Шууд Chart

Б.Даваадорж: Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй 5000 гаруй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн

2025-04-28 12:54:49

Хүүхдийн тэтгэлэг төлөлтийн талаар ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны Дотоод хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Даваадоржтой ярилцлаа.

-Манай улсын хэмжээнд хэдэн гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, хэдэн хүн тэтгэлэг төлж байна вэ?

-Иргэн, Захиргаа, Зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанууд нь Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаардаг бөгөөд үүнд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр мөн хамаардаг. Манай улсын хэмжээнд 0-11 насны 14500 орчим хүүхэд, 11-18 насны 4100 орчим, нийт 18600 орчим хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шүүхээс шийдвэр гарч, 14500 орчим гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхээс хүүхдийн тэтгэлгийг ихэнхдээ эцгээс нь гаргуулахаар шийдвэрлэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэлтэй тэтгэлэг төлөгч 177 эхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхээс шийдвэр гарч ажиллагаа явуулж байгаа.

-Хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо тэтгэлэг төлөгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг уялдуулж тогтоодог уу?

-Шүүхээс төлбөр төлөгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдлаар ялгамжтай тогтоодог гэсэн ойлголт байхгүй. Харин 0-11 нас хүртэлх хүүхдийг тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцдаг бол 18 нас хүртэл хүүхдийг тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 100 хувиар тэжээн тэтгүүлэхээр тогтоодог.

-Хүүхдийн тэтгэлэг төлөлт хэдэн хувьтай байдаг вэ. Заавал сар бүр төлөх ёстой юу, жилдээ нэг, хоёр удаа төлж болдог уу. Эсхүл төлөхгүй байж байгаад нэг дор төлөх ёстой юу. Тэтгэлгээ огт төлөхгүй байгаа тэтгэлэг төлөгч нарт ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр авагч зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хүүхдийн тэтгэлгийг сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа мөнгөн болон эд хөрөнгөөр төлбөр төлөгчөөс гаргуулж болно гэж заасан байдаг.

Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүүхдийн тэтгэлэг гаргуулах 14500 орчим гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаагаас 7800 орчим гүйцэтгэх баримт бичигт их, бага хэмжээгээр төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн хуримтлал үүссэн байгаа. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд өнгөрсөн жил улсын хэмжээнд хүүхдийн тэтгэлгээ зориуд төлөөгүй 24 төлбөр төлөгчид 2.400.000 төгрөгөөр торгох зөрчлийн шийтгэл оногдуулж, 34 төлбөр төлөгчид 7-14 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулсан байдаг.

Харин 2025 оны гуравдугаар сарын байдлаар 5 төлбөр төлөгчийг 500.000 төгрөгөөр торгох зөрчлийн шийтгэл ногдуулж, 15 төлбөр төлөгчийг 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж хариуцлага хүлээлгээд байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс нийт 9900 гаруй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснээс 5000 гаруй нь хүүхдийн тэтгэлэг төлөөгүй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Харин 2600 орчим тэтгэлэг төлөгч иргэн хүүхдийн тэтгэлгийн төлбөл зохих хуримтлагдсан төлбөрийг бүрэн төлсөн тул гадаадад зорчих эрхийг сэргээсэн гэсэн статистик тоо баримт байна.

Мөн хүүхдийн тэтгэлгийн хуримтлал үүсгэсэн бол тухайн иргэний цалин хөлс, харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгө хөрөнгө, өмчлөл, эзэмшлийн хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулдаг.

-Тэтгэлгийг хүүхэд тус бүрт нь тогтоодог уу?

-Шүүхээс хүүхэд тус бүрээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэдэг тул шүүхийн тогтоосон шийдвэрийн дагуу төлбөрийг төлүүлдэг.

-Шүүхээс гэр бүл цуцлуулсан шийдвэр гарсны дараа тухайн төлбөр авагч иргэн шүүхийн шийдвэр, холбогдох бичиг баримтыг өөрийн биеэр танай байгууллагад бүртгүүлж, өгөх ёстой юу. Эсвэл шүүхээс бүх бичиг баримтыг танай байгууллагад ирүүлдэг үү?

-Шүүхээр гэр бүлээ цуцлуулсан, хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон шийдвэрүүд бүгд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирдэггүй. Учир нь шүүхээс гэр бүл цуцалсан ч тэтгэлэг төлөх ёстой иргэн үр хүүхдээ тэжээн тэтгээд төлбөр мөнгөө өгөөд явдаг тохиолдол их байдаг. Харин хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч буюу төлбөр авагч тал шүүхэд хандан албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ гаргаснаар шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж, шүүхийн шийдвэрийн хамт тухайн төлбөр төлөгчийн оршин суугаа газрын харьяаллын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой болно.  

-Шүүхийн шийдвэрийг танай байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр өгөхдөө ямар нэгэн төлбөр төлдөг үү?

-Хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаанд ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй.

-Шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцлуулчихаад буцаж эвлэрээд амьдрах тохиолдол байдаг уу?

-Иймэрхүү асуудал байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч талууд эвлэрч эргэж нийлж, амьдрах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжтой.

-Эмэгтэй хүн хүүхдийн тэтгэлэг төлөх тохиолдол нэлээд байдаг юм байна. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага ногдуулах вэ?

-Эрэгтэй, эмэгтэй ямар ч тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд Зөрчлийн тухайн хуулийн 15.2 , 15.27 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцдог. Ямар нэгэн байдлаар эмэгтэй хүн гэж хариуцлагаас чөлөөлөхгүй, ялгаагүй хуульд заасан хариуцлага хүлээнэ.  

-Тухайн тэтгэлэг төлөгч иргэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй тохиолдол ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хуульд хүүхдийн тэтгэлгийг тогтмол төлөөд явах ёстой. Гэхдээ төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоод улирал, жилээр төлбөрийг нэг удаа төлж болно. Мөн төлбөр авагч талын хүсэлтээр төлбөрийг хойшлуулж байгаад тухайн төлбөр төлөгчийг ажил орлоготой болсон үед тэтгэлгээ бөөнд нь авах тохиолдол байдаг.

Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч төлбөр төлөгч хөрөнгө орлогогүй болсон нь тогтоогдсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж болдог бөгөөд төлбөр төлөгч төлөх ёстой хуримтлагдсан хүүхдийн тэтгэлгийг хугацаа харгалзахгүйгээр заавал төлөх үүрэгтэй.

-Танай байгууллагаас хүүхдийн тэтгэлгээ төлж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьдаг бэ?

-Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцсан Шийдвэр гүйцэтгэгч байнгын хяналт тавих үүрэгтэй байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хэд хэдэн үндэслэлээр Ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлдэг бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн үндэслэл арилсан эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байдаг.

Түдгэлзүүлсэн гүйцэтгэх баримт бичгийн тоог бууруулах, төлбөр авагч иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Шийдвэр гүйцэтгэх албанаас “ХЯНАЯ, ШАЛГАЯ, ЭРЧИМЖҮҮЛЬЕ” гэсэн аяныг 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан бөгөөд аяны хүрээнд өнөөдрийн байдлаар түдгэлзүүлсэн хүүхдийн тэтгэлэг гаргуулах 39 гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчийн оршин суух хаягийг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн ажиллагаанд оруулж, хуримтлагдсан тэтгэлгийг бүрэн төлүүлж ажиллаж байна.

Мөн Шийдвэр гүйцэтгэх албанаас иргэд, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “Ойлгож Сонсъё-Зөвлөж Тайлбарлая” аяныг 2025 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлүүлсэн.

Энэ аяны хүрээнд төрийн байгууллагын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичгийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудад сурталчлан таниулах, ажлын байранд урих арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхнийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага” гэсэн цахим хаягаар зочилж “Ойлгож Сонсъё-Зөвлөж Тайлбарлая” аянд нэгдэж манай байгууллага, үйл ажиллагаатай танилцахыг уриалж байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Б.Даваадорж: Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй 5000 гаруй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлсэн  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ганаа [127.0.0.xxx] 2 цаг 57 минутын өмнө
Хүүхдийн эрхийг бодитойгоор хангадаг хамт олон шүү Та бүхэнд амжилт хүсье
Номин [127.0.0.xxx] 2 цаг 59 минутын өмнө
Та бүхний ачаар хүүхдийн тэтгэлэгээ сар бүр авч явдаг даа. Их баярлалаа
Гэгээ [127.0.0.xxx] 2 цаг 1 минутын өмнө
Танд болон танай хамт олонд талархал иоэрхийлэе.
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 30 минутын өмнө
4.7 sayiin ortei hvnd hil horio tawiad udaj bna yaagad huulia zorjood hil horiog maani tawij ogohgvi bgaan be
Зочин [127.0.0.xxx] 10 цаг 16 минутын өмнө
Такаши
Зочин [127.0.0.xxx] 10 цаг 16 минутын өмнө
Мундаг залууд ажлын амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй