
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ассамблейн нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.
Тус чуулга уулзалтын нээлтэд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Сайн байцгаана уу?
Өнөөдөр Төв Азийн өндөрлөг, их хээр талын дунд орших Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар чуулган нээгдэж байна. Энэ удаагийн чуулганыг зохион байгуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Монгол Улсад, тэр дундаа Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-д даалгасанд бид баяртай байна.
Юуны өмнө энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн ABU-ийн удирдлага болон гишүүн байгууллагуудын удирдлага, уран бүтээлчид та бүхэнд Монголын үзэгч , сонсогчид, хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Энэ жилийн чуулганы гол сэдэв бол “Үндэсний өв соёлоо хамгаалахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” юм. Аль ч улс орны радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага тухайн үндэстнийхээ өв соёл, эх хэл, зан заншлын дархлаа, ард түмнийхээ дуу хоолой болж ирсэн байдаг. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ч энэ үүргээ нэр төртэй биелүүлсээр ирснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.
Манай МҮОНР нь 91 жилийн, МҮОНТ нь 58 жилийн түүхийг бүтээхдээ өв соёл, зан заншил, эх хэлнийхээ дархлаа, улс орныхоо хөгжлийн гэрч болсоор ирсэн. Соёлын өв бол зөвхөн тухайн улсын бахархал төдийгүй дэлхий дахины хамтын үнэт сан билээ. Өв соёлоо хамгаалж, түгээх эрхэм үүргийг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээдэг. Иймээс бид уламжлалт болон шинэ медиаг уялдуулан ашиглаж, өв соёлоо зөвхөн монголчуудад бус дэлхий дахинд түгээх үйлсэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Өнөөдөр дэлхийн 170 орны 800 гаруй биет бус соёлын өв ЮНЕСКО-д бүртгэгдээд байна. Түүний дундаас Монгол Улс 17 өв соёлоо бүртгүүлсэн бөгөөд уртын дуу, хөөмий, морин хуур, цуур, монгол бичиг зэрэг нь зөвхөн монголчуудын бахархал төдийгүй хүн төрөлхтний хамтын соёлын үнэт өвийн нэг хэсэг болсон. Монгол үндэстний хувьд дахин судалж, сэргээж, нийтэд түгээн дэлгэрүүлэхийн сацуу хайрлан хамгаалах ёстой мянган жилийн түүх, нүүдлийн ахуйгаас улбаалсан хэмжээлшгүй өв сантай улс билээ.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн нь монголчуудын адууны өвөрмөц соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах шинэ гарц нээсэн. Адууны соёл, айраг хэрэглэх уламжлал зэрэг нь бүгд нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн өв соёлын тод илэрхийлэл юм.
Мөн монголчуудын өвөрмөц зан үйлүүдийн нэг болох “ингэ хөөслөх” нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвийн тоонд багтсан. Энгийнээр хэлбэл, ботгоо голсон ингэнд морин хуурын хосгүй хөгжмийн өнгө ритмд, уртын дууны уяралт аялгуугаар сэтгэлийг нь хөдөлгөж, ботгыг нь эхэд нь авхуулдаг зан үйл юм. Энэ бол мал, байгаль дэлхийтэйгээ энэрэн нигүүлсэх харилцаанд суурилсан, нүүдэлчдийн оюун соёлын өвөрмөц илэрхийлэл.
Ерөөс монголчуудын өв соёлын ихэнх нь байгаль ахуйгаа аргадан, мал амьтнаа энэрэн хамгаалсан уламжлалаас урган гарсан бөгөөд орчин цагийн ойлголтоор “эко” амьдралын хэв маягт нийцсэн байдаг. Морин хуурын уянгалаг хөгтэй зэрэгцэн туулиа хайлж, лимбэний намуухан аялгуу, цуурын цуурайд уртын дуугаа дуулж, бие биелгээгээ хийж, дэнж хотойтол наадамлах нь монголчуудын амьд өв билээ. Наадам бол спортын тэмцээн бус, харин үндэсний нэгдэл, эв эе, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн ойлгуулж буй амьд хэлбэр юм.
Мөн өнөөдрийн хуралтай холбогдуулан нэгэн чухал жишээг дурдая. 2008 онд Ховд аймагт нэгэн эртний язгууртны булшнаас 1400 жилийн өмнөх Алтайн ятга хэмээх хөгжмийн зэмсэг илэрсэн нь дахин амилсан өв соёлын тод илэрхийлэл болсон. МҮОНРТ уг олдворыг олон арван нэвтрүүлгээр олон нийтэд хүргэж, соёлын ач холбогдлыг сурталчилсны үр дүнд өнөөдөр “Алтайн ятгын чуулга” бүрдэн, уран бүтээлээ туурвиж байна.
Хэвлэл мэдээллийн үүрэг улам бүр өргөжиж буйг сошиал хэрэглээний тоо баримт ч харуулж байна. Судалгаанаас үзвэл Facebook хэрэглэгчдийн 28.3 хувь нь 18–24 насныхан, 23.2 хувь нь 25–34 насныхан бөгөөд Instagram хэрэглэгчдийн 41.5 хувь нь 18–24 насныхан байна. Энэ нь уламжлалт төдийгүй шинэ медиаг ашиглан өв соёлоо залуу үед чиглүүлэн түгээх шаардлагыг илэрхийлж байна. Улс үндэстэн болгон өөрийн Өв соёл, эх хэл, түүх уламжлалаа өвлүүлэн үлдээх эрхэм үүргийг мэдээллийн хэрэгсэл, соёл урлагын салбартаа даалгадаг. Энэ ч үүргийнхээ дагуу МҮОНРТ үйл ажиллагаандаа мөрийн хөтөлбөр болгодог. Бид залуу үеийн сонирхолд нийцсэн чанартай контент бүтээж, дижитал технологийн давуу талыг ашиглаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлснээр зөвхөн үндэсний бахархлаа хамгаалаад зогсохгүй, хүн төрөлхтний хамтын соёлын үнэт санд бодитой хувь нэмэр оруулж чадна.
Эрхэм нөхөд өө,
Өнөөдрийн энэ чуулган бол зөвхөн туршлага солилцох талбар бус, хүн төрөлхтний соёлын өвийг хамтдаа хамгаалж, түгээх хамтын тайз юм. Та бүхэн манай сайхан оронд тав тухтай байж, шинэ санаа, шилдэг туршлагаа хуваалцаж, өөрийн орны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоо хэрэгжүүлэхэд тань амжилт хүсье.
Соёлын өвийн очоор бид ирээдүйнхээ гэрлийг асаана.
Баярлалаа.
Г.Гэрэл: Улс үндэстэн болгон өөрийн өв соёл, эх хэл, түүх уламжлалаа өвлүүлэн үлдээх эрхэм үүргийг мэдээллийн хэрэгсэл, соёл урлагийн салбартаа даатгадаг | ||
Үзсэн: 352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.