Шууд Chart

Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулахад нөлөөтэй төсөл хэрэгжүүлнэ

2026-05-09 11:50:43

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Үйл ажиллагаа эрхэлсэн дарга Чандра Мохан Арораг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус банктай хамтран хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийн талаар хэлэлцэв. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай (АХБ) хамтран өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нар, салхин цахилгаан станцын төслийн талаар ярилцлаа. Ийм төслүүд хэрэгжүүлснээр бүс нутгийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдал дээшилж, сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэхийн сацуу нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгааны үнийг бууруулж, сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.

Түүнчлэн “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц” төслийн талаар мэдээлэл солилцов.

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувь, оргил ачаалал жил бүр 100 МВт-аар нэмэгдэж байгаа учраас эрэлтийг бүрэн хангах боломжгүйд хүрээд буй. Нөгөөтээгүүр, эрчим хүчний нэгдсэн сүлжээг горим ажиллагааны хувьд тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвартай болгох нь тулгамдсан асуудал болж байна. Иймээс импортын эрчим хүчийг багасгах, сэргээгдэх эх үүсвэрүүдийн хэлбэлзлийг тохируулах, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний балансыг тогтворжуулах зорилгоор ус хуримтлуурт УЦС болон Монгол Улсын дотоодын урсгалтай голуудад бага, дунд чадлын УЦС барих ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Нарийвчилсан үнэлгээгээр УЦС барих хамгийн оновчтой байршлыг тодорхойлсон бөгөөд ТЭЗҮ боловсруулах болон төслийн байршил сонгоход АХБ-ны зөвлөхүүдтэй хамтран ажилласан юм.

Төвийн бүсийн эрчим хүчний системд 100 МВт-аас дээш хүчин чадалтай ус хуримтлуурт УЦС баривал урьдчилсан тооцсоноор 150-200 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нар, салхины эх үүсвэрийг шинээр байгуулах боломж бүрдэнэ. Засгийн газрын тогтоолоор төслийн барилга байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна. Уг төслийн санхүүжилтийн хэлбэрийг шийдвэрлэхээр ярилцаж байгаагаа АХБ-ныхан хэлж байлаа.

Мөн “Эрчим хүчний ухаалаг системийг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай улсад эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдал дунджаар 15 хувь байгаа нь бусад орныхтой харьцуулахад өндөр. Уг төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамны захиалгаар АХБ-ны техник туслалцааны хөрөнгөөр ХБНГУ-ын компаниуд гүйцэтгэсэн. Тус банкнаас санхүүжилт олгох эл төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нийт цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний дэд бүтцийн хяналт, удирдлагын системийг шинэчлэх юм.

Эдгээр болон бусад төслийг хэрэгжүүлэхэд салбарын яам дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Чандра Мохан Арора илэрхийлээд, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллана гэдгээ онцлов. Мөн тэрбээр АХБ-ны Манила дахь төв оффист ажилладаг эрчим хүчний мэргэжилтнүүд Монголд байнга ирдэг тул мэдээлэл, туршлага солилцох боломжтой гэж байлаа. Сайд Б.Найдалаа “Та бүхний жинтэй дэмжлэгэд бид баяртай байдаг” хэмээн тодотгоод, эрчим хүчний ногоон шилжилтийн стратегийг ойрын хугацаанд батлахаар төлөвлөж байгаа болон шинэчлэлийн хүрээнд хийж эхэлсэн ажлууд, баримтлах бодлогынхоо талаар мэдээлэл өгсөн юм гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

 


Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулахад нөлөөтэй төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй