Шууд Chart

Оюутолгойн өгөөж буюу Монголын эрх ашиг хэлэлцээний гол сэдэв болж байна...

2026-05-07 22:28:43

Оюутолгойн асуудал Монголын эдийн засаг, улс төрийн анхаарлын төвөөс холдож байсан удаагүй. Энэ удаад ч мөн адил. Гэхдээ энэ удаагийн хэлэлцээний эргэн тойронд зөвхөн Монголын дотоод маргаан бус, олон улсын хөрөнгийн зах зээлийн хариу үйлдэл давхар ажиглагдав.

Монголын Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн гэрээний нөхцөл, төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийн талаар дахин хэлэлцээ хийх байр сууриа илэрхийлэх үеэр тус компанийн хувьцааны ханш савласан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан юм.

Хувьцаа эзэмшигчид, трейдерүүдийн форум, хөрөнгө оруулагчдын харилцааны бүлгүүдэд энэ талаар хоёр өөр хандлага ажиглагджээ. Нэг хэсэг нь Монголын талын шахалт “Рио Тинто”-гийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзсэн бол нөгөө хэсэг нь үүнийг түр зуурын улс төрийн хэлбэлзэл гэж тайлбарласан байна.

Эхний байр суурь баримтлагчдын хувьд Оюутолгойн гэрээ дахин хөндөгдөх нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэрээний нөхцөл өөрчлөгдөх, татвар, төлбөр нэмэгдэх, эсвэл төслийн үйл ажиллагаанд улс төрийн дарамт үүсэх эрсдэл зах зээлд мэдрэгдсэн гэж тэд үзэж байв.

Харин нөгөө талынхан Оюутолгой бол дэлхийн хэмжээний зэс, алтны томоохон орд тул урт хугацаандаа “Рио Тинто”-гийн үнэ цэнийг хадгална гэж харжээ. Тэдний хувьд Монголын Засгийн газрын хатуу байр суурь нь хэлэлцээний нэг тактик бөгөөд хувьцааны богино хугацааны уналт нь зарим хөрөнгө оруулагчдад эсрэгээрээ худалдан авах боломж болж харагдсан байна.

Reuters агентлагийн мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй уулзахдаа Оюутолгойн одоогийн хэлцэл шударга бус байна гэдгийг илэрхийлж, Монголын ард түмэн болон парламент “хууртагдсан мэт мэдрэмж” байгааг онцолсон байдаг.

Түүний хэлсэн үг хэлэлцээний өнгө аясыг илтгэж байв. Ажлын түвшинд бодит үр дүн гарахгүй бол Оюутолгой болон холбогдох ордуудын талаар цаашид ямар шийдэл гарахыг урьдчилан хэлэхэд хэцүү гэдгийг тэрбээр сануулсан. Энэ нь Монголын тал хэлэлцээний ширээнд өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай орж байгааг харуулсан дохио байлаа.

Монголын тавьж буй шаардлагын гол агуулга нь төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, Монголын ард түмэнд ногдох өгөөжийг 60 хувиас доошгүй болгох, ногдол ашгийг ойрын хугацаанд эхлүүлэх, урьдчилгаа ногдол ашиг авах, зээлийн хүүг 5-6 хувь болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж хоёр дахин багасгах зэрэг асуудлыг хөндөж байгаа юм.

Эдгээр шаардлага бол олон жилийн турш яригдсан Оюутолгойн маргааны гол цөм. Уурхай ажиллаж, экспорт үргэлжилж, дэлхийн зах зээлд Монголын зэс гарч байгаа ч Монгол Улсад бодитоор ногдох өгөөж хангалттай юу гэсэн асуулт нийгэмд байсаар ирсэн.

Гэвч нэг асуудал бий. Дотооддоо шударга өгөөжийн шаардлага гэж харагдах зүйл гадаад зах зээл дээр улс төрийн эрсдэл болон уншигддаг. Хөрөнгө оруулагчид гэрээ тогтвортой байх уу, татварын орчин өөрчлөгдөх үү, төрийн байр суурь солигдох бүрт стратегийн төсөл дахин маргааны төвд орох уу гэдгийг анхааралтай ажигладаг.

Ийм үед Монголын дотоод улс төрийн тогтворгүй байдал энэ асуудлыг улам эмзэг болгосон. Тухайн үед Ардчилсан нам бойкот хийж, төрийн ажил гацсан. Эрх баригч намын зарим гишүүд ч хуралдаа оролцохгүй, парламентын ирц бүрдэхгүй нөхцөл үүссэн. Улмаар Ерөнхий сайд огцорч, улс төрийн бойкот намжсан.

Энэ үйл явдал Оюутолгойн хэлэлцээтэй шууд холбоотой гэж дүгнэхэд хангалттай баримт шаардлагатай. Гэхдээ томоохон стратегийн төслийн хэлэлцээ өрнөж байх үед Засгийн газар солигдож, улс төрийн тогтворгүй байдал үүссэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлаас гадуур өнгөрөх боломжгүй.

Ерөнхий сайд огцорч, улс төрийн бойкот намжсан өдөр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш эргэн өссөн гэх ажиглалт ч үүнийг дагалдаж байна. Энэ нь зах зээлийн энгийн мөчлөг байсан уу, эсвэл Монголын улс төрийн дохиог хөрөнгө оруулагчид ийн уншсан уу гэдэг асуулт нээлттэй үлдэв.

Оюутолгой бол зөвхөн нэг уурхайн тухай асуудал биш. Энэ бол Монгол Улс баялгаа хэрхэн үнэлэх, гадаадын том хөрөнгө оруулагчтай хэрхэн харилцах, дотоод улс төрийн тогтвортой байдлаа эдийн засгийн эрх ашигтай хэрхэн уялдуулах тухай сорилт юм.

Монголын талын шаардлага ойлгомжтой. Баялгийн илүү шударга өгөөж Монголын ард түмэнд очих ёстой. Харин “Рио Тинто”-гийн хувьд гэрээний тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл, төслийн урт хугацааны үнэ цэнийг хамгаалах шаардлага бий.

Энэ хоёр байр суурийн дунд Оюутолгойн ирээдүйн хэлэлцээ өрнөнө. Хөрөнгийн зах зээл богино хугацаанд савлаж болно. Улс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөж болно. Харин Монгол Улсын хувьд хамгийн чухал нь стратегийн баялгаасаа хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх зорилгоо тогтвортой, тооцоотой, итгэлцэл алдагдуулахгүйгээр хэрэгжүүлэх явдал юм.

Эцэст нь Оюутолгойн асуудал нэг асуулт руу эргэж очно. Монгол Улс дэлхийн хэмжээний баялгаа дотоодын улс төрийн савлагаанаас ангид, урт хугацааны үндэсний эрх ашгийн үүднээс удирдаж чадах уу.

Энэ асуултын хариу зөвхөн уурхайн гүнд бус, төрийн шийдвэр гаргах ширээн дээр байна.

Нийтэлсэн: Web admin

Оюутолгойн өгөөж буюу Монголын эрх ашиг хэлэлцээний гол сэдэв болж байна...  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 29 минутын өмнө
Рио Тинтод хатуу байр суурь илэрхийлсэн 9-өө АН уриалаад, МАН дэмжээд аваад хаясан нь бараг үнэн байх шүү. Манай өчүүхэн дарга нар мянган цаасанд л хуйлрана шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй