
Үүдэн хоймрын цаана солонго татжээ. Саяхан даа саяхан, шаагиж байсан бороо арилж. Нар угаагдсан тэнгэрийн баруун хойдод мэлтийгээд гэгээн гэрэлт цагаан туяат түмэн цацрагаа асгаж, борооны дусал дамжин давалж байна. Зүүн урагшаа тунарсан хөх үүл хүлгэлзэн нүүж, ардаа энэхүү солонгыг үлдээлээ. Солонго…хотны захад хонины шинэхэн хорголон дээр долоон өнгийн үзүүрээрээ тулан нумалжээ. Энэ гэрлийн хагас дугуй задрал дунд хүүхдүүд гүйлдэж, барьж авах гэх нь гэнэн насны гэгээн мөр гэлтэй. Тэд хотны захаар гүйлдэнэ. Солонго хөөж гүйсэн энэ бага нас хөдөө буйдын үнэн дүр. Ийм дүр бүтээнэ гэж хэн бодох вэ… Өөрөө л бүтээгдэнэ. Үсээ салаа сүлжсэн торомгор охин үүдээрээ шагайж, өнгөрч одсон борооны үүл зүүн урд тунарахыг харлаа. Зөн совин шиг санагдаж, нүдээ нухлан дахиад сайн харлаа. Яг л сумын улаан буланд концерт эхлэхийн өмнөх шиг санагджээ. Хөх тансар хилэн хөшиг хэзээ мөдгүй хоёр тийш ярагдан сумын уран сайханчид жирийтэл зогсчихсон байгаа нь харагдлаа. Энэ бодолдоо бүр итгэж, яасан нээгддэггүй хөшиг вэ… Хурдлаач… гэж амаа даран хашгирах дөхлөө… Тэгтэл босгоныхоо цаана л зогсож байлаа. Өө энэ чинь гэж бодоод гарахад борооны сүүлчийн дусал тотгоноос хөл дээр нь подхийн уналаа…
Гэрийн гадаа саяхан барьж ирээд хатаахаар дэлгээтэй чигээр нь орхисон нэг шүхэр сойгоостой. Аа эгч ирж гэж охины дуу цовоо цолгин боллоо. Тэгтэл эгч нь харагдсангүй. Эгч хаана байгаа юм бол гээд гэрийнхээ урдуур хойгуур хэсэг гүйлээ. Олдсонгүй. Ид шидтэй юм шиг тэр өдрийг би одоо ч мартдаггүй юм. Хөдөө гэр, айл мал, хотны шалбааг, холын солонго, хөөцөлдсөн хүүхдүүд…Цөм ээлжлэн тодроод байдаг юм. Тэр бүхнийг сандаан байж эгчийн минь шүхэр бүр ч тод харагдана гээч…Энэ шүхрийг нутгийн ах хотоос эгчид минь авчирч өгсөн ховор эд юм л даа. Би эгчтэйгээ энэ шүхрийн доор олон удаа бороотой өдөр явж байсан. Тэгтэл ухаарлын чагтага томолдсон нэг л өдөр эгч минь үгүй болж шүхэр нь үлдсэн байсан. Тэр өдөр л би солонго шиг амьдрал байдаг гэдгийг олж мэдсэн. Амьдрал бол долоон өнгийн солонго юм… Ойртох тусам цаашлаад байдаг аранщин юм. Эгч минь солонгонд хувилаад надад баригдахгүй тэнгэрийн цээлд одсон гэж ойлгосон. Шүхэр нь харин бодитой байсан. Сүүлд нь би зөндөө л нар бороонд халх болгосон. Эгч минь намайг нар борооноос хамгаалж байна гэж боддог болсон. Тэр бүхнээс ургуулан бодоод би тэнгэр бол шүхэр юм гэж ойлгосон. Энэ том цэнхэр шүхрийн доор хүн бүхэн хоргоддог гэж ойлгосон. Нутгийн ахын өгсөн нууцхан түүндээ хайраа шингээсэн, хамт хоёулаа энэ шүхрийн доор амьдарна гэсэн зөн мөрөөдөл нэг л өдөр гэрийн гадаа норсон дуслаа хатаахаар дэлгээстэй үлдэнэ гэж санаагүй. Эгч минь хол явчих сан.
Шүхэр | ||
Үзсэн: 4966 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.