Монгол улс уран буюу шар нунтаг олборлож, экспорлохоор Франц, Япон улстай нууц гэрээ хэлцэл хийсэн гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл Францын “Арева” групптэй хувьцаа эзэмшигчийн гэрээ хийсэн “Мон-Атом” компаний тэргүүн дэд захирал Л.Ганбаатар энэ хэлэлцээрт нууц зүйл байхгүй, ойролцоогоор гурван жилийн дараагаас шар нунтаг гаргаж эхлэх болов уу гэж мэдэгдлээ.
“Мон-Атом” компани нь дангаар буюу бусад хөрөнгө оруулагчтай хамтран цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх , төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох чиглэлээр хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж гэрээ байгуулах үндсэн чиг үүрэг бүхий 100 хувийн төрийн өмчит аж ахуйн нэгж юм.
- Яг ямар гэрээ хэлэлцээ, тохиролцооны үндсэн дээр Францын “Арева” группын “Арева Майнс” компанийн 34 хувийг манай улс эзэмшихээр болов?
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээгүй, тухайн компани бүх хөрөнгөө даагаад ажлаа хийж, ордын нөөцөө тогтоолгоод явсан тохиолдолд 34-өөс доошгүй хувийг Монголын тал үнэ төлбөргүй эзэмшинэ гэж 2009 оны Цөмийн энергийн хуулийн 5.3-т заасан. Гэтэл Францын “Арева” компани 1997 онд орж ирж ажилласан. Тухайн үед компани өөрийн хөрөнгөөр ордоо илрүүлж, нөөцөө тогтоовол түүнийг 100 хувь тухайн компани эзэмшинэ. МУ-д холбогдох татвар хураамжаа л төлнө гэсэн хууль үйлчилж байсан. Ийм байдлаар хөрөнгө оруулагч ажиллаж байтал 2009 онд Цөмийн энергийн хууль гарч, монголын тал ордуудын 34 хувийг үнэ төлбөргүй авчихаж байгаа юм.
Энэ заалт гадна талдаа маш их шүүмжлэл дагуулсан. Арга ч үгүй. Уул уурхайн салбарт хайгуулын шатанд эрсдэл их гардаг. Их ч хөрөнгө зардаг. Хуулийн энэ бүхнийг тухайн компани л хариуцна. Манайх эрсдлийг хариуцахгүй гэсэн үг. Тэнд гаргасан зардал ч манайд хамаагүй болж таарч байгаа юм.
Ингээд хэлэлцээр хийх үүргийнхээ дагуу манай компани 34 хувиа авах гэж хоёр жил ажилласан. “Арева” групп шууд хүлээн зөвшөөрнө гэж байхгүй шүү дээ. Тиймээс 2010 онд эхэлсэн хэлэлцээр сая амжилттай өндөрлөж, гэрээгээ байгууллаа.
- Өнгөрсөн сард байгуулсан хувьцаа эзэмшигчдийн гэрээ юу?
- Тийм. Арева группын “Арева Майнс” компаний 34 хувийн эзэмшлийг баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг юм.
- Зарим нэг нь хардаж байж болох юм. Ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр юу амлана гээд 34 хувийг үнэгүй авчихав гэж...?
- Наадах чинь ёстой ойлгомжтой асуудал. Юу ч амлаагүй. Энэ гэрээг хийхэд Засгийн газраас удирдамж гаргасан. Үүний дагуу л хийсэн.
- Манайх одоо 34 хувь дээрээ хөрөнгө оруулалт хийх үү?
- Дорноговь аймгийн Дулаан-Уул, Зөөвч-Овоо гэсэн хоёр ордын нөөц нийт 60 мянган тн гэдгийг батлаад гаргачихсан. Үүний 34 хувь нь монголынх гэдгийг баталгаажуулсан хэрэг. Эндээс гарах бүх ураны, өөрөөр хэлбэл шар нунтагийн 34 хувь нь манайд оногдоод байна гэсэн үг шүү дээ. Энэ нөөцөө манайх захиран зарцуулах, ОУ-ын зах зээлд гаргаж худалдах боломжтой боллоо. Энэ эрхээ хэлэлцээрийн үр дүнд авлаа. Францын талаас “Арева” группын ерөнхийлөгч нь өөрийн биеэр ирж гэрээ хийсэн. Энэ дашрамд “Арева” группыг ярихад дэлхийн цөмийн энергийн салбарт нөлөө бүхий тэргүүлэх компани. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээний атомын реакторуудын 95 хувьд нь үйлчилгээ үзүүлж, цөмийн түлшний зах зээлийн 35 хувийг захирч байна. Ингээд харахаар дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан корпорацийн толгой хүн ирлээ гэсэн үг ш дээ. Түүнийг ирэхэд Францын Гадаад хэргийн сайдын айлчлал давхацсан.
- Яг хэзээ ураны олборлолт эхлэх хийгээд хэдий хугацааны дараа экспортлох бол гэсэн асуултууд хариу хүлээсээр л байна. Манайхаас уран авах хүсэлтэй хичнээн орон байгаа вэ?
- Франц бол өөрөө шар нунтгийг түлш болгож боловсруулдаг, тэргүүлэгч хэрэглэгч орон. Энэ компанитай хамтарч байна. Япон бас л цөмийн түлш үйлдвэрлэдэг технологитой, атомын цахилгаан станцын реакторыг зохион бүтээдэг, хэрэглээгээрээ тэргүүлдэг орон. Тиймээс тэд өөрсдөө авч хэрэглэнэ. Бид 34 хувийнхаа шар нунтгийг аль болох өндөр үнээр л борлуулахыг эрмэлзэнэ. Тэр үед гэрээ байгуулаагүй байсан ч энэ хоёр улсад л хандах байсан. Гэтэл тэд өөрсдөө ороод ирсэн нь бидэнд завшаантай хэрэг боллоо. Тиймээс борлуулалтад ямар ч асуудал байхгүй.
- Нүүрсний үнийг тн-оор ярьдаг бол шар нунтгийг кг-аар нь ярих юм билээ. Тиймээс ч эдийн засагт өндөр ашигтай гэж тодорхойлоод байдаг. Үйлдвэрлэл эхлэснээс хойш хэдий хугацааны дараа ашгаа өгч эхлэх бол?
- Та нар өөрсдөө бод л доо. Тэдгээр ордны нийт нөөц нь 60 мянган тн шар нунтаг гээд. Өнөөдөр ураны үнэ буураад нэг кг нь 90 доллар болчихсон байна. Ингээд үржүүлээд бод л доо. Түүнээс 34 хувь нь манайд оногдоно. Мэдээж зардал хасагдана. Шар нунтаг өөрөө ямар ч хор нөлөө байхгүй. Цацраг идэвхит ашигт малтмал боловч гараараа барьсан ч хүнд шууд нөлөөлөхгүй. Шар нунтаг гэдэг нь цэвэршүүлсэн металл, байгалийн уран гэсэн үг. 85-90 хувийн ураны исэлтэй цэвэршүүлсэн түүхий эд байгаа юм. Түүнийг л бэлтгэж экспортод гаргана. Үүгээрээ шар нутаг экспортлогч орон боллоо гэсэн үг.
.
-Техник эдийн засгийн үндэслэлүүд нь гарчихсан уу?
- Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Харин Дулаан-Уул орд дээр ТЭЗҮ нь гарчихсан. Зөөвч овоо ордын үндэслэлийг хийж байна. Энэ ордыг онцлоход сүүлийн 20 жилд дэлхийн хэмжээнд гарч байгаагүй тийм хэмжээний нөөц илэрсэн. Олборлоход таатай, зардал багатай гээд уул уурхайн таатай нөхцлийг тооцоод Франц, Япон, манайх ч гэсэн хамгийн хурдан хугацаанд ашиглалтад оруулж, үр шимийг нь хүртэхийн төлөө л байгаа. Гэхдээ туршилтын шат гэж бий. Мэдээж эхлээд туршилтын үйлдвэр байгуулна. Технологиос эхлээд бүх процессоо туршина. Үүнд хоёр жилийн хугацаа шаардагдах байх. Ингээд гурав дахь жилээс үйлдвэрлэлээ эхлэх боломжтой гэж үзэж байна. Хамгийн хурдан хугацаагаар тооцоход 2016 оноос үйлдвэрлэлээ эхлэх болов уу.
Хамтарсан үйлдвэр ажиллаад эхэлсэн тэр жилээс нь л хувь хэмжээндээ таарсан ашиг олно гэсэн үг.
- “Арева” группын ерөнхийлөгч мэдэгдэхдээ “”Хүмүүст сөрөг нөлөөгүй, байгальд хоргүй хамгийн дэвшилтэд технологи ашиглана” гэсэн байсан л даа. Үнэхээр найдвартай, сөрөг нөлөөгүй гэдэг ямар баталгаа байна?
- Тэр хүн өөрөө олон нийтэд мэдэгдлээ гэдэг чинь дэлхийн хэмжээнд мэдэгдсэн гэсэн үг. Арева группын ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан гэрээ хэлцэл, ярьсан зүйл нь тухайн өдөр дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан.
Түүний хэлсэн үг өөрөө нэг баталгаа нь. Хоёрдугаарт тухайн ордуудад байгаль орчны үнэлгээ хийгдэж байгаа. Үүнд Цөмийн энергийн газар, Байгаль орчны яам болон төрийн холбогдох байгууллагууд бүгд оролцож байна. Байгаль орчин, хүн амьтанд ямар нөлөө үзүүлж болохыг урьдчилсан байдлаар үнэлсэн. Энэ явцад сөрөг үр дагавар гараагүй. Ер нь дэлхий нийтээр хамгийн үр ашигтай, хамгийн найдвартай технологийг хэн хэрэглэж байна гэхээр “Арева” групп.
- Өнгөрсөн өвөл “Арева” группын хайгуул хийж байгаа газар мал амьтан өвдлөө, үхлээ гээд нилээд асуудал дэгдсэн. Энэ байдал ч олон нийтэд болгоожмлол төрүүлсэн?
- Энэ бол Цөмийн энергийн газарт харьяалагдах асуудал л даа. Гэхдээ хариулахад Засгийн газрын түвшинд энэ асуудал яригдан, ажлын хэсэг байгуулж шалгасан. Эцсийн дүгнэлт шар нунтгаас болоогүй гэж гарсан ш дээ.
- Шар нунтаг экспортловол хаягдлаа буцааж авдаг. Тиймээс манайх цөмийн хаягдал булшлагч орон болох нь. Мөн энэ түүхий эдийг ашиглах цаг нь болоогүй гэх байдлаар Иргэний зарим байгууллага, хөдөлгөөнүүд эмзэг хандсаар байгаа . Үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Энэбол ямар ч ойлголтгүй хүмүүсийн л яриа. Шар нунтаг чинь түүхий эд. Түүхий эд гаргачихаад буцааж авна гэж байхгүй. Түүнийг авч байгаа улс чинь ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Жишээлбэл, эрчим хүчний салбарт цөмийн түлш үйлдвэрлээд буцаагаад экспортод гаргана. Тэр түлшнийхээ хаягдлыг буцааж авах зарчим л ОУ-д байдаг. Түүнээс түүхий эд гаргачихаад хаягдлаа авна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүнийг атомын цахилгаан станцад ашиглачихаад хаягдлыг нь түлш үйлдлвэрлэгч орондоо өгдөг.
- Манайх ер нь яваандаа энэ олон ордоо түшиглээд үйлдвэрлэгч орон болох уу?.
- Бид болоосой л гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр дэлхий даярараа хүлээн зөвшөөрөөд байгаа асуудал бол ирээдүйн эрчим хүчний хомсдол. Наанадаж 50, цаашлаад 100 жилийн дараа эрчим хүчний маш том хямрал болох гэж байна. Байгалийн хий, нефть бүгд шавхагдаж байна шүү дээ. Түүнийг орлуулахаар салхины, газрын гүний эрчим хүч гээд янз бүрийн арга сэдэж байна. Гэхдээ дэндүү нүсэр зардалтай, экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөтэй.
- Иргэний нийгмийн эсэргүүцээд байгаа нэг шалтгаан нь энэ юм шиг байгаа юм. Явааандаа түлш үйлдвэрлэгч болж хаягдлаа булшлагч орон болох нь гэж болгоомжлоод байна л даа?
- Үүнд улс төрөөс эхлээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх. МУ-ын эрх ашиг гээд яривал манай улс хөгжих ёстой. Хөгжил дэвшилд хүрэх ёстой. Үүний нэг суурь нь болох ураны салбарыг хөгжүүлэх л хэрэгтэй.
Цаашдаа түлш үйлдвэрлэгч орон болох юм бол атомын цахилгаан станц барих асуудал гарч ирнэ. Өөрсдөө түүхий эдтэй, бүтээгдэхүүнтэй улсад эрчим хүч хямдрах боломж ч бүрдэнэ. Аюулгүй үйлдвэрлэл талаасаа айх юм байхгүй. Технологи хөгжчихсөн шүү дээ. Бид Японы “Фукушима” цахилгаан станцыг яридаг. Тэр станцыг 40-өөд жилийн өмнө Америкчууд барьж өгсөн. Цаана чинь байгалийн нөлөөлөлгүйгээр өөрийнхөө цикл урвалынхаа үндсэн дээр маш их хэмжээний энерги, 500 мигаватт хүртэлх эрчим хүч үйлдвэрлэдэг атомын цахилгаан станцуудыг бүтээгээд үйлдвэрлэлд шилжүүлэх гэж байна. Шинжлэх ухааны техникийн дэвшил маш хурдан явж байна. Бид ч түүнтэй алхаагаа нийлүүлэх ёстой. Ингээд яваад байж болохгүй.
- Өнөөдөр аль нэг ордыг ашиглахын тулд дагавар бүтээн байгуулалт шаардлагатай болдог. Дорноговийн ордуудыг дагаад ямар бүтээн байгуулалт бий болохов?
-Мэдээж дэд бүтэц шаардлагатай. Барилга байшин, усан хангамж, зам харилцаа гээд яг үйлдвэрлэлийн зориулалттай дэд бүтэц шаардагдана. Уран өөрөө маш овор багатай. Жилдээ 3000 тн уран экспортлоход төмөр зам барих шаардлага байхгүй. Машин, онгоцоор тээвэрлэх боломжтой. Ордыг 15 жил ашиглана, дараа нь байгал орчинг нөхөн сэргээхэд 10-15 жил гээд 30 жилийн үйл ажиллагаа эрхэлнэ гэсэн үг.
- Нийт 80 гаруй ураны ордын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчдын гар дээр гар дээр байгаа гэсэн. Бусад ордуудыг хэзээнээс ашиглаж эхлэхэв?
-Оросын “Армзет” гээд дэлхийн хэмжээний компанитай Дорнод аймгийн “Дорнод” орд дээр хамтрахаар хэлэлцээр байгуулсан. Энэ ордын олборлолтын бэлтгэлийг хангачихсан. Эдгээр орд дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдчихсэн. Мөн Дорнодын “Гурван булаг” орд дээр Хятадын “Си Эн Си”-тэй хамтрахаар хэлэлцэж байна. Энэ хоёр орд дээр Монголын төр өмнө нь хөрөнгө оруулсан учир хуулиар 51 хувийг эзэмших ёстой гэж үзэж байгаа. Өмнө нь танадан судалгаа, эрэл хайгуул, геологийн ажлыг бид хийчихсэн гэсэн үг.
Цаашид манай компанийн үйл ажиллагаа жигдрээд, төслийн үйл ажиллагаа амжилттай явагдвал хайгуул хийнэ. Ер нь манайд ураны хайгуулын ажил 70-аад онд маш эрчимтэй явагдсан байдаг юм байна лээ. Сансраас судалгаа хийгээд Монголын нутаг дэвсгэрийн хаана уран байгааг тайлангаар гаргачихсан байдаг юм.
- Та ураны ордуудыг ашигласнаар цаашид олон мянган хүнийг ажлын байраар хангах боломж бүрдэнэ гэж хэвлэлд ярьсан байсан.?
- “Арева Майнс” компани одоогоор Дулаан уул, Зөөвч овоод ашиглалтын үйл ажиллагаа эрхэлнэ. Цаана нь тэдний эзэмшлийн 10 гаруй лицензтэй талбай бий. Орд илэрвэл мөн ашиглалтын ажил эхэлнэ. Хамтарсан үйлдвэр байгуулагдаад л явна.
Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар нийт ажиллагсдын 90 хувь нь монгол ажилчид байх ёстой. Энэ заалтын дагуу л гэрээ хийгдэнэ.
- Ажиллах хүчийг бэлтгэх шаардлага гарна даа?
- Энэ бол манайд шинэ салбар боловч яг цөмийн эрчим хүчний салбар гээд үзвэл манайх нилээд эртнээс мэргэжилтнүүдийг бэлтгэсэн байдаг. Үе дамжсан эрдэмтэн судлаачид, боловсон хүчнүүд ч бий. Харин үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бол арай өөр. Орчин үеийн техник технологи ажиллуулах мэргэжилтнүүд шаардлагатай. Одоохондоо ийм ажилчид алга байна.
- Нэг үе монголчууд бид алт гэж их ярьсан. Дараа нь нүүрсны үе ирсэн. Таны ярианаас ажиглахад ураны үе удахгүй ирэх нь . Ажиглаад байхад энэ салбарт Франц, Канад, Япон, Орос гээд олон ч талууд оролцох нь. Энэ байдал манай улсын хувьд ОУ-ын харилцаанд ямар өөрчлөлт бий болгох бол?
- Та нар нэг зүйлийг ажиглах хэрэгтэй. Нүүрсэн дээр дэлхийн их гүрнүүд бүгд орж ирээгүй биз дээ. Алтан дээр ч гэсэн байхгүй. Ганцхан уран дээр орж ирж байгаа юм. Уран бол өөрөө стратегийн, цэрэг дайны түүхий эд. Эрчим хүч, цацраг гаргадаг, цаашлаад маш хүчтэй зэвсэг үйлдвэрлэх үндсэн түүхий эд нь болдог. Ийм түүхий эдтэй гэдгээрээ МУ ОУ-ын анхаарлын төвд хэзээний байсан.
Тиймээс уран экспортлоно гэдэг чинь ОУ-д нэр хүнд ахина гэсэн үг. ОУ-ын, тэрдундаа Япон, Франц гээд их гүрнүүдийн ашиг сонирхол бодиттойгоор орж ирлээ гэсэн үг. Түүнтэй адил Орос, хяталд, Канад мөн орж ирж байна.
Их гүрнүүдийн бизнес, эдийн засгийн бодит оролцоо, хамтын ажиллагаа манай тусгаар тогтнол, аюулгүй байдлын маш том баталгаа болно. Тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаасаа үнэхээр хэрэгтэй зүйл болж байгаа юм. Мөн ОУ-д манай төрөөс явуулж байгаа бодлого, бидний ярьж хэлж байгаа зүйл анзаарагдаад нөлөө бүхий болоод ирнэ. Нөлөөлөл нь нэмэгдэнэ гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
“Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Чинзориг, Д.Даваадулам
| Л.Ганбаатар: Монгол улс гурван жилийн дараа шар нунтагаа экспортлоно | ||
| Үзсэн: 4424 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.