Хори Шарайд Базарын Цэдэндамба. Зохиолч сэтгүүлч яруу найрагч энэ хүнийг хүмүүс андахгүй. Радио сонсдог бүхэн мэднэ. Яваад очвол аргил бүдүүн хоолойгоор мэндлэхээс нь өмнө хараад танихгүй хүн ч бас бий. Ямар боловч тэнгэр эзэгнэж дуугарсан буриад аялгатай аргил хоолойг нь хүн бүхэн чихэндээ хоногшуулсан юм. Тэр Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол аваад ирэхдээ анхны сурвалжлага өгөхдөө “Монголын радиог сонсоогүй чих байхгүй” хэмээн хэлсэн юм. Одоо харин эрхэм багштан минь тэнгэрийн орноос энэ алдарт үгээ хэлэхээр буцсан. “Ургацын далай” хэмээх нэвтрүүлгийн нэрийн хуудас , нэр нүүр нь болсон энэ аргил хоолой тэнгэрийн хязгааргүйд түгэх болсон...Тэгээд ч хорь шахам жилийн тэртээ Монголын радиогийн “Бүдүүн дуут” хэмээн үзэг нэгт, нэг өрөөнд өргөөлөн суудаг асан МУСГ зүтгэлтэн болор цомын хошой шагналт, яруу найрагч Цэндийн Чимэддорж бичиж байлаа. Энэ үеэс л багшийг маань “Бүдүүн дуут” хэмээх гуншин дагах болсон. Залуудаа задгай явсан товир буриадыг захын хүн андахгүй. Багшийнхаа уран бүтээлч, алдарт сэтгүүлч болсон тэр замыг мөшгөн хөөвөөс мөн ихийг үзэж, мөн ч олон удаа гайхаж, мөн ч олон удаа эргэлзэж, мөн ч олон удаа сэтгэл дэврэх биз ээ. Наяад онд хүнсний зорилтот программ гээд нэг томоохон ажил улс орон даяар өрнөлөө. Ногоо цагаа тарьж, сүү цагаан идээ боловсруулах ажлын цар хүрээг нэмэгдүүлж газар бүхэн л үзэсгэлэн, үзүүлэх сургууль, ургацын баяр болж байсан цаг... Би Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагчийн ажилтай. Намрын нэг налгар өдөр өрх гэрээрээ хүнсний ногоо тариалсан ард иргэдийн ногооны үзэсгэлэн гарчихсан байлаа. Тэгтэл радиогоор төмсний тухай тун ч сонин нэвтрүүлэг явж байна. Сонслоо. Тэр ярьж байгаа хоолой, донжий нь олж байгаа зүйрлэл гэж,жигтэйхэн. Чихэн дээр л том том шар төмс “зураад” өгч байна шүү. Төмсний үүх түүхийг тэгэхэд л би ой тойндоо ортол ойлгож билээ. Энэ үед сэтгүүлч болно, “Ургацын далай” нэвтрүүлэг бэлтгэж хөтөлнө гэдэг алсын алсад л оддын дунд байсан биз ээ. Б.Цэдэндамба гэдэг хүнтэй эчнээ анх танилцсан минь энэ буюу...
.jpg)
Хожим нь хот хүрээнд ирж сургууль соёлд орчихоод уран бүтээлчийн замыг сонголоо. Одоогоос хорь гаруй жилийн өмнө Монгол хэл утга зохиолын багш болчхоод шууд л монголын радио руу уравчихлаа. Урвах шалтгаан болвоос сэтгүүлч найз Шархүүгийн Энхтөр маань хэлж байна. Чи радиод оч. Ер нь зүгээр шүү гэж... Намайг радиод ороход, багш маань тэтгэвэрт гарч байсан юм. Ингээд л бид хоёр багш шавийн барилдлагатай болж, би түүнийг уран бүтээлийн болоод сэтгүүл зүйн багшаа гэж дуудах болсон. Хадаг барьж хүндэтгэл үзүүлсэн. Багш маань ч намайг шавиа гэж дуудах болсон. Хэдэн жилийн хойно хүмүүст ярьж байна. “Би газар дээр ганц шавьтай хүн, өөр шавь больё гэж шүлэг мүлгээ үзүүлдэг хүн байсангүй. Би ч тийм хүнд багшилмаар явсангүй дээ” гэж байсан. Тэр энэхэн үедээ залуухан аатай явсан насаа л бодож хэлэх шиг болсон.
Багш надад олон зүйл ярьж өгнө. Ярьсан бүхэн нь тэр чигээрээ роман. Жараад оны дундуур Баянхонгор аймгийн Бумбатын тоосгон зовадад “нутаг заагдан” ажиллаж, улмаар Баянхонгорын декат бэлтгэх багшаар ажиллаж байсан үеэ, Хөдөөнөөс уран сайханчид шалган цуглуулж тэднийг бэлтгэж байсан тухайгаа, тэр уран сайханчид дотор нь сайхан дуулдаг эхнэртэй Санги гэдэг намхан нөхрийн тухай дүрслэхдээ “Намайг яваад очвол өнөөх Санги гэдэг нөхөр чинь сандал дээрээ гараад зогсчихсон мориныхоо дэлийг засаад л..” гэхчилэн үг өгүүлбэр бүхэндээ зүйрлэл шигтгэж ярих. Нүдэнд харагдтал ярих. Тэгснээ Зүүнбаянд нефтьд ажиллаж байхдаа л гэнэ. Бас ч гунигтай...Бас л роман. Хар малгай Жамбал гэдэг чинь гээд агуу их орчуулагчийн тухай адал явдал дүүрэн дуусашгүй сонин роман ярих. Болсон үйл явдал, явж байсан газар, уулзаж байсан хүн бүхэн нь түүний хувьд одоо цагт сонсоход сонин хачин. Магадгүй түүнийг нь бүгдийг цаасан дээр буулгачихвал амт шимт нь арилчихмаар санагдана. Өөртөө зохицсон тэр л аргил дуугаар ярьж, өргөлт зогсолтын хөг аялгаар чимж ахуйд нь би нэн дуртайсан. Одоо харин нэгд нэгэнгүй цаасан дээр буулгаж номон хөшөө босгох л үлдсэн. Үүнээс үүдээд би багшийгаа олноо алдаршсан “Бүдүүн дуут” гэдгээс нь арай өөрөөр харж “ЯРЬДАГ РОМАН” хэмээн тодотгох болсон юм даа.
Түүний тухай олны мэддэг сэдвээр ярих нь нэн сонирхолгүй байх биз ээ. Багш маань одоогоос хориод жилийн өмнө нутагтаа очоод ирэхдээ ихэд сэтгэл нь хөдлөн нэгэн нэвтрүүлэг бэлтгэж ирсэн байдаг юм. Нэвтрүүлгийнхээ нэрийг “Сэрүүн Галттай Сэльдеэ цагаан Балжийн гол, Этнографийн сурвалжлага” гэсэн байдаг юм л даа. Энэ сурвалжлагын эхлэлээс багааахан хэсгийг иш татья гэж яагаад ч юм бодлоо. Багш маань эндээс нилээд тодорно доо.
“Миний төрсөн Галттай Балжийн гол хорин нэгдүгээр зуун луу жолоо таталгүй урсаж байна. Уулын чинь ан амьтан, усны чинь тул загас өсөж үржиж, Мангир ханхалсан хөндийд чинь мал сүрэг дахиад л олширчээ. Шинэ цагийн шинжтэй олон байшин, нутгийн минь амь болсон нуруу нуруу өвс. Уур савссан малын хашаа саравч. Гол горхины шугуй бургасны дээгүүр айлуудын утаа үүл манан шиг хөвж, ай даа Сэрүүн Галттай Сэлдеэ цагаан Балж минь урьд ямар байсан тэр л дүрээрээ цас бударсан уулсынхаа дунд цагийг ажиггүй л үдэж байна уу... гэж эхлээд нутаг усныхаа тухай жаахан ярьснаа:
...Хүүеэ..., энэ олон айлын буурь... Энэ чинь эдүгээ ардын уран зохиолч Эрдэнээгийн аав Хар Сэнгэтэн, Морины уяа нь байж байна. Энэ чинь ардын жүжигчин хөдөлмөрийн баатар дуучин Пүрэвдоржийн аав Дорийхоон Цэвээнжавтан. Тэгээд Пүшхэнэгтэн. Борогтоонтон. Бажийтан. Башлийтан. Дадлын наймдугаар баг. Жаахан доошильё, Бүрдийн хотон, Шархандайтан, Сэтхээнтэн. Бүлцүүдэн. Дугартан. Жаахан доошильё. Балдиагтан. Капраалтан. Поноотон. Олзайтан. Сөөгтэн. Зүүн бие, манай хот айл. Намар цагийн балт зөгийн үүр шиг халуу дүүгсэн Галттайн хотыхон. Арын хотон. Мархайн Очиртан. Нямын Даштан. Санжийн Бямбаатан. Алс дээшээ Сөөгтэйн хамнигад, зүүн тийш нь Цагаан Чулуутыхан. Урагшаа Дуганы нуурыхан. Цаашлах дутам Бүхэн, Тосон, Чит хотыхон болж явчихна. Хоёр мандал холбоо цагаан нуур, Ногоон дов миний хайрт ногоон горхи минь чи залуухнаараа байна аа? Га хүрэхгүй газарт дөчин морин бухал тавьж байхдаа гар алдлан унаж энэ газрыг үнсэн таалах шахаж явснаа мартаагүй...”Ийм л урсам сайхан гэгээн сэргэг дурсамж дурдатгалын сэжүүрээс энэ этнографийн сурвалжлага бүтсэн юм. Энэ сурвалжлагыг бүтнээр нь сонсвол даанч сайхан. Гагцхүү багшийгаа энэ тэр нутгийн тийм ийм гэж танилцуулга бичихийн оронд л энэхэн хэсгийг товчлон авч уншигч танаа хүргэлээ. Багшийг маань аль нутгийн хэн болохыг та анзаарч мэдсэн биз ээ.
Эндээс үүдэн ажхуйяа төрсөн тоонот, бага насны зуслан дэнждээ очоод гэрийн бууриа хараад олон нөхөдтэйгээ уулзаж байгаа нь нүднээ илхэнээр бодогдож байгаа даа. Багш байсхийгээд л надад сайн сайхан хүмүүсийн тухай харагдтал, уулзаад сууж байгаа юм шиг л том том дүрслэн ярих. Нөхөрлөж явсан үеийхэн нь даанч том уран бүтээлчид байсан. Ванган л гэнэ. Чойжилийн Чимид л г гэнэ. Самбын Гончигсумлаа л гэнэ, Дарамзагд л гэнэ, Мяасүрэн л гэнэ, Бирваа л гэнэ хар малгай Жамбал л гэнэ... Дандаа ланжгарууд, жараад оны хэмээх тодотголтой алтан үеийхэн. Түүний гялалзаж явсан залуу нас ийм л хүмүүсийн дунд уран бүтээлийн оргилуун тогоонд дэвэрч халгиж цалгиж явсан. Баянхонгорт ганцхан жил болохдоо С.Гончигсумлаатай “Хонгор нутгийн жороо” Г.Бирваатай “Сарлагчин” Д.Мяасүрэнтэй “Хангайн дуу” гээд хичнээн сайхан уран бүтээл хийсэн.
“...Будан татаад дуниартсан
Буурал хангайн сайхныгээ
Буурь нь хүртэл арилаагүй
Буурал аавын нутгаа хөө
Ай хө, зээ хө
Буурал аавын нутгаар
Бууж мордоод ирээрэй...” гээд дуулдаггүй хүн даанч цөөхөн биз дээ.
Бараг л ардын дуу шиг болчихсон. Багш маань “Монголын сайхан орон” гэж нэг сайхан дуу бичсэн. Уншигч та мэднэ дээ. “Эрээлжлэн эрээлжлэн харагдамтгай,
Элгэн цэнхэр нутаг минь...” гээд л дуулдаг. Нэг удаа хэлж байна. Багшийх нь энэ дууг монголын бүдүүн хоолойтой бүхэн дуулсан юм гэж. Энэчлэн яриад байвал мөн ч олон дурсамж байна даа. Хийж бүтээсэн хэлж ярьсан бүхэн нь хүний сэтгэлд шингэж, нүдэнд тод байх аваас хамгийн том шагнал буюу... Түүний тухай хүмүүс ам өрсөн ярих дуртай. Ялангуяа тариаланчид.
-Өө чи бүдүүн дуутын шавь уу л гэдэг байлаа. Би тиймээ гэхдээ нилээд зориг муутай дуугардаг байсан болов уу...Асууж байгаа хүн надаас энэ ч дээ гээд багшийг минь хайгаад, намайг голоод байх шиг санагддаг байлаа. Би ч ийм хүний ажлыг өвөлсөндөө үүрэг хариуцлага өндөртэй ажил авлаа даа гэж бэргэж, хэрхэндээ л хичээдэг байсан юм. Сүүлдээ ч багшаараа бахархдаг болсон. Манай багшийг л асууна. Өө дажгүй, мянганы зам барьж байгаа шүү дээ гэж ам бардам өгүүлнэ. Ард түмэнд багшийн маань авъяас сэтгэлд хүрсэн дуу хоолой хэрэгтэй гэдгийг хүмүүс ойлгож л байгаа нь тэрээ. Адтай зүйрлэж, оновчтой харьцуулж, оргилсон аргил хоолойгоор түүнийг ярихад хүмүүс анхаарлаа бусдаас дайжуулан сонсдог юм. Энэ бол өөрт заяасан биологийн онцлог, унаган авъяас хоёрын нэгдэл буюу...Багш маань намайг Бээжинд сууж ахуйд бичсэн нэг захидалдаа:
“...Энэ хаврын тариалалт яахав дээ болдгоороо л болох биз. ОХУ-аас Саратов -29 сортын баахан үр ирлээ. Одооноос эхэлж өнөөх л үр дүнгүй зөвлөгөөн эхэлж байна. Байдал иймшүүхэн... Бээжин хаягтай сонин шүлэг туурвиж буйд би баяртай байна. Хувьдаа бол чамайг түргэн ирээрэй, энэ ажлаа авч бужигнуулаасай гэж л хүлээхээс өөр юмгүй. Хааяа бас агаарт гараад байгаа шүү... Ингээд төгсгөе. Богд хан уул байрандаа дүнсийж, бохир долоон гудамж наймаачнаар хахаж, зах болгонд заль мэх, заваан хэл ам буцалсаар л чамайг угтах болно. Баяртай сайхан уулзая. Ирэхдээ “Тэхийн зогсоолын дэлгүүр”-ээс “Ант водка” –той /том шилтэй/ ирээрэй. Тэр цагт шараа тайлахын болзоо тавьж үлдсэн чиний шинэ номын редактор өвгөн бүлгээ.
2000-11-29 Улаанбаатар
Энэ бол нэг захидал. Түүний доторх өм цөмхөн хэсэг. Уртын урт захидлуудыг нь уншвал тэр чигээрээ л роман гэж ойлгоход буруудахгүй ээ. Багшийнхаа тухай бичиж буй энэ л дурсамж хөргөө түүний тухай ярьдаг нэгэн хошин яриагаар өндөрлөе.
-Их дэлгүүрт явж байсан чинь, таньдаг нөхөр маань тааралдаад “Миний энэ швейцарь цаг гэж байна. Тэгэхээр нь би өөрийн зүүж явсан хөх нүүртэй “Командирские” гэдэг орос цагаа түүнд харуулж:
-Чи миний энэ цагийг юу гэж санана. Усны хамгаалалттай. Доргионы хамгаалалттай гэх мөртөө аваад шал руу чулуудчихлаа. Золоор хагарсангүй. Хөх пааланд нь жаахан сэв сууж. Өөр эвдрэлгүй шүү. Тэгээд түүнийгээ тайлбарлалаа. Энэ жаахан цайр нь холцорсныг харав уу, чи Манайх Шадивлангийн зусланд байлаа. Нэг халуун өдөр очоод хүйтэн усаар толгой цээжээ булхаад гэртээ орлоо шүү. Удсангүй л авгай хүүхнүүд “цамц, цамц” гээд шуугиан тарвьлаа даа. Гараад хартал миний хэцэн дээр тайлаад орхисон цамцны хормой бярууны амаар ороод дуусаж байх нь тэр гэм. Тэгж байтал намар болж хүйтэн сэрүүн эхэллээ. Зуслангаас орох гээд бэлтгэчихсэн. Энэ муу ганц бярууг хэн харах билээ. Алж аваад орьё гэж бодлоо. Ёсоор болгож байтал, бас л авгай хүүхнүүд шуугиад явчихлаа. “Цаг цаг “ л гэж байна. Тэгсэн нөгөө бярууны чинь гүзээнээс миний энэ муу командирский гараад ирдэг байгаа. Зун нөгөө цамцны халаасанд хийгээд хамт идүүлчихсэн юм л даа. Цагаа аваад хартал ертөнцийн цагнаас 3-хан минут хоцорсон байсан шүү...гэж ярьсан гэдэг.
Ийм л хошин ертөнцийг өөрөө бүтээж, тэр нь ард түмний дунд ам дамжин яригдсаар ардын аман зохиол руу даялсаар...Түүний тухай хамгийн их, хамгийн олон сонирхолтой яриа хөөрөөг нь мэддэг хүн гэж би өөрийгөө хэлэх эрхтэй болов уу...
Гагцхүү тэр бүхнийг өөрөөр нь яриулж байхад л даанч амттай байдаг сан... Одоо тэнгэрийн оронд очоод л оддын тэндээс ярихаар явсан... Тийм болохоор багш маань яах аргагүй л “ЯРЬДАГ РОМАН байж дээ...
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.