Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн талаар олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа энэ цаг үед цөлжилт, уур амьсгалын бодлого, санаачилгыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангах, үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах чадавхтай, иргэдтэй шууд хамтран ажилладаг байгууллагуудтай түншлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Энэ хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг угтан “Цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” сэдэвт үндэсний түншлэлийг бэхжүүлэх дугуй ширээний уулзалтыг өнөөдөр /2026.05.11/ БОУАӨЯ болон Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгууллаа.
Уулзалтыг салбарын сайд Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгож байна.
Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэн баталж, 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах зорилт тавьсан нь манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо илүү хариуцлагатай түвшинд гаргаж байгаагийн илэрхийлэл юм.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. Энэ бол зөвхөн олон улсын хурал зохион байгуулах үүрэг биш, харин Монгол Улсын манлайллыг дэлхийд харуулах түүхэн боломж юм” гэдгийг тодотголоо.
Энэхүү хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгээс цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг”-ийг байгууллаа.
| БОУАӨЯ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.