Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2014 оын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2014 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 5.267.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 16.2 хувиар буюу 1.019.1 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар буюу 306.6 тэрбум төгрөгөөр илүү байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 6,623.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 5.708.3 тэрбум төгрөгийн буюу 86.2 хувийн, улсын төсвийн зарлага 4.737.6 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 4.119.0 тэрбум төгрөгийн буюу 86.9 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт тусгах, зохицуулалт хийх, зарим арга хэмжээний зардлыг бууруулахаар 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан гэв.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-Н гишүүн А.Тлейхан, Ё.Отгонбаяр, Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Арвин, Д.Хаянхярваа нар асуулт асууж хариулт авсан.
Тухайлбал, Ё.Отгонбаяр гишүүн, Сангийн сайд улс орны нөхцөл байдал бага зэрэг хүндэрсэн гэж зөөлрүүлж ярьж байна. Бодит байдал дээр төсөв маш их хүндэрсэн. Төсвийн тодотгол дээр манай байнгын хорооны хариуцдаг чиглэлийн баахан шинэ обьектууд орж ирсэн байна. Эрүүл мэндийн сайдад гэхэд 26, боловсрол соёл шинжлэх ухааны сайдад мөн 20-иод обьектод санхүүжилт тусгагдсан нь ямар учиртай юм бэ. Он дуусахад хоёрхон долоо хоног үлдээд байхад шинэ обьект тавьсан нь агуулгын хувьд ойлгомжгүй байна гэв. Сангийн сайд гишүүний асуултад өгсөн тайлбартаа, Засгийн газар нэгдүгээр сард эрсдэл гаргаад санхүүжүүлсэн обьектууд байгаа. Өрийн бичиг гаргаад санхүүжүүлсэн учраас энэ жилдээ багтаагаад өрөө төлөх ёстой. Тиймээс санхүүжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр 2013 оны төсвийн тухай хуульд тусгагдаад ажил нь хийгдсэн ч санхүүжилтээ авч чадаагүй 190 обьект байгаа гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, төсвийн тодотголыг хийхдээ орлогыг тодотголгүй, зөвхөн шинээр байгуулагдсан яамдын төсвийг батлахаар оруулж ирж байгаад харамсаж байна. Нэгэнт орлого нэг их наядаар тасарсан нөхцөлд орлогоо тодотгож байж төсвийн тодотголоо хийх ёстой. Гэтэл Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор яамдын төсвийг баталж өгөх үүднээс тодотгол оруулж ирж байна. Орлогоо тодотгохгүй төсөвт тодотгол хийхээр орлогыг бүрдүүлж байгаа гааль, татварынхан аж ахуй нэгжүүдээ дарамталж эхэлнэ гээд, иймд гааль, татвар дээр төсвийн орлогыг бүрдүүлэх эсэх талаар тодотгосон юм.
Төсөвт тодотгол хийх шаардлага нь Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор хуулийн дагуу явж байгаа. Орлогыг бодитой болгох асуудлыг шийдэх бололцоо энэ удаагийн төсвийн тодотголоор гарахгүй. Учир нь өмнө байсан бүх төрийн байгууллагууд 11 дүгээр сард зардлаа санхүүжүүлээд явсан. Өөрөөр хэлбэл дансныхаа үлдэгдлийг ашиглах хэлбэрээр санхүүжүүлсэн байгаа. Тийм учраас хэрэглэсэн мөнгийг буцааж авчраад зардлаа бууруулах ямар ч боломж байхгүй. Харин эрсдлээ төрийн сангийнхаа үлдэгдлийг хасах руу оруулаад явсан учраас энэ удаа бүтэцтэй холбоотой тодотгол хийнэ. Ерөнхий сайдаас хяналт шалгалтаа багасгах үүргийг гааль, татварынханд өгсөн. Ийм чиглэл өгсөн учраас орлогоо бүрдүүлэхэд хэцүү байна гэдэг зүйл ярьж байгаа. Гэхдээ аж ахуй нэгж байгууллагууд Иргэдийн хурлаас баталсан татвараа төлөх үүрэгтэй. 300 орчим тэрбум төгрөгийн татварын асуудал байгаа. Энэ татвараа олох ёстой. Ерөнхий сайд хяналт шалгалтаа зогсоо гэсэн болохоос оногдуулсан татвараа битгий төл гэдэг үүрэг өгөөгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд өгөв.
Мөн тус Байнгын хорооны дарга Д.Батцогт, нийгмийн салбарын хүрээнд 2014 онд дутуу хийгдсэн санхүүжилтийг 2015 онд үргэлжлүүлэх нь чухал гэдгийг сануулсан юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.