
Монгол хэл, бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж буй юм байна.
Шалгалтын бэлтгэл ажлын талаар Боловсролын үнэлгээний төвийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол хэл, бичгийн шалгалтыг 10, 11 дүгээр ангийн сурагчид өгөхөөр болсон. Сурагчид хэр их бүртгүүлсэн бэ?
-Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14-нөөр дуусгавар болсон. Монгол хэл, бичгийн шалгалтыг өмнө нь 12 дугаар ангийг төгсөж байгаа сурагчид болон босго оноогоо давж чадаагүй сурагчид өгдөг байсан. Харин энэ жилээс журамд өөрчлөлт ороод 10, 11 дүгээр ангийн сурагчид өөрийн хүсэлтээр шалгалтад орох боломж нь нээгдсэн. Энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа 40 мянга орчим сурагч шалгалтад орно. Харин 11 дүгээр ангийн 31 мянган сурагч бүртгүүлсэн, 10 дугаар ангийн 13 мянган сурагч бүртгүүлсэн байгаа.
-Шалгалтын материал бүх ангийнханд адилхан уу. Эсвэл 10, 11 дүгээр ангийнхан өөр байгаа юу?
-Монгол хэл, бичгийн шалгалт хоёр өдөр явагдана. Улс орон даяар нэг цагт эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 18-нд 12 дугаар ангийнхан, дөрөвдүгээр сарын 19-нд 10, 11 дүгээр ангийн сурагчид өгнө. Шалгуулагчид нэг л шалгуураар үнэлэгдэнэ. Гэхдээ дотор агуулга хувилбартай гэж ойлгож болно. Монгол хэл, бичгийн шалгалт нэг стандартаар явагдана. Энэ стандартыг давсан шалгуулагч босго оноогоо аваад дараа шалгалтад орох бэлтгэлээ хангаж явна.
Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын байранд зохион байгуулна. Нийслэлд 28 шалгалтын байр, орон нутагт 24 байранд шалгалтыг авахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна.
-Шалгалтын дүн хэзээ гарах вэ?
-Монгол хэл, бичгийн шалгалт бусад шалгалтаас онцлогтой. Шалгуулагчид задгай даалгавар дээр ажилладаг. Энэ нь эсээ бичих, монгол бичгээс хөрвүүлдэг учраас засахад тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Энэ жилийн хувьд нэлээд хугацаа шаардахаар байгаа. Учир нь 10, 11 дүгээр ангийн шалгуулагчид нэмэгдсэн. Өмнө 12 дугаар ангийн шалгалтын материалыг ажлын 14 хоногийн хугацаанд засаж, үр дүнг гаргаж мэдээлдэг байсан. Энэ жил энэ хугацаандаа багтаахаар ямар болж байна гэдэг дээр анхаарч ажиллаж байна.
-Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байгаа. Яагаад хоёр удаа зохиож байгаа юм бэ?
-Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байгаа. Энэ нь монгол хэл, бичгийн шалгалтынхаа босго оноо давж чадаагүй, элсэлтийн шалгалтдаа хүссэн оноогоо авч чадаагүй хүүхдүүдэд боломж олгох зорилготой юм. Босго оноо нь 400 байгаа. Монгол хэл, бичгийн шалгалт өгөөд босго оноондоо хүрээгүй хүүхдүүд элсэлтийн шалгалтаа өгч болно. Харин их, дээд сургуульд элсэж, орох боломж нь хаалттай.
-Элсэлтийн шалгалт явагдахаар шалгалтын материал задарсан гэдэг асуудал яригддаг. Шалгалтын материалыг хэрхэн бэлтгэдэг вэ?
-Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулах нь маш өндөр нууцлалтай явагддаг. Сэдэв, даалгавар боловсруулдаг боловсруулагчдыг бэлдээд Нийслэлийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарч ажилладаг. Дотор хугацаанд нийгмээс тусгаарлаж, шалгалтын сэдэв материалаа боловсруулдаг. Тагнуулын газрын хяналтад шалгалтын байранд хүргэдэг. Шалгалтын материал задрах боломжгүй.
-Шалгалтын материалыг ямар хүмүүс засдаг вэ. Тусгай баг гаргаж засдаг юм уу?
-Өнгөрсөн жил 30 орчим багшийг засагчаар сонгож, Цагдаагийн хяналтад ажиллуулдаг. Энэ жил 50-60 багшийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Нийслэлийн боловсролын газартай хамтарч засагч багш нарыг шалгаруулна. Шалгалтын материал дөрөвдүгээр сарын 19-нөөс эхэлж нийслэл рүү татагдаж ирнэ. Эдгээр материалаа шалгалтын том байранд хүлээж аваад засагч багш нараа бэлдээд засах ажилдаа ордог. Багш нар ижил түвшинд засна. Тодруулбал, нэг хүүхдийн материалыг бүх багш нар үзээд нэгдсэн нэг үнэлгээ тавина.
-10-11 дүгээр ангийн шалгуулагчид юу дээр анхаарах ёстой вэ?
-Манайх шалгуулагчдаас юуг шалгах вэ гэдгийг тодорхой гаргаж өгдөг. Уншиж ойлгох чадвар, монгол бичгийг хөрвүүлж бичих чадвар, зөв бичих дүрмийн чадвар, эсээ, эх зохион найруулж бичих гэсэн үндсэн 4 шалгуурыг баримталж шалгалтаа зохион байгуулдаг. Одоогийн байдлаар 12 дугаар ангийн шалгуулагчдын материал, өргөдөл гомдлыг хүлээж авна гэсэн урьдчилан бэлтгэл ажлыг хангаад явж байна. Хүүхдүүд материалтайгаа танилцана гэсэн хүсэлт их ирдэг. Манай дээр мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг. Элсэлт болон монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой асуудлыг их асуудаг. Энд сэтгэл зүйч дандаа зөвлөгөө мэдээлэл өгдөг. Сэтгэл зүйн таагүй байдлаас хэрхэн гарах талаар зөвлөгөө мэдээллийг тасралтгүй өгч байна.
-Шалгалтаас хоцрох тохиолдол хэр гардаг вэ. Хоцорсон тохиолдолд дараа жил өгнө биз дээ?
-Шалгуулагчид 10-15 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Шалгалтын байрандаа 30 минутын өмнө ирсэн байна. Шалгуулагчид суудлаа эзэлчихсэн байхад хоцроод тэвдэж орж ирэх тохиолдол байдаг. Шалгалтын хуудас тараагүй байхад оруулдаг. Харин шалгалтын хуудас тараагаад эхэлчихсэн тохиолдолд оруулдаггүй.
-Шалгалтын хугацаа хэд вэ. Хүүхдүүд цагтаа амждаг уу?
-Шалгалтын хугацаа 100 минут үргэлжилнэ. Шалгалтаа хугацаанаас нь өмнө хийж дууссан шалгуулагчдыг түрүүлж гардаггүй. Шалгалтын хугацааг дуусгаад нэгдсэн журмаар материалаа хурааж авсны дараа гаргадаг.
С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалт нэг стандартаар явагдана | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.