Шууд Chart

Ц.Урансайхан: Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээг 2023 оноос хойш тогтмол хийж үзүүлж байна

2025-11-24 13:06:30

Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээний талаар Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлагч бүртэгч Ц.Урансайханаас тодрууллаа.

-Иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ цахимаар авдаг болсон. Бүртгэлийн үйлчилгээг хаяг харгалзахгүй авах боломжтой юу?

-Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд цахимаар болон биеэр гэсэн хэлбэрээр авч болж байгаа. Иргэний улсын бүртгэлийн тухайд цахимаар ямар үйлчилгээг авах вэ гэхээр  E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал хаягаар дамжуулаад гадаад паспортоо захиалах, хаяж гээсэн иргэний үнэмлэхээ захиалах, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэх, бүх төрлийн лавлагаа авч байгаа. Мөн иргэний бүртгэл 15 төрлийн үндсэн бүртгэлийг биеэр улсын бүртгэлийн цэг, төвд хандаж авч байна.

Иргэний улсын бүртгэлээс шилжилт хөдөлгөөний бүртгэл, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, үрчилсний, хүйс өөрчлөгдсөний бүртгэл бол заавал хаягийн дагуу үйлчилгээ авдаг. Жишээ нь шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирэх гэж байгаа юм уу  Чингэлтэй дүүрэг дээршилжин  ирэх гэж байгаа юм уу гэдгээс шалтгаалаад тухайн дүүрэг дээрээ очно л гэсэн үг. Тэрийг хаяг харгалзах гэж хэлж байгаа юм.

 Ер нь Улсын бүртгэлийн үйлчилгээг өөрийнхөө ажиллаж, амьдарч байгаа хамгийн ойр улсын бүртгэлийн цэг төвөөс авч болно гэсэн үг. Жишээ нь та иргэний үнэмлэх захиалах гэж байхад Сонгинохайрхан дүүргийн хаягтай байлаа ч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдраад байж байгаа бол Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн цэгүүдээр үйлчлүүлж болно. Улаанбаатар хотын хаягтай хүн Хөвсгөл аймагт юм уу, Дорнод аймагт ажлаар явж байхад тухайн хүний иргэний үнэмлэх хугацаа нь дуусчихдаг ч юм уу, эсвэл гадаад паспортоо яаралтай захиалах хэрэг гарахад тухайн орон нутагтаа нэлээн хугацаагаар  байхаар болбол тэр орон нутагтаа иргэний үнэмлэх, гадаад паспортаа захиалж болно. 2018 онд улсын бүртгэлийн багц хууль шинэчлэн найруулагдсанаас хойш хаяг харгалзахгүйгээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх болсонтой холбоотойгоор, иргэн, хуулийн этгээд өөрт ойр газраас улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой болсон.

-Шилжилт хөдөлгөөн хийхгэхэд та хасалт хийлгээгүй байна. Хоёр хаяг нь дээр байгаа байдаг?

-Иргэд  Орон нутгаас хот руу, дүүргээс дүүрэг шилжилт хийхээр хасалт хийгээгүй байна хоёр хаяган дээр яваад байна гэдэг. Энэ хасалт хийгээгүй хоёр хаяган дээр явж байгаа гэдэг ойлголт улсын бүртгэлд бол огт байхгүй. Улсын бүртгэлийн тухайд 2018 оноос өмнө шилжин явж байгаа газраасаа, жишээ нь одоо Хөвсгөл аймгаас та Улаанбаатар хотод шилжиж ирэхэд Хөвсгөл аймгаас шилжин явах гэсэн бүртгэл хийлгээд Улаанбаатар хотод шилжин ирж байгаа гэдэг бүртгэлийг хийдэг байсан бол 2018 оноос хойш зөвхөн нэг талдаа буюу зөвхөн шилжин ирсэн газраа бүртгүүлдэг болсон. Хөвсгөл аймаг руу очиж “шилжин явсан” гэдэг бүртгэл хийлгэхгүй зөвхөн шилжин ирж байгаа газраа л бүртгэлээ хийлгэнэ. Ингэснээр нөгөө газраасаа автоматаар хасагдана гэсэн үг.

Нөгөө хоёр хаягийн тухай яригдаад байгаа асуудал нь хорооны Засаг дарга дээр хүн ам өрхийн мэдээллийн сан “ХАӨМС” гэдэг статистикийн программ байдаг юм. Тухайбал, Хөвсгөл аймгийн иргэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд ирсэн бол “ХАӨМС” гэдэг программд тухайн баг, хорооны Засаг дарга нь өөрчлөлт хийж бүртгэдэг. Энэ статистикийн мэдээгээ хүмүүс улсын бүртгэлийн бүртгэлтэй холбоотой ойлгоод байдаг. Энэ нь Улсын бүртгэлээс өөр ойлголт юм аа.

-Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээг явуулж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээг 2023 оноос хойш тогтмол үзүүлж хэвшсэн. Улсын бүртгэлийн үйлчилгээг зөвхөн цэг, төвөөр ширээний ардаас хүрч ирсэн хүнд үйлчилгээ үзүүлэх биш зөөврийн тоног төхөөрөмж ашиглаад яг хэрэгтэй газар нь, хэрэгтэй хүнд нь очиж үзүүлж байгаа үйлчилж юм.

Зөөвийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхдээ; тухайн иргэний хүсэлтээр, хороо, дүүргийн гаргасан судалгааны дагуу мөн улсын бүртгэлийн байгууллага өөрсдийнхөө санаачлагаар гэсэн хэлбэрээр хийж байна. Уг үйлчилгээг ихэвчлэн; эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлж байгаа, эрхээ хязгаарлуулсан, гэрээсээ гарах боломжгүй иргэдэд болон олон нийтийн томоохон арга хэмжээний үер тухайн газар нь зөөврийн тоног төхөөрөмжөөр очиж үйлчилгээ үзүүлж байна.

Чингэлтэй дүүргийн хувьд зөөврийн тоног төхөөрөмжөөр явуулын үйлчилгээ үзүүлэх аяныг албан ёсоор явуулж байна. Одоогийн байдлаар гэхэд 40 гаран байгууллагатай хамтраад тухайн газрынхаа ажилтан, албан хаагч, тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд энэ үйлчилгээг үзүүлсэн. Чингэлтэй дүүргийн хувьд томоохон үйл ажиллагаанаас дурдвал дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга уулзалт, иргэний “Андгай өргөх” ёслолын арга хэмжээн дээр зөөврийн тоног төхөөрөмжөөр тоон гарын үсгийг нь олгох, бүх төрлийн лавлагаа олгохоос гадна Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Практикт ихэвчлэн эрүүл мэндийн шалтгаантай, эсвэл тодорхой хэмжээгээр эрх нь хязгаарлагдсан, эсвэл өөрсдийгөө нийгмээс тусгаарласан хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй олгохыг хангахын тулд энэ зөөврийн тоног төхөөрөмжөөр явуулж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

-Хүмүүс ер нь яаж мэддэг вэ. Заавал хүсэлт гаргадаг уу?

Дээр дурдсанчлан зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхдээ тухайн иргэний хүсэлтээр, хороо, дүүргийн гаргасан судалгааны дагуу мөн улсын бүртгэлийн байгууллага өөрсдийнхөө санаачлагаар гэсэн хэлбэрээр хийж байна. Ихэвчлэн эрүүл мэндийн шалтгаантай, гэр орноосоо гарах боломжгүй, эмнэлэгт удаан хугацаагаар байж байгаа хүмүүс, эрхээ хязгаарлуулсан хүмүүсийн ар гэрийнх нь хүсэлт гаргадаг. Эсвэл хороо, дүүргээс нь бидэнд тухайн хүмүүсийн талаар мэдээлэл өгснөөр очиж үйлчлүүлэх боломжтой. Зарим газруудтай манай байгууллага өөрсдөө ханддаг. Жишээ нь асрамжийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, сургуулийн хүүхдүүдэд 16 нас хүрэхээс өмнө торгуулиас урьдчилан сэргийлж мэдээ, мэдээлэл хүргэдэг. Ингээд өөрсдийнхөө хүсэлтээр, хороо дүүргийнх нь судалгаа мэдээлэлд үндэслээд хамтарч ажиллан үйлчилгээ үзүүлдэг. -Ер нь хичнээн хүнд үйлчилгээ үзүүлсэн гэсэн тоо, судалгаа байдаг уу?

-Ер нь бол зөөврийн үйлчилгээ нэг талдаа захиалгат бүртгэл, тийм учраас үйлчилгээний тоо, судалгаа бол байдаг. Одоо Чингэлтэй дүүргийн тухайд  84  удаагийн үйлчилгээгээр  1000 гаруй иргэнд зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн байна.

–Зөвхөн нийслэлд  энэ үйлчилгээ байгаа юу?

-Хөдөө орон нутагт ч гэсэн зөөврийн тоног төхөөрөмжөөр явуулын үйлчилгээг үзүүлж байгаа. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаран суманд гээд бүгдэд нь энэ улсын бүртгэлийн үйлчилгээ хүрч очиж байгаа. Хөдөө орон нутагт хамгийн түгээмэл очиж байгаа үйлчилгээ нь алслагдсан суманд шинэ төрсөн хүүхдүүдэд төрөлтийн бүртгэлийг гэрт нь очиж бүртгэж  зэрэг үйлчилгээнүүдийг хүргэж байна.

  Э. Сэлэнгэ


Ц.Урансайхан: Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын бүртгэлийн үйлчилгээг 2023 оноос хойш тогтмол хийж үзүүлж байна  
Үзсэн: 186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 5 минутын өмнө
Дүүдээ амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй