
Хүүхдийн хүмүүжил болон бага насны хүүхдийн гар утасны хэрэглээний талаар хүүхдийн зохиолч, сэтгэл судлаач А.Найгалмаатай ярилцлаа.
-Хүүхдийн хүмүүжил хэдэн наснаас эхлэн төлөвшдөг вэ?
-“Хүн болох багаасаа, хүлэг болох багаасаа” гэдэг дээ. Хүүхэд төрсөн цагаас эхлэн цэцэрлэгт орох хүртлээ гэрийн хүмүүжлээр суурь нь тавигдаж цэцэрлэгт орсноор нийгэмшихүйн чадварт алхам, алхамаар суралцаж, үе тэнгийнхэнтэйгээ харилцаж эхэлдэг. Тиймээс эцэг, эх, эмээ, өвөө, гэр бүлийнхэн нь хамгийн чухал нөлөөлөгчид байдаг. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил нь бага наснаас эхлэн эцэг эхийн удирдлага, анхаарал халамжаар суурь нь тавигддаг гэсэн үг.
Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин, цэцэлэг, сургууль, найзууд, багш нар, нийгмийн орчин зэрэг бүх хүрээлэл нөлөөлнө. Хүүхэд тэр орчноосоо суралцаж, зан чанар, харилцааны ур чадвар, соёлын мэдлэг олж авдаг. Эцэг эхийн харилцаа, хариуцлага, бусдыг хүндлэх, эрх мэдлийн зохицуулалт нь хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлнө. Мөн ангийн багш болон хүүхдийн найзуудын нөлөөлөл ч гэсэн чухал байдаг.
-Хүүхдийг ямар арга ухаанаар хүмүүжүүлэх нь зөв бэ?
-Хүүхдийг хүмүүжүүлэхэд хамгийн чухал нь тэдэнд эрх чөлөө, хариуцлага, хүнлэг чанар, сайн сайхан зүйлсийг ойлгуулах явдал юм. Тухайлбал, сайн үлгэр дуурайлал. Хүүхэд даган дуурайж суралцдаг. Эцэг эхчүүд өөрсдөө сайн үлгэр дуурайлал үзүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм.
Шударга хариуцлагатай байдлыг ойлгуулах. Хүүхдэдээ тодорхой хязгаарлалтуудыг хэлж өгөх, учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэдэнтэй ярилцвал бүгдийг ойлгодог. Хүүхэд жаахан байх тусмаа л зүрх сэтгэл нь хайраар дүүрэн байдаг шүү дээ. Тэр дүүрэн бялхсан сайхан сэтгэлийг нь тэр чигээр нь хадгалж том хүн болгож чадвал ямар сайхан гээч.
Дэмжлэг ба магтаал маш чухал. Хүүхэд сайн зүйл хийвэл түүнийг дэмжиж, магтааж, өөртөө итгэлтэй болгож хөгжүүлэх. Харилцан ойлголцол. Хүүхдийн сэтгэл санаа, хүсэл зорилгод нь анхаарал тавьж, тэдний санаа бодлыг сонсож, зөвлөх нь хамгийн чухал юм.
Хүүхдийн хүмүүжилд ээж л илүү үүрэгтэй, аавын үүрэг бага гэдэг. Та санал нийлэх үү?
-Эцэг эх хоёулаа хүүхдийн хүмүүжилд чухал үүрэгтэй. Ээжүүд хүүхдийн бага насанд илүү ойр байдаг ч аавууд хүүхдэдээ тодорхой үүрэг хариуцлага, оюун санааны итгэл, зоригыг бий болгож, нийгэмшихүйн харилцаанд нь чухал үүрэгтэй. Тиймээс аав, ээжийн хоёулангийнх нь үүрэг хүүхдийн хүмүүжилд чухал бөгөөд хамтын хүчээр илүү сайн үр дүнд хүрэх боломжтой.
-Зарим бага насны хүүхэд хэлд хожуу ордог. Зарим нь англиар ярьж хэлд ордог. Энэ зурагт утас их үзсэнтэй холбоотой юу?
-Хүүхдийн хэл ярианы хөгжил олон хүчин зүйлээс хамаардаг. Хүүхэд хэр их харилцаж, яриа сонсож, аюулгүй орчинд хөгжиж байгаагаас ихээхэн хамаардаг. Дэлгэцийн хэт хэрэглээ нь хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болно. Энэ нь хүүхэд дуу, дүрсэд анхаарлаа илүү хандуулж, бодит харилцааны ур чадваргүй болгох магадлалтай.
-Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил дээр нь эцэг эхчүүд юуг анхаарах ёстой бэ?
-Хүүхэдтэй тогтмол ярилцаж, хэлний ур чадварыг нь хөгжүүлэх. Мөн хүүхдийг сонсож, үгсийг утгыг зөв тайлбарлаж өгөх, бага насны хүүхдэд ном унших, дуу дуулж өгөх, хамдаа дуулах нь маш сайн үр дүнтэй.
-Одоо бүх зүйл цахим болсон учраас хүүхдүүд ном унших нь бага болсон. Хүүхдийн хэдэн настайгаас номтой нөхөрлүүлэхэд тохиромжтой байдаг бэ?
-Ном уншиж өгөх нь хүүхдэд бага наснаас бий болгох эерэг дадал юм. Багаасаа ном уншиж өссөн хүүхэд үгийг баялаг сайтай, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн, өөртөө итгэлтэй болдог. Гурван сартайгаас нь даавуун материалтай зурагт ном, 8,9 сартайгаас нь картон материалтай зурагт номтой танилцуулж өдөр бүр 10-15 минут уншихад хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, утга санаа ойлгох чадвар нэмэгддэг. Гол нь хуруугаар нь заалгаж дуу авиаг дуурайн хэлүүлж өөрийг оролцуулах чухал.
-Хүүхдийг номоор хүмүүжүүлэх боломжтой юу?
-Тийм ээ. Ном хүүхдийг зөв хүмүүжүүлэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл. Ном унших нь хүүхдийн мэдлэг, сэтгэлгээ, соёлын ойлголт, харилцааны ур чадварыг сайжруулдаг.
-Бага насны хүүхэд зориулагдсан ном зохиол хэр хангалттай байдаг бэ?
-Хүүхдийн ном зохиолын төрөл олон байгаа ч, зарим үед насны ангилал, сэдэв, агуулга нь хүүхдэд тохирохгүй байх тохиолдол байдаг. Тиймээс эцэг эхчүүд ном сонгохдоо хүүхдийн нас, сонирхол, сэтгэл зүйн онцлогт тохируулан зохиолыг сонгох нь чухал. Бага наснаасаа зурагтай номыг уншуулж, анхаарч, ажиглаж байсан хүүхэд уншиж сурсан ч зурагт номондоо дуртай хэвээрээ байдаг. Ер нь 5,6 дугаар ангийн хүүхэд ч гэсэн зурагтай номонд илүү дуртай байдаг.
-Эцэг эхчүүд бага насны хүүхдээ уйлж байгаа үед тайвшруулахын тулд гар утсаа өгдөг. Мөн бага насных хүүхдүүд ч эцэг эхтэйгээ гар утас булаацалдах их байдаг. Энэ нь мэдээж буруу. Тэгвэл томчууд өөрсдөө энэ асуудалд хэрхэн хандах ёстой бэ?
-Хүүхдэд гар утас өгөх нь цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Хамааралтай болно, бусадтай харилцах нь багасна. Эцэг эхчүүд хүүхдээ тайвшруулахын тулд өөр арга замыг олох хэрэгтэй, жишээ нь тэдэнтэй тоглох, хүүхэдтэйгээ харилцан ярилцах, тэврэх нь илүү үр дүнтэй. Урин дулаан цагт бол гадаа гаргаж гүйлгэж, харайлгаж, биеийн хөдөлгөөний хэрэгцээг нь бүрэн ханатал тоглуулж байгаасай гэж боддог. Өдөр болгон заавал гадаа тоглуулах, үдэш бүр заавал 10-15 минут ном уншиж өгч хэвшүүлээсэй гэж л хэлмээр байна.
А.Найгалмаа: Гар утас хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг | ||
Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.