
Юм их л өөр болж дээ. Дэлгэр зуны гурван сар барагдана гэж үгүй. Дээвэр дээрх дэлгэцтэй ааруулаа хичнээн ч оруулж, хичнээн ч гаргадаг байлаа даа... Бороо ороод л солонго татаад л...Сайртай жаалууд үүдэнд зогсож, шалбааг туучсан хөл нь халтартаад...Ийм л сайхан, тийм л гоёхон гэж үүнийг л хэлмээр. Тэртээ уулнаас нааш хөх ногооны униар хөшиглөж, гэрийн хойхно халуунд хорсон хонь нэгнийхээ сүүдэр рүү толгойгоо чихэн хорчихоороо дээгүүр нь дамжаад явсан ч мэдэхээргүй байдаг сан. Ийм л хөдөөгийн хүүхэд насаа эргээд нэг саналаа. Хонио саадаг байлаа. Бүр халуун зуныг тэмцэн хоёр саахыг нь яана. Одоо чухамдаа хонь саах тухай ойлголтгүй болж...Юм өөр болжээ...
Ийн бодох зуур хоёр бүсгүй гунхан ганхан айсуй...Хот газрын донжтой энэ хоёр бүсгүйг тосон уулзвал тоодог бол уу, яадаг бол... Өөрийгөө харлаа. Хонь сааж хорсон хонинд хөлөө гишгүүлчихээгүй нь яамай даа...Хөл бас халтар...Өглөө бороо орсныг хэлэх үү... Нэг хөлөн дээрээ нөгөө хөлөө тавиад гэрэвшингүй зогссоноо хониныхоо цаад руу чавхдлаа. Миний хөлийг тэр хоёр бүсгүй хараагүй байх аа... Хажуу айлын ах дүүсийн хүүхдүүд ирнэ гэсэн тэр л биз...Эргээд харвал хоёр бүсгүй гунхан ганхан саахалтын айл руу нэг хоёр гишгэсээр холдож байна. Юм өөр болжээ...
Маргааш наадамтай. Наадам дээр энэ хоёр бүсгүй тааралдвал хөх даалимбан дээлээ өмсөөд цагаан малгайгаа духдуулаад, “цагаан улт”-аа өмсчих юм чинь. Тэр хоёр лав танихгүй. Бас гайхаад л намайг араас дагуулаад харвал яана...Манай сумын наадам болдгоороо болж, шингэн дуутай хэдэн өвгөн асрын өмнө уртын дуу аялж, хээрийн цэцэгс шиг хүүхнүүд торгон дээлийн нугалаа арилтал тас тас инээлдэн, ойрдоо уулзаагүй сонин хачнаа хар захын бараа шиг дэлгээд...Би хөх даалимбан дээлтэй, цагаан малгай духдуулсан, “цагаан улт” жийсэн догь амьтан асрын ард хуушуурт оочерлоно. Яг хуушуур авдгийн даваан дээр хоёр бүсгүй гунхан ганхан ирж явна. Одоо ч намайг танихгүй дээ...Хуушуураа авлаа. Хоёр бүсгүй бараг дэргэд иржээ... Би ихэмсэг нь аргагүй дээгүүр харж хуушуураа амтална. Хоёр бүсгүй намайг хүн байна чинээ бодсонгүй дэргэдүүр өнгөрлөө... Юм өөр болжээ...
Удсан ч үгүй наадмын нээлт болж Сайханжаргал дарга үг хэлж, сайхан наадамыг ерөөлөө...Зүүн баруун талын засуул дээр тэр тэр гараарай гэж бөх тайлбарлагч хоолой өндөрсгөн зарлалаа...Нэг засуул хархүү ирж явна. Намайг чиглээд байна шүү... Би яах учраа ололгүй зогсож байтал “За хүү аманд гарна даа” гээд сугавчлаад явлаа шүү...Яаж очсоныг ч бүү мэд нэг л мэдэхэд хөх даалимбан дээлийнхээ хормойг бүсэндээ хавчуулчихсан зогсож байв. Ингээд ардын наадмын анхны даваанд хөх даалимбан тэрлэгтэйгээ зодоглосон хүн дээ... Юм өөр болжээ...
Хоёр бүсгүй гунхан ганхан ирж явна...Би аманд гараад уначихсан. Хамаг ажлынхаа ард гарсан юм шиг явж байтал өнөө хоёр чинь намайг чиглээд ирж явна. За ирвэл ч ирэг. Хөх даалимбан дээлтэйгээ байхад гэж уужирлаа. Дөхөж ирээд нэг нь чи хөдөөний хүүхэд үү гэж намжирдлаа. Хариу ч хэлж амжаагүй байтал нөгөөх нь бид хоёрыг морин дээрээ суулгаач гэж байна. Морин дээр чинь суудаггүй юм. Морддог юм гэж намайг хэдэрлэхэд тэр хоёр учиргүй инээж амаа даран цаашлахдаа юу эсийг хэлснийг би сонсоогүй. Лав л сайн хэлээгүй байх аа... Юм өөр болжээ. Хөх ногооны униарт дүрээстэй хөдөөгийн хүүгийн гэгээн тунгалаг бодол дунд хотын нялуун үхширмэл үнэрээ гээгээд холдож байгаагаа тэр хоёр ч мэдээгүй ээ.. Юм өөр болжээ...
Өөр болжээ... | ||
Үзсэн: 4996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.