Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх олон улсын “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Өнгөрсөн хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын баг хоёр дахь удаа, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн баг анх удаа, нийт 44 хүн оролцсон.
Дэлхийн 48 улсын 109 багийн 700 гаруй алба хаагч өрсөлдсөнөөс Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчид “Уулын дугуйтай тактик ажиллагаа” төрөлд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэмцээний нийлбэр дүнгээр 41 дүгээр байр эзэлжээ.

Монгол цэргийн багийн ажиллагаа, гүйцэтгэл, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, сахилга бат, цагийн байдлыг зөв үнэлэх, онцгой үед шийдвэр гаргах чадвар, авхаалж самбаа зэргээ олон улсад харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Мөн тамирчдад “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Цаашид энэ тэмцээнд тогтмол оролцох, орчин үеийн тактик, зэвсэглэл, багийн ажиллагааны шинэ арга барил эзэмших, бэлтгэл сургуулилтаа сайжруулж илүү амжилт гаргах зорилгыг нь бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.


Энэ жилийн хувьд манай тамирчид хоёр сар гаруй хугацаанд цагийн зөрүү, цаг агаарын байдалд дасан зохицох, бие бялдрын бэлтгэл, буудлагын дадлага, сургуулилтаа хийсэн байна.
Улмаар “Тактик ажиллагаа”, ”Иргэнийг аврах ажиллагаа”, “Албан хаагчийг аврах ажиллагаа”, “Цамхагт явуулах ажиллагаа”, “Саадтай зурвас туулах” зэрэг төрлөөр өрсөлджээ.

Дэлхийн улс орнуудын тусгай хүчнийхний олимп гэгддэг “SWAT CHALLENGE” тэмцээнийг АНЭУ 2019 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Тэмцээн нь багууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орчин үеийн тактик, арга ажиллагааг нэвтрүүлэх зорилготой. Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрын тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг сорьж, гүйцэтгэлийг нь харьцуулан үнэлдэг гол талбар юм.



| Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ | ||
| Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.