
Сурагчдын амралт эхэлсэн энэ үед бага насны хүүхэд ахуйн осолд өртөх тохиолдол нэмэгддэг. Мөн хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглож байгаад унаж бэртэх тохиолдол ч цөөнгүй гардаг.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ХЭГХЗУСХ-ийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад С.Сайнбилэгээс хүүхдийн гэмт хэрэг зөрчлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас хүүхдүүд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх эрсдэл их гардаг. Энэ талаар мэдээлэл хэр бүртгэгдэж байна вэ?
-Энэ хоногоос ЕБС-ийн сурагчдын улирлын амралт эхэлж байгаа. Сургууль цэцэрлэгийн амралтын үед ахуйн хүрээний гэмтэл осол нэлээд гардаг. Тодруулбал, эцэг эхчүүд ажилдаа явахдаа хүүхдээ асран хамгаалах хүн байхгүй үед гэртээ хүүхдээ цоожилж үлдээдэг. Эсвэл өсвөр насны хүүхдээр бага насны хүүхдийг харуулж үлдээдэг. Энэ хугацаанд хүүхдүүд гэртээ байхдаа ахуйн хүрээний осол гэмтэлт өртөх тохиолдол нэмэгддэг. Мөн амралтын хугацаанд хүүхдүүд цахим орчин ихэнх цагийг өнгөрүүлдэг. Үүнээс болж цахим орчныг ашигласан хүүхэд рүү чиглэсэн гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгддэг. Тухайлбал, ойролцоо насны зурагтай хаягаас танилцаж, хувийн мэдээллээ алдаж, ямар нэгэн эрхшээл орох, бусдын дарамтад орох тохиолдол бий болдог. Мөн өсвөр насны хүүхдүүд найз нөхөд гадуур явахдаа бусдын нөлөөлөлд автаж гэмт хэргийн зөрчилд холбогдох, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж эхэлдэг. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдийг гэртээ үлдээхдээ заавал насанд хүрсэн хүний хараа хяналтад дор үлдээж байх хэрэгтэй. Хүүхдийг хүүхдээр харуулах тохиолдол их байдаг.
-Өсвөр насны хүүхдүүд цахим орчинд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол хэр бүртгэгдэг вэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдийн цахим хэрэглээнд нэлээд анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд цахим орчин ямар хүнтэй харилцаж байгаагаа эцэг эхээсээ нуух хандлагатай байдаг. Ялангуяа өсвөр насны буюу 14 дээш насны хүүхдүүд үерхэл нөхөрлөл гэдэг байдлаар эцэг эхээсээ нууцалдаг. Мөн 14 дээш насны хүүхдүүд аав ээжтэй ярилцах, хувийн нууцаа хуваалцах тал дээр хязгаарлагдмал болдог. Учир нь эцэг эхчүүд хүүхдэдээ том болчихсон үздэг учраас харилцаа үүсэхгүй удчихдаг. Үүнийгээ дагаад хүүхдүүд би том болчихсон учраас өөрөө асуудлаа шийдэх боломжтой юм байна гээд өөрт тохиолдсон зүйлээ хэлдэггүй. Иймээс эцэг эхчүүд амралтын хугацаанд өсвөр насны хүүхдүүдтэй харилцаж, ярилцаж, ямар хүнтэй найз нөхөрлөж байгаа дээр хяналт тавих хэрэгтэй.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт өртөж байна вэ?
- Он гарснаас хойш ерөнхийдөө хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг хамгийн өндөр хувийг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хүүхдүүд сургууль орчин болон олон нийтийн газар явж байхдаа өөрсдийн эд хөрөнгөдөө хараа хяналтгүй явж байгаад гар утас бусад эд зүйлээ алдах тохиолдол нэлээд гардаг. Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхтэл их байдаг. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс эхэлж шинээр мөрдөгдөж байгаа хүүхэд хамгааллын тухай хуульд үе тэнгийн дээрэлхтэл нэмэгдэж орсон. Эцэг эхчүүд үе тэнгийн дээрэлхтэл өртөх тал дээр урьдчилан сэргийлж, үе тэнгийн дээрэлхтэл үйлдэхээс сэргийлэх үүрэгтэй. Ингэснээр энэ төрлийн гэмт хэрэг буурах боломжтой.
-Үе тэнгийн дээрэлхэлд ихэвчлэн хэдэн настай хүүхдүүд өртөж байна вэ?
-Үе тэнгийн дээрэлхтэл маш олон төрөлтэй. Цахим орчин, бие махбод, үг хэлээр гэх мэт. Бага ангийн хүүхдүүдийн дунд нэгэндээ нэр хоч өгөх, шоолох байдлаар явагдаг. Харин өсвөр насны хүүхдүүдийн дунд бусдын бие махбод халдах, үг хэлээр доромжлох зэргээр үйлдэгдэг. Өсвөр насны хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлд өртөхөөр сэтгэл зүйн хувьд маш хүнд байдаг. Орчноос өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдтэй маш сайн ярилцах хэрэгтэй.
-Гэр бүлийн хүчирхийлэлд бага насны хүүхдүүд өртөх тохиолдол хэр бүртгэгдэж байна бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийллийн хэлбэрээр үйлдэгдэг. Аль ч төрлийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа тохиолдол хүүхэд хохирогч болдог. Ер нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүчирхийлэлд бие махбод сэтгэл санааны хүчирхийлэл нэлээд өндөр хувийг эзэлдэг. Энэ нь хүүхдийн хүмүүжил, зан үйлд сөргөөр нөлөөлдөг. Бага насны хүүхдүүдийн хувьд өөрийгөө илэрхийлэх чадвар бүрэн хөгжөөгүй, тухайн үйлдлийнхээ шинж чанарыг сайн ойлгохгүй байгаа учраас тэр бүр мэдээлэл өгөөд байдаггүй. Энэ он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас 21 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна.
С.Сайнбилэг: Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээж болохгүй | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.