
Шинжлэх ухаан, технологийн дэвшил, автоматчлалын тусламжтайгаар жил ирэх бүр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч ядуу буурай зарим орны иргэд өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байгаа бол хөгжингүй бусад оронд их хэмжээний хоол хүнс үр ашиггүй хаягдаж байгаа нь бас нэгэн тулгамдсан асуудал болжээ. Харин Израйлийн нэгэн хандивын байгууллага хаягдсан эдгээр хоол хүнсийг цуглуулж, хэрэгцээтэй хүмүүст нь хүргэхээр ажиллаж эхэлсэн байна.
Сайн дурын ажилчид өнгө үзэмж муутайгаасаа болоод гологдсон жүржийг түүж байна. Бусад жүржтэй яг адилхан амт чанартай ч, ердөө үзэмж муутай учраас зарим жимс борлогддоггүй юм. Ийм жимсийг Израйлийн компаниуд түүлгүй, модонд нь үлдээж, өөрөөр хэлбэл, хаядаг байна.
Харин “Лекет” гэх төрийн бус байгууллагын ажилчид эдгээр жимсийг түүж, хэрэгцээтэй хүмүүст нь тарааж эхэлжээ. Зөвхөн жүрж төдийгүй гологдол бусад жимс, хүнсний ногоог тус байгууллагынхан энэ замаар үр ашиггүй хаягдахаас сэргийлж байгаа юм. Израйльд хүн амынх нь 18 хувьд хүнсний аюулгүй байдал хангагдаагүй гэх дүнтэй байгаа ч үүний хажуугаар жилд 2.5 тонн хоол хүнс хаягддаг гэх судалгааг “Лекет” байгууллагынхан нийтлээд байна. Энэ хэмжээний хоол хүнс жилд тус улсын эдийн засагт 4.6 тэрбум америк долларын хохирол учруулж байгаа юм.
Харин “Лекет” эдгээр хүнсний бүтээгдэхүүний тэн хагасыг хаягдахаас сэргийлэх зорилт тавин ажиллаж байна. Олон улсын хэмжээнд авч үзвэл дэлхийн хүн ам жил бүр нийт үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ 3-ны нэгийг буюу 1.3 тэрбум тонн хоол хүнс хаяж үрэгдүүлдэг гэх судалгаа байна. Өндөр хөгжилтэй орнууд жил бүр Африкийн Сахарын бүсийн орнуудын үйлдвэрлэдэг хүнсийг нийлүүлсэн хэмжээтэй дүйцэх буюу 222 сая тонн хоол хүнс хаяж байгаа юм.
Хөгжилтэй орнуудын хэрэглэгчид хоол хүнсэнд гамгүй ханддаг болохыг НҮБ анхааруулж байгаа. АНУ-д хог хаягдлын хувь хэмжээнд хоол хүнсний хаягдал эзлэх хэмжээгээрээ хоёрдугаарт жагсаж байна. Энэ нь дэлхий нийт хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд тариалан, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт, мөн эцсийн шатнаас хэрэглэгчдийн гарт хүрч байгаа хоол хүнсний хаягдлыг бууруулахад анхаарах цаг болсон гэдгийг тод харуулж байгаа юм.
Дэлхийн хүн ам үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийхээ 30 гаруй хувийг хаядаг | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.