
Энэ сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын III багийн малчин Г.Батсүхийн хонинд кесеров хагалгаа хийж, дөрвөн ихэр хурга эсэн мэнд гаргаж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гучин-Ус сумын “Өөш шахлаг” мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч Г.Ундрахбаяртай утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Хонинд кесеров хагалгаа хийсэн тухай сонсож байсангүй. Танай сумын хувьд ийм хагалгааг өмнө нь хийж байв уу?
-Гучин-Ус сумын хувьд анхны тохиолдол болж байна. Гэхдээ энэ хагалгааг би ганцаараа хийгээгүй. Хөдөө очиж, хагалгаа хийх шаардлага гарсан учраас аймгийн ХХААГ-ын Мал эмнэлэгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан эмч нарыг дуудаж, хамтдаа хагалгааг гүйцэтгэсэн. Малчдын хувьд бол тухайн хонь өмнө нь хэд хэдэн удаа ихэрлэж байсан учраас энэ удаагийн төлөлт ч бас ихэр гэж бодож байсан юм билээ. Тэгээд хургалах болоод ирсэн чинь хонь их ивэрлээд ирсэн учраас эмч нарын тусламж авах шаардлагатай болсон хэрэг.
-Хонийг кесеровоор төллүүлнэ гэхээр мэдээ алдуулалтыг яаж хийдэг юм бол?
-Янз, янзаар хийж болно. Бүрэн эсвэл хэсэгчилж мэдээ алдуулж болдог. Энэ удаагийн хагалгааг хэсэгчилсэн мэдээ алдуулалтаар хийсэн.
-Кесеровоор төрсөн эхчүүд оёдлоо бохирдуулахгүйг их хичээдэг. Харин малын хувьд яаж бохир оруулахгүй харж, хянаж байна вэ?
-Хөдөө хийгдсэн хагалгаа учраас хороо бууцыг нь ариутгаж, цэвэршүүлсэн байгаа. Мөн тухайн хонины шархыг шат дарааллын дагуу оёод, ариутгаж боосон. Тиймээс харьцангуй гайгүй. Гэхдээ малын шарх, сорвинд нь анхаарал хандуулаад бүх цаг үед хянаад байх хэцүү л дээ.
-Ер нь кесеров хагалгаа хийсэн хонинд дахиж кесеров хийж болох уу?
-Тэр тохиолдлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бидний хагалгаа хийсэн хонины хувьд хөгшин, өмнө нь хэд хэдэн удаа ихэрлэж байсан учраас сав нэлээд нимгэрсэн байсан. Тиймээс дахиж хургалах, кесеров хийх боломжгүй. Яахав залуу хонь байсан бол боломжтой байж болно. Гэхдээ батлагдаж, нотлогдсон зүйл байхгүй.
-Кесеров хагалгаагаар гарсан хурганы хэд нь эр, хэд нь эм байв?
-Гурван эр хурга байсан. Одоо ихрүүд эрүүл саруул бойжиж байгаа. Мэдээж эх малын хувьд маш их шархтай учраас амархан тэнхрэх хэцүү.
-Малын бага эмч бэлтгэхээ больсон учраас мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна-
-Дээрх хагалгааны хувьд анхны тохиолдол байж. Тэгвэл үүнээс өөр өвөрмөц сонин хагалгааг хэр хийж байв?
-Сумынхаа хэмжээнд янз бүрийн хагалгаа, эмчилгээг бие даагаад хийчихдэг. Дурдвал битүү бөгстэй хурга, тоорой зэрэгт хагалгаа хийж байлаа. Бөгс нь эргэчихсэн мал болоод элдэв гадны хүчин зүйлд арьсаа ярчихсан мал, амьтдад оёдол тавьж байсан. Энэ мэтээр жижиг хагалгаануудыг хийх боломжтой. Бүр гэдсэндээ үхсэн төлийг мөчилж авах зэрэг хагалгааг ч хийж байлаа.
-Сумын хэмжээнд ганц малын эмнэлэг, ганц малын эмчтэй юу?
-Би 1991 оноос хойш малын эмчээр ажиллаж байна. Сумын хэмжээнд бол манайх л байдаг. Малын эмчийн хувьд ганц би байдаг ч манай эмнэлэг 4 техникчтэй болсон. Тоног төхөөрөмжийн хувьд ч сайн хангагдсан гэж хэлж болно.
-Мал эмнэлэгийн техникч гэхээр яг юу хийдэг юм бэ?
-Нэг үгээр хэлбэл, сувилагч л юм даа. Бие дааж үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргах боломжгүй. Асаргаа, тариа зэргийг хийх боломжтой хүмүүсийг хэлнэ.
-Нэг үеийг бодвол малчид нутгийнхаа малын эмнэлэгт хандах нь ихэсчээ?
-Тийм ээ. Манай сумынхны хувьд маш олон өвчлөлийн талаар мэдэгдэж, их дуудлага өгдөг. Тэр бүрт хүрч ажиллах гээд л бид чармайна шүү дээ.
-Таны хувьд 25 жил малын эмч хийсэн байна. Залгамж халаагаа бэлдэж байна уу?
-Дээхэн их сургуульд малын бага эмч бэлтгэдэг байсан юм. Одоо бэлтгэхээ больсон. Тэгэхээр залгамж халаагаа олно гэдэг хэцүү болж. Гэхдээ яах вэ өөрийнхөө хүсэлтээр малын эмч болохыг хүссэн хүмүүсийг цуглуулаад аймгийнхаа МСҮТ-д сургаад техникч болгоод авчихсан. Эд маань их сайн. Ер нь тэгээд мал эмчлэх сонирхолтой, малын эмч болох чин эрмэлзлэлтэй хүмүүсийг л сонгохгүй бол одоогийн эмч нар амар хялбар газар л байх дуртай болчихож. Суманд ирлээ гэхэд Тамгын газарт суудаг төрийн ажилтан болно оо л гэдэг.
-Аймгийн МСҮТ-д мал эмнэлэгийн техникчийн анги байдаг гэлээ. Энэ тухайгаа тодруулаач...?
-2013 оноос хойш аймгийн МСҮТ-д мал эмнэлэгийн техникчийг бидний хүсэлтийн дагуу бэлтгэдэг болсон. Тэгээд мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Энэ хүмүүсийг олохын тулд бид олон нийтэд “Мал эмнэлэгийн ажилтан болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна” гэх зар тараадаг. Зарын дагуу ирсэн хүмүүсийгээ л сургана даа. Зарим тохиолдолд үнэхээр малын эмч болох хүсэлтэй байгаа иргэдийг сургадаг. Захиалгаар гэх юм уу даа.
-Одоо манай суманд нохойны гударга өвчин гараад байна-
-Сүүлийн үед малын элдэв төрлийн өвчлөл нэмэгдэж байна. Танай сумын хувьд олонд танигдаагүй, тэр бүр гардаггүй өвчлөл хэр их байна?
-Тийм ээ. Сүүлийн жилүүдэд малын өвчлөл их болсон. Галзуу, боом зэрэг өвчин бараг бүх аймагт гарсан байх. Гэхдээ өнгөрөгч хугацаанд манай аймагт малын шинэ өвчин бүртгэгдээгүй. Харин одоо бол нохойны гударга өвчин л гарчихаад байна.
-Нохойны гударга гэхээр ямар өвчин байх вэ. Халдварынх нь байдал хэр юм бэ?
-Өндөр халуурч, хөл, толгой зэрэг татах шинж тэмдэг илэрдэг. Нохойноос нохойнд л халддаг өвчин л дөө. Сайн эмчилж чадвал 2-3 хоногтоо л эдгэрчихдэг. Галзуу өвчин шиг цусаар дамжихгүй агаараар дамжиж, нохойнд халдварладаг.
-Одоогоор хэдэн нохой гударга өвчтэй байна?
-4-5 нохойг эмчилж байна. Зарим хүндэрсэн, мэдэгдээгүй оройтож эмнэлэгийн тусламж авсан нохойнууд үхсэн. Манай хөдөөгийнхний хувьд нохойндоо их анхаарал хандуулж, ямар нэгэн өөрчлөлттэй болвол шууд л аваад ирдэг.
-Танай аймагт нохойны энэ өвчин өмнө нь гарч байв уу?
-11 жилийн өмнө гарч байсан. Өвчний голомттой байгаа учраас дахин гарч байгаа хэрэг л дээ. Бид голомт дээр ариутгалыг хийж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Ундрахбаяр: Гучин-Ус сумын хувьд хонь кесеровоор төллүүлсэн анхны тохиолдол боллоо | ||
Үзсэн: 4342 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.