралдаж байж мэргэжлийн боллоо гэж үздэг. Ийм учраас энгийн сургуулийн хэд хэдэн мянгаараа гаргадаг мэргэжил биш учир зөв бодлогоор тасралтгүй мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай.
Орон нутагт үндэсний болон симфони найрал хөгжим, бүжиг,дуу мөн адил уран бүтээлчдийг бий болгомоор байна. Төвийхөн бол болж байна. Орон нутгийхан маань бас Улаанбаатарт байгаа шиг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын уран бүтээлчдийг өргөн бүрэлдэхүүнтэй болгох шаардлагатай. Аль 60 онд байгаа соёлын ордон нэртэй 10 хуруунд хүрэхгүй хөгжимчин, дуучин, бүжигчин, жүжигчинтэй орон нутгийн театууд л байна. Тэгш хүртээмжтэй соёл урлагийн бодлого хийж байж Монгол Улсын хэмжээнд урлаг соёлын түгээн дэлгэрүүлэх боломж бий болно. Бид 1960 онд гадаадаас мэргэжилтэн урьж уран бүтээлчидээ бэлтгэж байсан бол одоо бид дотооддоо дэлхийн хэмжээний мэргэжилтэн бэлтгэх бүрэн бааз суурь нь байна.
-Таныг хөгжмийн сургуульд тэнцээд явж байхад аав ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай ээж хөгжимчин хүн байсан. Намайг элсэлт өгөөд тэнцээд явж байхад ээж мэдээгүй. Тэмцсэний дараа мэдсэн. Хот руу сургуульд явж байхад аав ээж том эгч бага дүүтэйгээ хамт явж, намайг Хөгжим бүжгийн сургуулийн байранд хүргэж өгч байсан.
-Танай ээж ямар хөгжим тоглодог байсан бэ?
-Манай ээжийг Жанчивийн Ичинхорлоо гэдэг. Ховд аймгийн Хөгжимт драмын театрт Морин хийл тоглодог байсан. Энэ театртаа 33 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Одоо Улаанбаатар хотод суурьшиж байгаа. Аав ,ээж хоёр маань намайг хөгжимчин болох ёстой гэж хэлж байгаагүй. Хүүхдүүдийн сонирхлын дагуу мэргэжил сонголтыг хийлгэдэг байсан гэж боддог. Жоохон байхад ээж орой болгон тоглолтод явдаг байсан. Манайхан олууллаа болохоор би дагаж явна гээд булаацалдаад бөөн юм болдог байсан. Аав хэн ч дагаж явахгүй гээд хязгаарлалт хийчихдэг. Би сэмээрхэн гараад орцныхоо хаалганы хойно зогсож байгаад ээжийгээ гараад ирэхээр араас нь дагаад хамт явчихдаг байсан.
-Найз нөхдийн нөхөрлөлийг юу гэж боддог бэ?
-Найз нөхөд нэгэндээ дандаа итгэл урам өгч байдаг. Ямар ч зүйл дээр найзуудтайгаа ойр байдаг. Найз нөхдийнхөө итгэлийг алдахгүй байх юм сан гэж боддог. Хамгийн чухал зүйл хүний итгэлийг дааж явах юмсэн гэж боддог.
-Танай ээж бол хөгжимчин хүн байсан гэж байна. Харин аав тань ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан бэ?
-Аав маань гавьяат тээвэрчин Дэлэгнямийн Батдэлгэр гэдэг хүн байдаг. Насаараа тээврийн жолооч хийсэн. Манай аав их гоё дуулдаг. Урлагийг маш сайн ойлгодог хүн учраас намайг хөгжимчин болоход татгалзаж байгаагүй. Би байнга тоглолттой гээд их завгүй байдаг байсан. Тэр үед аав надад нэг удаа чи нярав нягтлан болбол зүгээр дээ хэлж байсан. Тухайн үед нэг их тоохгүй сонсоод өнгөрсөн. Нэг удаа Хөгжим бүжгийн сургуулиас гараад Багшийн дээдээс чигээрээ урагшаа Дуурийн театр руу алхаж явтал нягтлан бодогчийн ангид элсэлт авна гэж байхаар орж орж бүртгүүлээд шалгалт өгч тэнцээд нягтлан бодогчоор сурсан.
-Та аав ээжээс хэдүүлээ бэ?
-Манайх өнөр өтгөн айл шүү дээ. Эхээсээ наймуулаа. Зургаа эмэгтэй, хоёр эрэгтэй. Наймуулаа өөр өөр мэргэжлээр суралцсан. Дүү бид хоёр урлагийн мэргэжилтэй. Манай дүү хөгжмийн багш мэргэжилтэй. Манай аав ээж хоёр хүүхдүүдээ маш энхрий эрүүл саруул өсгөсөн. Бүх хүүхдээ их дээд сургууль төгсгөсөн. Бидэн нар ямар гацагдалгүй өссөн дөө. Олууллаа өсөх гоё шүү дээ. Сургуулиа төгсчхөөд монголдоо байна даа.
-Та айлын хэд дэх хүүхэд нь бэ?
-Би айлын дөрөв дэх хүүхэд. Доороо дөрвөн дүүтэй. Намайг дөрвөн дүүтэй гэхээр хүмүүс итгэдэггүй. Бид нар их танхил өссөн. Манайхныг хүмүүс асуухдаа дандаа айлын байга юу гэж асуудаг гэсэн. Намайг бас ихэнх хүмүүс айлын бага юу гэж асуудаг.
- Улаанбаатар хотод сурахаар ирэхэд хэцүү байсан уу?

-Хэцүү байсан. Оюутны байранд байсан болохоор их өлсдөг байсан. Тавдугаар ангийн хүүхэд байсан учраас мэргэжлээ ойлгохгүй. Долоодугаар анги хүртэл нэлээд чанга байсан шүү /Инээв/. Хичээлийн амралт болгоноор гэртээ очдог байсан. Наймдугаар ангид ороод ажил дээр гараад гайгүй болсон доо.
-Багаасаа хөгжмийн сургуульд суралцсан хүний хувьд хүүхэд насны сонирхолтой дурсамж ихтэй биз?
-Надад найз нартаа тоглож наадсан дурсамж бага байдаг. 1-4 дүгээр анги хүртлээ нэлээд тоглож наадаж байсан. Ховд аймгийн 52, 62, 72 дугаар байрны хүүхдүүд хоорондоо их тоглодог байсан. Харин хөгжим бүжгийн сургуульд ороод бүх зүйл хаагдсан. Бөмбөг тоглож болохгүй, гурил зуурч болохгүй гээд бүх зүйлийг хорьдог байсан. Манайх олууллаа болохоор надаар юм хийлгэдэггүй байсан. Би ч гэртээ тахисан бурхан шиг байдаг байсан. /Инээв/ Бусад хүүхдүүдтэй харьцуулахад хүүхэд насны дурсамж нэг их байхгүй. Хөгжимдөө анхаарлаа хандуулдаг байсан даа.
-Гар нь дээр хамгийн их анхаардаг байсан уу?
-Хөгжимчин хүний хамгийн чухал зүйл гар байдаг. Бөмбөг барьж үзээгүй. Спортын аль дээр ямар ч ойлголт байхгүй.
-Элчийн ажил хийдэг гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
-Монгол улсын соёлын элч гэдэг гэгээлэг, хариуцлагатай ажлыг хийж байгаа . Энэ албанд 2023 онд томилогдсон. Томилогдсон хугацаанаас хойш ажиллаад явж байна. Монголынхоо соёл урлагийг таниулах сурталчлах үүрэгтэй. Өөрийнхөө хийж чадах бүх зүйл дээр анхаарч ажилладаг.
-Ойрын зорилго?
-Одоо хамгийн чухал зорилго нь докторын цолоо хамгаалах байна даа.
-Ер нь монголдоо ирж очно байдаг уу. Эсвэл сая тэмцээн шүүхээр ирсэн үү?
-Соёлын элчийн ажлын хувиар ирж очин байдаг. Сая Б.Зоригт багшийн уралдааны шүүгчээр ирсэн. Мөн хоёр том ажлыг амжуулахаар ирсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд Солонгосын ЧиХэ хотод цэргийн хөгжмийн наадам болно. Энэ наадам өмнө болж байсан. Ковидоос хойш завсарлаад байсан. Энэ жилээс монгол орноос дахин урьж байгаа. Энэ наадам манай Зэвсэг хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 54 хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа. Наадмын өмнө ирж гэрээ хэлэлцээрээ хийсэн. Гэрээ хэлэлцээр хийгдсэн учраас 2025 оны дөрөвдүгээр сарын 2-7-ны хооронд наадамдаа оролцохоор бэлтгэлээ хангаж байна.2025 он Монгол-Солонгосын диполамт харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа. Он хүрээнд олон ажил хийгдэж байгаа. . Мөн дөрөвдүгээр сарын 15-нд Солонгосын ABC корпорацтай УДБЭТ -н хамтын ажиллагаанд санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ДБЭТ-н хэсэг уран бүтээлчид БНСУ-д суугаа ЭСЯ, Сөүл хотын захиргааны дэмжлэгтэйгээр сонгодог үдэш тоглолтыг Сэжун хааны 3500 хүний тоглолтын танхимд тоглолт болох бөгөөд ДБЭТ-ын уран бүтээлчид оролцох гэж байна. Харилцан 6 сарын 8,9нд Чио Чио Сан дуурьт солонгосын уран бүтээлчид хамтран ажиллана. Үүний нэгэн сонгодог үдшийн тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
-Гадаад амьдарч байгаад эх орондоо ирэх ямар байна?
-Миний Эх орон учраас сайхан байна. Монголд байгаад амьдарч байгаа хүмүүсийг харахаар үнэхээр бахархаж байна. Яаж ийм зүйлд тэвчиж амьдарч чадаж байна. Үнийн хэт хөөрөгдөлтэй. Түгжрэлээс илүүтэй үнийн хөөргөдөл аймар байна. Үнийн төөрөгдөл дээр төр засаг сайн анхаараасай. Хүний амьдралын чанартай холбоотой эрүүл монгол хүмүүстэй орон байхад маш сайн анхаарах хэрэгтэй. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн их байна.
-Ярилцсанд баярлалаа
Б.Өлзийбуян: Манай хөгжимчид бүх зүйлийг хийдэг хэрнээ өнөөдөр үнэлэмж байхгүй байна | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.