
Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Үүнийг тохиолдуулан дэлхийн бусад оронд энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг талаар товч сонирхуулж байна. Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг байна.
Хамгийн анх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг АНУ-ын Нью-Йорк хотноо 1909 оны хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэж байжээ. 1908 онд нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлөө сайжруулахыг шаардан жагсаж байсныг дурсан дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Манай хойд хөршид өрнөсөн Октябрын хувьсгалын дараа гуравдугаар сарын 8-ныг албан ёсоор эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон зарлаж, 1965 оноос хойш тус улсад энэ өдөр бүх нийтээр амрах болсон байдаг.
НҮБ 1977 онд гуравдугаар сарын 8-ныг эмэгтэйчүүдийн эрх, даян дэлхийн энх тайвныг хамгаалах өдөр болгон зарласнаар өрнөдийн орнууд энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг утгаар нь өргөн дэлгэр тэмдэглэж эхэлсэн байна. Гуравдугаар сарын 8-ны өдөр манай орноос гадна ОХУ, Казахстан, Киргизстан, Гүрж, Куба, Камбож, Лаос, Молдав, Беларусь, Афганистан, Армен, Буркина Фасо, Вьетнам, Замби, Мадакскар зэрэг олон оронд эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан бүх нийтээр амарч байна.
Харин Хятад, Македон, Мадагаскар, Балба зэрэг орны хувьд, энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүд амардаг гэдгээрээ онцлогтой юм. Болгар, Румын зэрэг улсад өнөөдрийг ээжүүдийн баяр гэж мөн үздэг. Иймээс ээж нартаа бэлэг барьдаг уламжлал тогтжээ. Армен улсын хувьд Зөвлөлт холбоот улс задарсны дараа эмэгтэйчүүдийн баяраа гуравдугаар сарын 8-нд бус, харин дөрөвдүгээр сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна. Италид эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхдээ эмэгтэйчүүдэд шар өнгөт гамба цэцэг бэлэглэдэг.
Орос, Албанид ч мөн энэ цэцгийг шоколадтай бэлэглэх хандлага их ажиглагддаг байна. АНУ харин энэ өдрийг албан ёсоор баяр гэж тэмдэглэн өнгөрүүлдэггүй. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч жил бүрийн гуравдугаар сарыг эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон зарлаж, түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийг нэхэн дурсдаг юм. Энэ оны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах зорилт дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн Турк болон бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсаал цуглаан зохион байгуулагдаж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр: Дэлхий дахинд | ||
Үзсэн: 1930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.