Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай баригдаж буй орон сууцны барилга нь тухайн орчмын автомашин, явган хүний зорчих орц, гарцыг хаасан байна. Уг зөрчилд иргэд гомдол гаргасны дагуу НХШГ-аас хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгах хугацаатай албан мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Хяналт, шалгалтын газраас дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Иргэдээс барилгын норм стандарт, хоорондын зай, ногоон байгууламж, тоглоомын талбай, барилгын ажил хийхдээ явган зорчигчдын орц, гарцыг хааж байгаа асуудлаар гомдол их ирж байна. Энэ хүрээнд шалгалт явуулж, өнөөдөр бид Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Амгалан авто плазагийн хойд талд иргэн Ж.Гантулгын захиалгатай барилга дээр ирлээ.
Тус барилга нь 2024 онд архитектор төлөвлөлтийн даалгавраа авсан бөгөөд барилгын зургаа батлуулаагүйгээс гадна барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй байна. Мөн автомашины болон явган зорчигчийн орц, гарцыг хашаалж, хаажээ. Тиймээс Барилгын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэгт үндэслэн барилгын ажлыг түр зогсоож байна. Хуульд заасан холбогдох зөвшөөрлүүдээ авсны дараа ажлаа үргэлжлүүлэх ёстой. Мөн орчны аюулгүй байдлыг хангаж, иргэдийн зорчих нөхцөлийг бүрдүүлж, батлагдсан зургийн дагуу барилгын ажлаа явуулах хэрэгтэй” гэв.
Барилгын менежер М.Серкежан “Бид барилгын ажлаа үргэлжлүүлж байтал эрэгт нуранги үүсэх эрсдэлтэй байсан тул хороонд нь мэдэгдээд зорчих хэсгийг түр хаасан. Долоо хоногийн дотор орц, гарцаа нээж иргэдийн зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө” гэлээ.
| С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна | ||
| Үзсэн: 124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.