Удам залгасан эх эцэгтэй
Унаж төрсөн эх нутагтай
Уран туурвисан зохиол бүтээлтэй
Уялга үгийн эзэн Галсангийн Болормаа ...
\Эсээ шүүмж\
Эхлэл
Шинэ зууны эхээр, өдгөөгөөс хориод жилийн өмнө Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч С.Пүрэв багшаараа хөтлүүлэн уран зохиолын ертөнцөд хөл тавьсан залуу уран бүтээлч бүсгүй өнөөдөр уншигч түмэндээ “Арсайн цэнхэр зэрэглээ”\2004\, “Богцонд ирсэн шагай”\2006\, “Нойр хулжсан шөнө”\2007\, “Сэрүүн зүүдний амраг”\2009\, “Ув улаахан хацарт”\2016\, “Цэцэг сүлжсэн инээд”\2019\ өгүүллэгийн түүврүүд, “Бийр бэхсийн тэмдэглэл”\2023\ уран сайхны шүүмж, нийтлэл, “Түгээмэл ёсны тунгаамал өв”/2014/ судалгааны, “Даяанч лам” \2007\, “Занганд орсон хулгана” \2007\, “Тугалчин хүү” \2007\,“Эрх ишиг“\2007\, “Ам цагаан хулгана” \2010\, “Хурга тугал хоёр”\2023\,”Туулайн бүжиг”\2023\ хүүхдийн ном, “Туурайн тамгатай тал” \2005\, аавдаа зориулсан “Уулс ажрах аав”, ээждээ зориулсан “Хаяарах үүрийн туяа” сонсдог номыг түмэн олондоо өргөн барьж нэг талаар уншигчдын таньдаг мэддэг зохиолч болсон, нөгөө талаар урлан бүтээхийн туршлага хуримтлуулж, туурвилын хувьд өсөж дэвжиж, зохиолчийн хувьд “эрийн цээнд” хүрсэн “том” уран бүтээлч болон зохион туурвисаар байна. Их сургуулийг төгссөн цагаас Монголын Үндэсний Радиод ажиллаж ирсэн нь уран бүтээл туурвихад нь ойр дөхөм байсан нь тодорхой боловч ерөөс түүний ур чадвар нь шаргуу, тасралтгүй, үргэлжид өсөн дэвжиж, шинийг эрэлхийлэх сэтгэлгээний үйл урлахуйн хөдөлмөртэй нь салшгүй холбоотой бөгөөд түүний уран бүтээлийг дэнслэгч миний бие ээж аав, эх нутаг, туурвил гурвын бат бэх холбоог түүний бичлэгийн нэгэн “нууц” мөн чанар гэж бодсоны учир дараах зүйлийг хураангуйлан хэлэхээр бэлдлээ.
Удам залгасан эх эцэгтэй Унаж төрсөн эх нутагтай Зохиолч эцэг, эх эх нутгаа гэх сэтгэлийг .., Хараат Хайрханд их зохиолчийн хамт очив\С.Пүрэвтэй\ Болжмор ч үл ниснэ. Гэхдээ л нэг уяралтай, сэтгэлд хөгжим эгшиглэнэ. Өвөлжөөнөөс тал нутаг цэлийн цэнхэртээд цаад доор сумын төв, цаана нь Ихэс нуур, тэртээ алсад Сутай хайрхан цайвалзаж, хажууханд хараат Хараат хайрхан уул өвгөн эцгийн дүрээр дотно дулаан харагдах Алтай нутагтаа төрж өсөж, түүгээрээ үргэлжид бахархах зохиолчийн аархал омогшил.
“Аавыгаа бодохын бүрд ухаан задарна, Тэгээд ч намайг ухаажуулах гэж алсарсан ч юм шиг санагдана. Тийм нэг үгүйрэл ухаарал нь үлдсэн хүн бол миний аав...Аав нэрийн минь өмнө хэлэгдэнэ. Нэгэн хувь заяатай минь хамт хэмжигдэнэ. Аавынхаа энэ нэрийг өргөж явна уу гэхээс уруудах зам надад байхгүй”.., “Ээж ээ. Орчлон эрээн бараан өнгөтэй гэж та хэлдэг байсан даа. Яг л тийм аж. Өчигдөрхөн нэгэнд гоморхсон араншин өнөөдөр гийн цэлмэж, өчигдрийн цухалдуухан ажлын ард өнөөдөр би гарчихсан л байна. Өчигдөрхөн учир ээдрэм байсан найзын үгийг өнөөдөр би таньж ойлгожээ. Өчигдөрхөн их ааш муутай хүмүүс холилдож байсан, харин өнөөдөр өөрийн нь араншин ил хүнтэй таарч уулзаад. Амьдрал баян аж. Энэ бүхнийг эргэцүүлэн, таньчих ухааныг надад өвлүүлсэн хүн бол ЭЭЖ минь та билээ. Амьдрал тэр чигээрээ тэмцэл аж. Тэгээд тэвчээр шалгагчийн индэр нь ив илхэн байдаг юм байна. Олон шалгаварт охин нь тэнцчихлээ. Ээж минь таны ач” гэх амьдралын агуу их ухаарал ачлал энэрлийг хүлээн авах ухаант хүүгийн бодол энэ нь эргээд залуу хойчсид хүрэх сургаал.
Ээж, аав, эх нутгийн тухайд үнэлэн хайрлан бодох түүний ухаарал цаашлаад өвөг дээдэс ахан дүүс болон өргөжиж буй нь хувь зохиолчийн ухааны тэлэлт, сэтгэлгээний задрал, уран найруулгын чадварыг улам бүр чанаржуулж өгсөн хэрэг болно. Түүний анхлан бичсэн “Элсэн толгодтой нутгаас ижий минь саравчилна” хэмээх бяцхан нийтлэлд ...Усан зэрэглээ, дов сондуулд бидэртэж, алс нутгаас хослон чуулж ирсэн тогорууд баясан жаргаж, тойрмын дунд жаргалтай байдаг ийм л цагаар нутагтаа сэтгэлийнхээ жолоог зал юу. Сэм сэмхнээр санааширсан цэв цэнхэрхэн их давалгаанд би түрэгдлээ. Болжморын шулганаа нь хүртэл дотнохон байдаг эгэлхэн нутгийнхаа зүгт бодлын цормоо түрхэн ч гэсэн илгээе дээ...гэж урлан туурвихын зорилгыг нутаг ус ижий аавтайгаа хамтатган шүтэн дээдэлж, тэдний хамтын амьдрал өөрөөр хэлбэл байгаль эх, хүмүн хоёрын холбоо харилцааг оршин ахуйн зан заншил, ёс суртахуунтай, хүний жудаг ёстой, сайнтай муутай нь холбон үзүүлсэн нь түүний урлалын нэг гол түлхүүр нууц болж байгааг давтан хэлмээр байна.
Энэ талаар..,өвгөдийн үгнээс хат суухын ухааныг эргэцүүлдэг болж, эмгэдийн сургаалаас эрх бүхнийг мэдэрч, өнгө алаг хорвоогийн хатуу хүтүү, гэгээн тунгалгаас нь ухаажихын хэрээр холын харгуйг хардаг..,Ухаан суугаад ирэхийн цагт сэтгүүлч гэдэг эрхэм хүндтэй мэргэжил эзэмшсэнээр газар газрын билиг оюунт хүмүнтэй уулзан учирч явахдаа энэ л ёсноос оюуныхаа хүрээг тэлж онгод билгээ хөглөж явлаа..., хэмээсэн нь уран бүтээлч хүний хамгийн чухал зохиол туурвихын сэдэл сэжүүр амьдралын үнэнийг олж мэдэх мэдсэний хэрээр алийг нь тунгааж үлдээх, түүнийгээ яаж дэлгэрүүлэн боловсруулах нь хэн хүнд зүгээр заяагаад байдаггүй тийм чанарыг эзэмшсэний бодит дүр зургийг харуулж байгаа хэрэг.
Тэрээр амьдралаас суралцсаар туршлага, эрдэм мэдлэг, зан суртахууны олон зүйлүүдийг хаанаас олж авсан бэ гэдэг нь, ээж ааваас эхлээд эх нутаг, төрөл төрөгсөд, ахмад буурлуудын ухаан, ажил хөдөлмөр мөн байсныг дээрхийн жишээ баталж буй хэрэг. Үүнийг бид зөвхөн өөрийн ээж аав төрөлх нутаг биш, ерөөс уншигч бүхэнд хамаатуулан ойлгож урлах сэтгэлгээгээ өргөжүүлснийг СГЗ Ч.Дагвадоржийн “Цай тань боллоо шүү ээжээ” дууны шүлгийг ухаарч ..,ээж хүний ачлалыг зуны дэлгэр сайхан, санаа төвшин цагаар биш зудтай, цөхрөлтэй, сэтгэл гэгэлгэн цагт нь шүлгээр урласан цайгаа барин, бээрэгшлийг нь тайлан байх шиг. Энэ мөр шүлгээс мойногорсон гараараа дээлийнхээ хормойг хумин бариад аргал дүүргэн гэр өөдөө зугуу зугуухнаар алхаж явахдаа бөгтөр эмгэн алсаас ирэх хүүгээ саравчлан байгаа дүр аяндаа харагдана... гэж ухаан нь уужирч, сэтгэлгээ нь өргөжин гүнзгийрч, сэдвийн хүрээ далайц нь өргөн болж уран дүрслэл бүхий тайлбар хийснээс харж болно.
Мөн түүнчлэн өвөг дээдэс ухаант буурлуудаа их Алтайтайгаа адилтган бодож ...Дарвийн нурууны ар өвөр бэлийн байгаль, хүн зоны амьдрал дүрслэгдэн, монголын уран зохиолын мянга мянган уншигч сонсогч түмний танин мэдэхүйд хүрсээр байгаа...их зохиолч \С.Пүрэв\ өөрөө “Өндөр Алтай” билээ... хэмээн хүмүн уул хоёрыг адилтган өндөр сүрлэг сайхныг агуу оюун ухаантай, байгалийн мөнхөд оршиж хорвоогийн амьд бүхнийг тэжээн тэтгэсээр байгааг ухаант хүмүүний мэргэн сургаал үргэлж мөнхийн ач тусаа өгөх тавилантай зэрэгцүүлэн адилтгаж эх нутаг, элэнц дээдсээ бахархан дуулсныг давхар өгүүлэхэд илүүдэхгүй биз ээ.
“Уулс дундаа миний Алтай” эсээд ...Алтайн хөх хөх уулс өмнүүр дүмбийгээд ирлээ. Миний Алтайд намрын сэрүүн, цагаан хяруутайгаа заларсан байна шүү. Санчиг буурал их уулсынхаа дунд Алтай нутаг танил дотнохон дүрээрээ тодроод ирлээ. Тэнхээлэг их уулсынхаа нөмөрт хоргодсон миний сэтгэлийн цангаа гантай зуны бороон дуслууд үүлс сэмлэн буух шиг газартаа яаран догдлоход агаарын хүлэг газардлаа... төрүүлсэн үрсдээ амьдрах ухааныг зааж өгдөг их уулс, түүнээс тасралтгүй суралцагч хүү хоёрын уулзалт тасрахгүй үргэлжилсээр байдгийг жишээлэн харуулсан бичвэр байна.
“Ухаарал”- тасралтгүй үргэлжилсээр...Өдгөөд тэртээ он жилийн амьдралын –“их” гэрт наадаж, зүггүйтэж явахдаа ахтайгаа хамжиж амссан аавынхаа зэмлэлийг дахин нэг уудалж үзэх минь ч гэж заримдаа бодно. Бас ч халуухан сургаал нь одоо ч багадаагүй хэрнээ, хатуухан зэмлэлийг ингэтлээ санаашран байх нь ч юуны учир вэ... гэсэн асуулт өөртөө тавьж үзлээ. Гэвч энэ томоос том асуултын тэмдгийн ард цувраа олон хариулт хөвөрлөө. Тэдний дунд “Амьдрал гэдэг чинь дандаа сорилт байдаг юм. Охин минь урагшаа алхаагаа бүр хийморьлог болгоод алх” гэсэн тод мөрдлөгүүд хэмнэл даган хөвөрсөөр миний өлмийг даваад арилаад өглөө...Аавтайгаа халуухан яриа өрнүүлээд сая өндийж байгаа юм шиг сэтгэл амгалан болох чинь...
Энэ бүгд нэг талаас аав ижий, эх нутгаа санасан хүүгийн бодол мэт харагдавч үнэн хэрэгтээ тэдний ухаант сургаалаас суралцаж, тэднийгээ өрөвдөн хайрлаж, хайрлахдаа хэлсэн ярьсан бүхнийг эргүүлэн санаж өөрийн амьдралын алхам бүртээ мөрдөн дурсаж хэрэглэж яваа нь өнөөх л бидний дээр дурдсан нутаг нуга, ижий аав, өвгөд дээдсийн амин холбоо бол Г. Болормаагийн уран бүтээлийн нэг эх ундарга болсоор байгаагийн баталгаа гэдгийн баримт болж үлдсэн байна.
Болормаагийн бүтээлүүд нутаг, хүн амь нэгтэй гэх үзэл салшгүй холбоотой бөгөөд үүнийгээ яруу найрагч Мөнхөөгийн Билигсайханы “Надаас хүсдэг шүлгүүд” нийтлэлдээ тодорхой өгүүлж яруу найрагчийн:
...Миний өвөг эцгийн шодон гэзгийг угаасан
Мэлмэрээ цэнхэр тэнгэрийн нарыг усандаа ундаалсан
Хүүхэд ахуй насны минь хөлний улыг дулаацуулсан
Хөрс зөөлөн Олонбулаг минь
Хүйтэндээ хүйтэн,халуундаа халуун нутаг
Морины дүртэй уулыг Хар азарга гэдэг юм
Монгол элсний модыг заг гэдэг юм
Монголын амттай жимсийг молцог гоёохой гэдэг юм
Моринд хайртай ардыг монгол уяач гэдэг юм...,хэмээх шүлгийг эш татан М. Билигсайхан гэдэг яруу найрагч Говь-Алтай аймгийг Халиун сумын Олон булагийн баян бүрдээс орчлонгийн сониныг олж мэдэрсэн хүн... хэмээн онцолж, уран бүтээлч уугуул нутаг хоёрын холбоосыг ..,Билиг ээ ах нутаг явж байна уу гэж асуухад За даа худалчхан хүнд долоо хоног бүхэн явж байна...гэж бардамхан хэлдэг юм. Түүний настай буурал ээжийгээ зорин тэмүүлэх зүг нь Алтай нутаг байдаг...” гэж тодотгон өгчээ.
Г.Болормаагийн номын багш С.Пүрэв нэгэнтээ ...”Төрийн шагналт, МУСГЗ зохиолч Д.Гармаатай ярьж ахуйд тэрбээр надад ...тэр Галсангийн Болормаа шиг өнөөдрийн монгол ахуйг бичих юм сан. Өнөөгийн ахуй гэдэг адармаатай болсон шүү... гэж зохиогчийг болоод дорой эх баригч намайг баярлуулж билээ” гэснийг дурдахад уран бүтээлч Г.Болормаа уншигч төдийгүй эрхэм хүндтэй уран бүтээлчдэд уул эх нутгаа тодруулбал Алтайн хөх уулс, алсран цэнхэртэх зэрэглээт говио аав ээж, ахан дүүс шинэ цагийн монгол нүүдлийн амьдралыг хэрхэн уран бүтээлд тусгаж байгааг үнэлэх нэг томоохон хэмжүүр гэж үзэж болно.
2007 онд мөхөс миний бие Г.Болормаагийн “Нойр хулжсан шөнө” өгүүллэгийн түүврийн анхны уншигчийн хувьд “Өнөөгийн утга зохиолд туульсын төрөл нэг л амжилт олохгүй байгааг орчин үед том хэмжээний зохиол хэн ч сонирхохгүй түүнийг уншиж суудаг зав ч байхгүй болсноор тайлбарладаг. Туульсын төрлийн богино хэлбэрүүд ч төдийлөн гарч харагдахгүй байгаа. Зарим нэг элдэв хэлбэр, чиглэлийг баримталсан гэсэн тодотголтой зүйл гарсан ч уран сайхны чадвараар төдийлөн ялгарч өгөхгүй байна гэж болно. Ийм цаг үе, ийм нөхцөл байдалд мэндэлж байгаа богино хэмжээний үргэлжилсэн үгийн энэ номонд тэмдэглэх зүйл бас байна аа. Өдгөө цагт нэн ховордож бараг л нүдэнд орсон шороо, шүдэнд орсон мах адил хандах болсон уламжлалт сэтгэлгээ, нүүдэлчдийн өвөрмөц ахуй, хөдөөгийн орчин, хүмүүсийн харьцааг дүрслэхдээ орчин үеийн ахуй нөхцөлд дэвсгэрлэсэн нь харагдана.
Тухайлбал: “Унага уралдсан наадам” хэмээх богино өгүүллэгт одоо цагийн залуу хүн тэдний шинэ үе, үзэл сэтгэлгээг хөдөөгийн наадам морьдын уралдаанаар төлөөлүүлэн гаргаж чадсан байна. Залуу хүүд хандан хэлж байгаа аав болон нутгийн өвгөний үг, төрх байдал ямар нэгэн хэмжээгээр залуучуудад, залуу үед, шинэ цаг нөхцөл байдалд хандсан үзэл цаашилбал түүний дотоод сэтгэлд байдаг үнэтэй нандин, эрхэм амьдралын утга учир болсон өвөрмөц ахуйд санаа зовнисон сэтгэл, эцэст нь үл тасрах залгамж, итгэл найдварыг төрүүлж нэг ёсондоо дотоод сэтгэлийг амрааж байдаг. Дашрамд дурдахад энэ бол өөрчлөгдөн шинэчлэгдэхийг үл хүсэн, хуучинтайгаа учир утгагүй зууралдсан, муйхар үзэл сэтгэлгээ биш юм шүү. Тиймээс дээрх сэтгэлийн амрал тайвшрал бол эцсийн дүндээ хүний амьдрал гэгчийн утга учиртай холбогддог. Харин “Тунамалтуул” өгүүллэгт хүний амьдралд учирсан, тохиолдсон сэтгэлийг гүн хөдөлгөсөн тэр зүйл ямар нэг хэмжээгээр үлддэг тухай өгүүлсэн гэж хэлж болно. Урьд нэгэн цагт ямар нэг учралаар тохиолдсон боловч хожим түүнийгээ мартсан, мэдэн будилсан, чухам дотоод сэтгэлийн зүйл биш байсан мэтээр дүрсэлдэг. Харин зохиолын эцэст энэ огт тийм биш харин ч эсрэгээр дотоод сэтгэлийн гүнд нь ул мөрөө үлдээсэн байдаг тухай тайлал гардаг. Энд чухам яагаад анх учирсан, юу тэднийг учруулсан, яагаад холдож хөндийрсөн зэрэг огт гардаггүй бөгөөд ерөөс богино хэмжээний туульсын зохиолд дүрслэгдэхүүний өвөрмөц шинжээс нь шалтгаалан энэ огт хамааралгүй бараг боломж ч үгүй харин тухайн цаг нөхцөл байдал дахь нэгэн агшин, сэтгэлийн хөдлөл, зураглал дүрслэгддэг гэдэг. Энэ утгаар дээрх өгүүллэг, номонд орсон зохиолууд бүхэлдээ ямар нэг агшин, тодорхой үзэгдэл, сэтгэлийн хөдлөлийг илтгэж байна. Ингэж уг түүвэрт орсон өгүүллэгүүдийн ур чадварыг сайшаахын зэрэгцээ мөн анхаарах зүйлийг дараах байдлаар хэлж байжээ. Зохиолд тодорхой утга, ямар нэгэн санаа цухалзаж байлаа ч түүнийг уран сайхнаар илэрхийлэх, дүрийн логик уялдааг илүү гүнзгийрүүлэх, үйл явдал зохиомжийн харилцан хамаарал, авцалдааг харах, хэл дүрслэлийг анхаарах зэргийг цаашдын уран бүтээлдээ...улам нягтруулан чамбайруулж бичихийг зөвлөж байсан юм. Энэ цагаас хорь шахам жил өнгөрөөд түүний хийсэн бүтээснийг үзэхэд сэтгэлгээ гүнзгийрсэн, утга улам бүр далд гүн болсон, туршлагажсан, тууштай байсан зэрэг магтаалыг хайр гамгүй өгмөөр санагдсаны учир үргэлжлүүлэн өгүүлэх нь:
“Уран туурвисан зохиол бүтээлтэй Уялга үгийн эзэн Галсангийн Болормаа”
Сүүлийн хориод жил Г. Болормаа өгүүллэгийн зургаа долоон ном, түүндээ хоёр зуу гаран өгүүллэг бичиж уншигчдад хүргэсэн байна. Бүгдийг нягтлан уншваас тэр уран бүтээлчийн хувьд хэрхэн өсөж өндийсөн, бичил хүүрнэл зохиолын сэдэв зохиомж, өгүүлэмж байгууламж, дүр дүрслэл, хэл найруулгын хувьд цэгцэрч сайжирсныг харж болно.
“Хөх уулсын бүсгүй” өгүүллэгт эртхэндээ говь нутагт газар сайгүй биш ч, ганц нэг байж л байсан ганц бие эмэгтэйн тухай өгүүлнэ. Дунгаа эмээ залуу насандаа Бат хэмээх эртэй ханилан долоо найман жил болсон ч тэр хоёрт үр хүүхэд заяасангүй. Заяагаар ч юм уу тохиолдлоор ч юм уу хажуу нутгийн Ганчимэг хэмээх өөр хүүхэнтэй эр нөхөр нь холбогдож нэгэн хүүтэй болсныг Дунгаа ч Бат ч сүүлд мэдсэнээр Бат Ганчимэг хоёрын амьдрал нийлж, Дунгаа насаараа төрж өссөн Хөх уулсаа, Батыгаа саравчлан харж хүлээсээр насыг барж буй товч өгүүлэмжтэй... Зохиолыг өнгөц уншихад хүний амьдралд байдаг нэг л “дурлалын гурвалжин” мэт харагдавч үнэн хэрэгтээ говь нутгийн ганц бие бүсгүй хүний амьдралын хатуу хүтүү, түүнийг даван туулах асар их сэтгэл санаа, биеийн хүч чадал, хамгийн гол нь хайр сэтгэлдээ үнэнч байх түүгээрээ сэтгэл санаагаа тэжээж амьдрах, энэхүү амьдрал нь нэг талаас хайрт хүнээ хүлээн бодох хүч, нөгөө талаас төрж өссөн Хөх уулсаа харан санагалзах нутгаа гэх сэтгэл байсныг Дунгаагийн дүрээр урлан гаргажээ.
...Холын хөх уулсын нутгаасаа их л залуудаа гарч явсан хүн юм. Унасан газрынхаа Хөх уулсын зүгийг л харж хүний орчлонг гэтэлсэн түүнд Хөх уулсынхаа дунд эргэж шингэн төгсөхийн хувь үлдсэн нь ганц үнэн юм шиг... Бат минь надтай нэг уулзах л учиртай байсан биз. Урд шөнө зүүдэнд ямар тод орно вэ” хэмээн эх нутаг, эр нөхөр хоёроо зэрэгцүүлэн бодож буй нь юуны өмнө “төрсөн нутаг” гэх онцгой мэдрэмж зөвхөн нүүдэлчин монголчуудад байдаг бидний сайн мэддэг, тэгсэн мөртлөө анзаарахгүй явдаг ойлголтыг тодруулан дүрсэлжээ. Төрсөн нутгийн үнэ цэнийг хүн бүр янз бүрээр л ойлгодог. Монгол хүнийг мэндлэхэд ижий ааваас гадна нутаг нь бас тосож авдаг. Тиймээс ч төрсөн нутаг нь хорвоогийн жам ёс, хувь тавилангаар бие болоод сэтгэлийг удирддаг, өөртөө татах хүчтэй байдаг. Үүнийг бид хүмүн байгалийн хүйн холбоо гэж нэрлэдэг. Ертөнцийн энэхүү нууц атлаа ил, мэдэгдэх мөртлөө үл мэдэгдэх хүмүн байгалийн холбоог Алтайн Хөх уулс, түүнд насаараа сүжиглэн амьдрах Дунгаагийн сайн сайхан, баяр гэгээлэгтэй холбож, нөгөө талдаа насаараа гомдож, цөхөрч хүлээх Баттай давхар хэлхээс хийн холбон урлаж, зовлон гунигийн үл мартагдах түүх дурсамжийг уншигчдын өмнө тодорхой зурж, энэ нь чухамдаа амьдралын хар цагааны тэмцэл тэнцэл, сайн муугийн хоршил, сайхан муухайн өрсөлдөөн дээр оршдогийг үзүүлж чадсан. Энэ бол хүний амьдрал, монголчуудын амьдрал, бидэнтэй зэрэгцээд байж буй, бидний дунд өдгөө ч байгаа, судлаачдын хэлээр нийгэм соёлын өв үнэт зүйл болж тэмдэглэгдэх агуу энгийн зүйл боловч асар их нарийн төвөгтэй сэтгэл зүйн оршихуйн түүх юм.
Хүн байгалийн холбоо хэлхээсийг улам бүр нарийн төвөгтэй, гүн гүнзгийгээр утгыг нууцлан сэтгэл зүйн далд ухамсраар илэрхийлсэн “Ирвэс” өгүүллэг сонирхолтой. Энд мөн л амьдралын мөнхийн тэмцэл ууж идэх, шунан тачаах, баяжин баярлах үйлийн төлөөллөөр Галбат хэмээх хөдөөгийн нэгэн анчин залуу, үр хойчсоо өсгөн бойжуулж, энэ амьдралд ирсэн өөрийн үүргээ биелүүлэх зорилготой уулын ирвэс хоёрын дунд ил далд тэмцэл өрнөж ингэхдээ ухаант хүмүн Галбатын хувийн амьдрал төрсөн хүү Бумбатыг бодох хайрлах сэтгэл уул усандаа аажмаар шилжсэн, өөрөөр хэлбэл байгаль эх бүхнийг бий болгосон, түүнийг өөрчилж хувиргаж чадаж байгаагийн үлгэр жишээг гол баатар Галбатын зүүд совингийн бэлгэдлээр тайлан илэрхийлсэн содон сонин дүрслэл бүхий, зохиолчийн урлах эрдмийн өсөлтийг харуулсан зохиол болсон байна. Өгүүллэгт эрээнээ буудуулсан ирвэсийн тухай ...Яагаад ч юм хөгшин ирвэс энэ зүгт нэхэл хатуутай ширтэж байв. Тэрээр амьтны ухаанаар эрээнийхээ дүрийг санах бүрийд хорсолт бодол цухалзуулавч уулыг нурааж дийлэхгүйгээ мэдэрсэн шиг амаа алд дэлэм эвшээлгэн буцаад л ан авынхаа эрэлд гардаг юм. Олон жил өнгөрсөн ч эрээнийг авч явсан шорон зэвсэгтэнг дахиж ирэх вий гэж хорсолдон тэрсэлдэх нь их.., Дөрвөн зулзагын эх эрээнийг алуулсны хариуг ингэж өширхөн бодох ирвэсийн бодлыг зохиолч санаанаасаа хонзогнуулан бичээгүй нь Алтай нутгийн ард түмний дунд яригддаг ирвэсийн тухай домог яриатай холбоотой, өөрөөр хэлбэл урлан туурвихдаа олон зуун жил ард олны дунд түгэн дэлгэрсэн аман зохиолын сэтгэлгээг чадамгай ашигласан, аман бичгийн зохиолын хэлхээ холбооны жижиг боловч гүүр болж чаджээ. Алтайханы дунд ... хосоороо болон зулзагатайгаа яваа ирвэстэй таарвал агнахыг цээрлэдэг...агнахдаа шархдуулахаас ихэд болгоомжилдог. Учир нь ирвэс маш өширхүү, ижлийнхээ, үр зулзагынхаа, шархныхаа өшөөгөө авч байж л санаа нь амардаг гэдэг..,домог, Нэгэн анчин хоёр зулзагатайгаа яваа ирвэсийн нэг багыг нь намначхаад нөгөө хоёрыг нь алдчихжээ. Тэр хавиараа нэгжиж хайгаад олсонгүй. Ирвэсийн өширхүүг сайн мэдэх учир хэдэн уул, хөндий гатлан нүүдэллэж, нутгаа сольжээ. Нэгэн удаа ангаас эргэж иртэл гэрийг нь тойрсон ирвэсийн мөр байна гэнэ. Сэжиг авсан анчин морио хол уяад, сэмхэн гэтэж тотгоороо шагайвал эхнэр хүүхдийг нь зооглочихсон цатгалан ирвэс орон дээр нь хэвтэж байжээ. Тотгоороо буудаж ирвэсийг намнасан ч голомтоо самруулсан сайх анчин удалгүй тэнэж яваад хальсан гэдэг. Бас ирвэсийг хараалч гэж үздэг байна. Энэ мэт домог хууч яриа их байдаг нь Г.Болормаагийн “Ирвэс” өгүүллэгт далд санаагаараа бүрэн тусаж, түүний зүүдэнд зөн совингоор ирж, бодол санааг нь өөрчилжээ. Ирвэс агнах гэж хэдэн өдөр хөөцөлдсөн Галбат хүүг нь ирвэс идэж байна гэх мэтийн муу ёрын зүүдийг шөнөжин зүүдэлж, зүүдний зөв совингоо даган гэртээ буцаж байна. Монгол ардын тууль, домог үлгэрүүдэд хаан болон баатар эр дайнд мордох, ан авд явахдаа эсвэл зүүдэлдэг, эсвэл мэргэч төлөгч нараас асууж тэрхүү бошго мэргийг даган ажил амьдралаа зохицуулдаг уламжлалт уран сайхны дүрслэлийн арга Г.Болормаагийн өгүүллэгт байгаа нь өнөөгийн шинэ цагийн монгол уран зохиолын аман болон уран зохиолын харилцаа холбоо тасраагүй урлах сэтгэхүй нь үе дамжин хөгжсөөр байгаа гэх “онол”-ын том дүгнэлтийн нэгэн баталгаа сэжүүр болж болох юм.
“Богцонд ирсэн шагай” бичил өгүүллэгийн түүвэрт буй “Баривч”. Өгүүллэгийн утгыг тайлахын өмнө баривчийн тухай монголчуудын уламжлалт ойлголтыг товч дурдах нь зүйтэй мэт санагдана. Баривчийн тухай домог, аман хууч элбэг байдгаас нэгийг дурдвал...Эрт урьд цагт үрээ алдсан чөтгөр харуй бүрий болохоор хүүхдийн уйлах дуунаар айл болгоны тотгоор шагайж үрээ хайж явдаг байжээ. Нэгэн үдэш хүүхдийн дуу гарч байгаа айлаар шагайтал, айлын эхнэр нялх хүүхдээ өхөөрдөн эрхлүүлэн сууж байв. Чөтгөр дотроо баярлаж одоо л хүүхдээ нэрээр нь дуудах байх гэж чимээгүйхэн /монгол ёсонд орой үдэш хүүхдийг нэрээр нь дууддаггүй / хүлээв. Айлын эхнэр хүүхдээ тэврэхэд хүүхэд захыг нь ухаагүй баривч өмсчихсөн байхыг чөтгөр хараад энэ хүүхэд биш байна хэмээн эргэн явжээ...Мөн захыг нь ухаагүй дээлийг хүн өмсөж болдоггүй учир хүүхдийнхээ дээлийн захыг ухаагүй...хэмээн домнож ар шилэнд өөдсийг нь зүүдэг домтой болжээ, Бас өөрөө урласан баривчийг өмсүүлэхэд хүүхэд алив муу юмнаас хамгаалдаг гэж үздэг учраас өөрсдийнхөө гараар үр хүүхдэдээ баривч хийж өмсүүлэхээр муу юм, гай барцад таарч учирдаггүй гэсэн уламжлал ёс тогтжээ. Ардын уламжлалт ёс ахуйгаас бид нэгд нялх балчир хүүхдэд баривч хийж өмсгөх нь муу муухайгаас хамгаалах, хоёрт тэрхүү баривчийг хүүхдийн ээж аав биш хөндлөнгийн өөр хүн хийх ёстой гэсэн ойлголтыг төвөггүй ойлгож болно. Тэгвэл Г.Болормаагийн “Баривч” бичил өгүүллэгт өөрсдөө үр хүүхэдгүй боловч ойр хотныхоо олон хүүхэд багачуудыг өөрийн мэт хайрлан өхөөрдөж, хүмүүжүүлэн сургаж буй өвгөн Гэндэн түүний хөгшин хоёрын цагаан сэтгэл, хайр энэрэл нь чухам тэрхүү уламжлалт санааг агуулсан нь баривчаар дамжин илэрч байна... Өгүүллэгт Гэндэнгийн хот айлд нэгэн шинэ охин мэндэлснийг дуулсан даруйдаа ...Манайханд бас нэг бүл нэмэгдлээ. Миний хань хөөрхөн баривч оёоч. Энэ хэдэн “бахиал”-ын дайсан шар охиныг минь нэг л өглөө чирч гулдраад, тожир тожир хөтлөөд ороод л ирнэ дээ. Нэг шаазан шинээр гаргаа хө. Гэхдээ буурал магнайгаа толинд харснаа өөрөө санаа алдлаа. Эхнэрийнхээ нандигнан урласан эрээн торгоор хийсэн баривчийг үнэрлэж үзсэнээ...хэдэн үрсийнхээ сайн сайхны төлөө хоёулаа зүтгэнэ ээ гэж өөрөө эцэг болсон адилаар нялхамсаг сэтгэлээр өгүүлэх нь даанч сайхан.., Зохиолын төгсгөлд өөр айлд төрсөн охиныг өөрийн үр төрсөн мэт хайрлан бодох Гэндэн ёстой “Ямар ч эр хүн эцэг болж чадна. Харин онцгой нэг нь л аав болдог” гэж Стив Харвэйн хэлсэн үгийн эзэн болж өгүүллэгийн утгыг гүнзгийрүүлж, үүнийг баталж хэдэн хүүхдийнхээ төлөө хоёулаа зүтгэнэ ээ гэж хэлснийг батлах мэт “Гэндэнгийн үүд хаалгыг нь өдөржин онголзуулдаг олон хүүхэдтэй айл” байснаар төлөөлүүлэн “ихийг” өгүүлснээр төгсөж байна.
“Сүмбэ хамба” хэмээх өгүүллэгийн баатар Монголын алдарт гүүш Хөхнуурын Ишбалжир хэмээх эрдэмтэн домч, зурхайч, түүхч, утга зохиолч, шашны том зүтгэлтэн. Түүний бичсэн “Цэцгийн хэлхээ” хэмээх сургаал шүлэгт их гүүшийн өөрийн ертөнцийг үзэх үзэл, хийж бүтээсэн буюу бүтээх үзэл санаа нь бүхэлдээ багтсан байх бөгөөд Г.Болормаагийн “Сүмбэ хамба” өгүүллэгт энэхүү шүлгийн далд утга, гүн санаа тохиолдлын бус тавилан ёсоор шингэн орсон байна гэж саналаа. Шүлэгт
Цастын цагаан оргилыг
Будан бүрхэвч хиртэхгүй.
Угийн хар нүүрсийг
Усаар угаавч цайхгүй...
гэсэн мөрүүд байх ба шүлгийн энэхүү санааг өгүүллэгийн эхэнд гол баатрын эгэлгүй их эрдэм ном түүнд атаархагч гэвшийн дүрээр сөргөлдүүлэн гаргаж үүнийг “Сүмбэ хамбатны ухаанд мэдэц мэдлэг хуран цогцолж байсанд хэн хүнгүй шүтэвч, басхүү эн тэнцэхүйц хор зэрэгцдэг ажээ” гээд цааш нь энэхүү эрдэм ном хүн чанарын “цасан оргил” болсон Сүмбэ хамбыг, атаа жөтөө, хов шуналын тулам “хар нүүрс” гэвштэй зэрэгцүүлэн харгалдуулан дүрслээд үүнийгээ улам тодруулж гэвш ламын чамд би эрдэм ном, билиг оюунаар хүрч чадахгүй бол шавийг чинь хорлоно хэмээх санаа агуулсныг зөн билиг, номын ид шидээр мэдэж, “атаачийн зүг зэрвэсхэн харснаа маани хэлж зүүн тийш үлээн хийсгэн тэрхүү хорыг саатуулж байна. Энэ үйлийн дараа толбот гэвшийн өрөөсөн нүдний дээд зовхи гэнэт доош буучхаад өндийж өгсөнгүйд, бухимдан сүмээс гарч явсан бөгөөд хамба ламтан “өөрөө л нүглийн хүүдий дүүргэх гээд байх юм даа“ гэж үйлийн үрийн үнэн зөвийг тайлал болгон өгүүлжээ. Өгүүллэг эхлэхэд л эрдэм ном хүн чанарын “цаст оргил” болсон Сүмбэ хамба, түүнд атаархан жөтөөрхөгч “хар нүүрс” болсон гэвш ламын дүр сэтгэлд нэн тодорхой бууж, цасан цагаан оргилыг будан бүрхээд ч хиртүүлэхгүй адил эрдэм ном, бясалгалын ухаан хүн чанарын оройн дээд болсон хамбыг юугаар ч ямар ч аргаар дарж далдлан арилгах хүчин байхгүй бүхний дээд эрхэм байсаар байхыг хамбын дүрээр, “хар нүүрс” хичнээн угааж цэвэрлэвч мөн чанартайгаа мөнхөд үлдэхийн жам ёсыг гэвш ламын дүрд шингээж тэдгээрийг хооронд нь сөргөлдүүлэн өгүүллэгийн зөрчилт санааг тавьсан байна. Энэхүү үйлийн үр нь дээрх шүлгийн
..Уужим ухааны талд
Гэрэл гийх нь хялбар.
Цухал сэтгэлийн жалганд
Сүүдэр буух нь түргэн....
гэсэн дараагийн бадгийн утгаар бүрэн төгс дуусгавар болж байгаагаар илэрхийлэгдэж, зохиолчийн гаргах гэсэн утга санааг уншигчдад бүрэн хүргэснийг төвөггүй харж болно. Зохиолын төгсгөлд Бөхөрсөн өвсний хөх үндэс эргэж ургадаг шидийг тарнийн хүчээр бөхөлснийг Сүмбэ хамбын ид шид хэмээн түмэн олноороо бахдан гайхаж буй үед насны тэн хагаст хамбатай хамт байж, цуг эрдэм ном үзэж номын хүч олсон Толбот гэвш Сүмбэ хамба руу зэвхий хөх царайлж хүйтэн харцаар зэрвэс хараад гөлдөсхийхийг залуу лам мэдрэв ээ... хэмээн зөрчлийг тайлжээ. Эндээс бид хамба ламын тарнийн ид шид, өвс ургамлын эмнэл зүйн гайхамшгийг эзэмшсэн дорнын их ухаан, түүнийг уламжлан авч явах залуу халааг нэг талаас нөгөө талаас тэр их нэр хүнд, эрдэм оюунтай үргэлжид өрсөлдөх өшөө хонзон, атаа жөтөө тухайн үед ч байсан цаашид ч байсаар байхын мөнхийн утга санааг мэдэж авч болно.
... Хий салхинд тоос хөдлөхөөс
Нарны гэрэл хөдлөхгүй.
Хийрхүү цуугианд мунхгууд автахаас
Билгүүн оюут автахгүй...
хэмээх дөрвөн мөртийн утга санааг зохиолч “эв тангаргаа эмхэлбээс эд нь өөрөө арвижиж, хүн нь өсөж үржих нигууртай ард олондоо, Эвийн хүчийг нэгтгэхэд харин олны санаа цалгар харагдаад байна. Яалтай...” хэмээн бодож, нэгэн гэгээнтний “хүү ухаан муутай, эмгэн залбирал сайтай” аль нь дийлэх вэ гэсэн асуултад эхийн хүчийг дийлэх тийм уншлага олдсонгүй. Учир нь эх хорхойд хоргүйгээр орчлонг гэтэлсэн байна гэж хорвоо ертөнцийн амьдралын эгэл үнэнийг шашин номын уншлага ёстой холбон иргэншүүлж, хүмүний ертөнц дэх муу муухай, болж бүтэхгүй зүйл хуй салхи мэт хөнгөн хөвсгөр, сайн сайхан эерүү бүхэн нарны гэрэл мэт үргэлжийн мөнхөд гэрэлтэн байх дорнын гүн ухааны сэтгэлгээг Сүмбэ хамбын ухаанаар төлөөлөл болгож, дүр босгон амилуулж, богино боловч зөрчилт санаагаар чадамгай илэрхийлж түүхэн хүн Сүмбэ хамбыг урнаар дүрсэлж чадсан нь Г.Болормаа зохиолчийн ур чадвартай холбоотой.
Сүмбэ хамба Ишбалжир гүүш төгс буянтын зурхай , “Рашааны ундрал”, “Рашааны цагаан шүүдэр”, “Рашааны дусал”, “Рашааны хурим” хэмээх дорно дахины анагаах ухааны алдарт бүтээлээ турвиж, оюуны үнэт өвөө хойчисдоо үлдээсэн эрхэм хүн. Энэ талаар Г.Болормаа домч, эм баригч байсан талаар цөөн боловч өгүүлбэрээр том өгүүлэмжийг багтаан илэрхийлж чаджээ. Үүнийг өгүүллэгт “Нэгэн жилийн үндэс нахиа дэлгэрэх цагаар Сүмбэ хамбатны гүн нойрны учир шалтгааны солбицол дунд их сүмийн дотор эмийн хаан Оточ бурхны хөх биндэрьяан их бага лагшин байна хэмээн зүүдлээд, нойрноос сэрэхүйдээ тунгаан эргэцүүллээ. Тэгээд сэтгэл нь ихэд баясаж, дээдсийн цадигийг барин, тэжээхүйн ухааны чанадад хүрсэн Богдыг хүрээндээ урин залж “Эмийн дөрвөн үндэс”- эш өвсөн эмийг танин барихын хөтөлбөрийг нарийн дэлгэр ярилцана...гэх мэтээр цаашлаад ”Эмийн эх, хөвгүүн судар” зохиосон тухай дурджээ. Энэ өгүүлэмжээс бид дорно дахины анагаах ухааны уламжлал, нэгээс нөгөөд хэрхэн шилжих, багш шавийн барилдлага, шинэ зүйл үүсэх нь хуучныг шинэчлэх хэмээх гүн ухааны ойлголт зэрэг бүхэл бүтэн оюуны хөдөлмөрийн олон арван жилийн хэлхээ холбоо, харилцан хамаарлын мөн чанарыг танин мэдэж болно.
Уншигч танаа “Сүмбэ хамба” хэмээх нэг өгүүллэгийг товч задлан өгүүлэхийн учир нь түүний зохиосон шүлэг нь их эрдэмтний ертөнцийг үзэх үзэл санаа байсан, түүнчлэн анагаахын дөрвөн боть тэргүүтнүүд нь хойчистоо үлдээсэн агуу их өв байсан бодит үнэнийг Г.Болормаа маань өгүүллэгтээ тод товгор уран сайхантай үзүүлж чадсан, энэ нь зохиолын уран сайхны хамгийн гол чанар, амьдралын түүхэн үнэнийг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл Сүмбэ хамба Ишбалжир гэх их хүний бодол санаа хийсэн үйлийн нэг хэсгийг түмэн олон уншигчдад ямар нэг хэмжээгээр үнэн зов бодитой тийн атлаа уран сайхнаар үзүүлж чадсаныг л гэрчлэх гэсний хэрэг.
“Жунжаа” өгүүллэгийн өгүүлэмж үйл явдал нь нэг өнцгөөс тэрслүү байж боломгүй ч гэж хэлцэгдэж болохоор, өөр талаас нь ухвал их л нарийн зөвхөн Монголын тархай бутархай нүүдэлчдийн амь амьдралд тохиолдож болох тийм сонин содон юм байна. Гэвч ийм амьдрал, түүх бидний дунд байсан, байсаар байгаа, хойшид ч байх болов уу хэмээн мунхаглаж зохиолын талаар өгүүлэх нь: Жунжаа эмээ залуухан байснаа дурсаж байна....Саахалтын Жамган нэг өдөр манайд их ёс төр болж ирээд. Дуугүй сууж сууж гэнэт өврөөсөө хадаг гаргаж миний нөхөрт хандаж хэлж билээ. За найз минь чи бид олон жил сайхан найзалж нөхөрлөлөө. Гэтэл хувь тавилан тэгш заяасангүй. Надад сэгсгэр үстэй охин алга. Чамд удам залгах хүү алга. Манайхаар дүүрэн хажигнасан банди нар. Танайхаар дүүрэн шар охид. Ер нь бодоод байхад чи манайхаар нэг бууна уу даа...гэж хэлээд хадгаа барилаа. Залуугийн л тэдний эхнэртэй нэр холбогдоод байдаг байсан нөхөр минь таг дуугүй суугаад болдоггүй. Тэгэхээр би өрөвдөөд хүн юм өгч байхад аваач гэж хэлж билээ. Хадгаа өгчхөөд Жамган За би ч өнөөдөртөө эндээ хононо оо... гэж хэлээд тухлах шинжтэй. Мөн ч шулуухан хүн шүү.
Ариун хайр дурлал, үнэнч гэр бүл монголчуудын ёс суртахуун энээ тэрээ гэж их ярьдаг өнөөгийн зарим нэг их мэдэгчдийн хувьд хоёр гэр бүлийн эхнэр нөхрүүд тохиролцон хоорондоо унтаж хэвтэх нь ёстой ёс зүйгүй, бузар булай зүйл болох байх л даа. Гэвч зохиолч амьдралд байгаа улаан үнэнийг бичсэн, бичихдээ хайр гэдэг нь хардаж харамлахын нэр биш уучилж ухаарахын учир утга, хайр гэдэг амьдрал юу шаардаж байна түүнд зохицож, түүний төлөө тэмцэж явахын нэр гэдгийг хөдөөгийн буйдад буй хоёр гэр бүлээр төлөөлүүлсэн хэрэг юм.
Хоёр гэр бүлийн хооронд санасан үйл ёсоор болж хоёр эхнэр жирэмсэн болжээ. Дараа нь хүүхэд төрсөн боловч хүссэн охин, хүү нь төрөөгүй тул хоёр ээж ярьж тохирон хүүхдээ сольсон. Ингэж архичин болсон Хүрлээ Жунжаагийн хүү болж, мэргэч төлөгч болсон охин Оролзод Жамганы охин болсон түүхтэй. Зохиолчоос үйл явдалдаа Жамган болон түүний эхнэр, Жунжаагийн төрсөн охин Оролзодын тухай сайн муу ямар ч үг хэлэлгүй, төрсөн эх охин хоёрын уулзалтын үеэр Жамганы эхнэрийн ...Иш муу Жунжаа минь өчигдөр хүрээд ирэхгүй. Наад улс чинь явах гэж байна. Нөгөө дутуу төрчихөөд чи бид хоёрыг нойргүй хонуулж байсан Оролзод ийм бүдүүн тарган хүүхэн болсон байна шүү...хэмээн төрсөн эх охин хоёрын уулзалтыг Оролзодын өргөмөл эхээр хэлүүлж буй нь уншигчдын хувьд төрсөн эх охин хоёрыг мэдэх, тэдний уулзах сонирхолтой мөч хүлээлтийг салхинд хийсгэн үлээж, Жунжаагийн ухаарч мэдэрч таниагүй олон арван жил явсан, Жамганы гэр бүлийн ядмаг, буурай, хөөрхий өрөвдөлтэй сэтгэл мууг үзүүлэн дүрсэлж ихийг бодогдуулан уншигчдад зохиолчоос ямар нэгэн зүйлийг нэхсэн гүн гунигийг үлдээж байгаа нь урлах чадвартай шууд холбоотой. Мэргэч төлөгч нараас Оролзодын нөхөр, Жамганы хүргэн ...Өр төлөөс ихтэй чавганц байна даа гэж хээвнэг хэлж..,байгаа нь Жунжааг биш Жамган түүний эхнэр, төрсөн охин Оролзодыг бүхлээр нь яллаж байгаа мэт зураглал болж хэдхэн мөчийн дараа эсрэгээрээ Жунжаагийн талд эргүүлж авчирч байна. Үүнийг батлах мэт өгүүллэгийн төгсгөлд...Одоо манай бүрлээч тэнгэрийн орноосоо голомт залгах хүүгээ хараад юу бодож байгаа бол доо. Энэ бол нүгэлт явдал юм шүү дээ... гэж өөрийгөө буруутган бодох нь түүний тэнгэрт буй авааль нөхөр Жунжаа хоёр Жамган түүний эхнэр хоёроос жудаг, ёс зүй, хүн чанарын хувьд хэр зайтай байгааг илтгэх үг, мэдрэмжийн орон зай болон уншигчдад хүрч, ...Ээж хаашаа яваад алга болчихвоо хэмээн эрүүл саруулаар инээмсэглэн эх Жунжаагаа тосон зогсох хүү Хүрлээгийн өөдрөг дүрслэл нь тэнгэрт буй нөхөртэй бэлгэдлийн сэтгэмжээр холбогдон, түүнийг шүтэн хайрлан дуудаж, өөртөө бурууг тохсон Жунжаагийн амьдралын мөр үнэн цагаан байсныг далдаар, битүүгээр их нухацтай үзүүлснийг бүхэлд нь харвал хүний амьдралд байж боломгүй зүйлийг сэдэв болгон дүрслээд хүмүүсийн харьцаанд байж болох өдөр дутам тохиолдож болох тийм гашуун үнэн болгон хэлсэн байна. Г.Болормаа зохиолчийн урлах ур чадварт энэ мэт дүрслэл, сэтгэмж олон байгаа, энэ мэтийг сайтар эзэмшсэнийг заавал тодотгон хэлэх ёстой.
“Гурван заяаны дэнс” өгүүллэгийн гол дүр эмээгийн зээ охин хар хүүхэд төрүүлснийг өөрийн лай ланчиг, залуу цагийн алдаа байсан, надаас болсон, би залуудаа өвөөгөөс чинь өмнө ийм хүнтэй харьцаатай байсан юм, гэснийг хүргэн ...Тийм л болж таарлаа даа. Хүүхэд олоогүй ч гэсэн хар арьстай хүнтэй харилцаанд орж байсан бол үрийн гени нь гурваас дээш үед дамждаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон... хэмээн баталснаар, өөрийн нэр төр, гэр бүлд сахиж байсан нандин бүхнээ зээ охины төлөө, үлдэж буй өөрийн удмын төлөө золин байж хэлснээр удмаа цэвэр цэмцгэрээр хадгалж үлдэж байгаа амьдралын гашуун түүх нь бидний өвөг дээдэс зөвхөн хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж өсгөх төдий бус хүний хийж болох болохгүй бүгдийг, санаанд ч үл багтах үйл бүгдийг хийж чаддаг агуу хүмүүс байсан гэдгийг эмээгийн хар цагаан зураасан дээр зэрэг зогсон гаргаж буй ааш авирыг уран дүрээр зурсан, энэ мэтээр “Сураг чимээний зүг”,”Хорсол хонзон”,”Нойр хулжсан шөнө” зэрэг олон өгүүллэгийн утга сэдэв, ур хийцийн талаар дэлгэрэнгүй өгүүлж болох авч нэгэн ухаантны онож хэлсэн ...,Өгүүллэг бүрийн дотор бүсгүй хүний гадаад дүр байдал, бүдэг, тод, эмзэг, бүрэг нууцлаг, гэгэлгэн зуур агшны гэхчилэн олон өнгө аястай хайр мэдрэгдэж байгаа учраас түүнийг \Г.Болормааг\ “Хайрын увдист өгүүлэгч” гэж хэлж болмоор байгаагийн учир энэхүү нууц нандиныг уншигч олон өөрсдөө оюун ухаанаар тунгаавал илүү сонирхолтой болов уу гэж үлдээлээ.
Г.Болормаагийн зохиолыг уншсаны эцэст ,,Өндөр хөх Алтайн уулс, өтөг буурал ээж аавынхаа нэр сүр, сургаалд дулдуйдан шинэ цагийн хүний ёс суртахуун, жудаг, хүн чанарын асуудлыг гол сэдвээ болгосон эдгээр бичил өгүүллэгүүд нь барин тавин ойлгогдох байгаль хүмүний харьцааг үзүүлсэн зураглалтай, монгол хөрсөн дээр амилж ургасан, түүнд амьдран хөгжиж буй дүрийн зан чанар, сэтгэл зүйтэй, өдөр дутам тохиолдох амьдралын үзэгдлээс тухайн дүрд тохирох хэл ярианы зохицолтой, хэн бүрийн мэддэг хэдий ч хэлж ярьж нээгээд байж чаддаггүй тийм амьдралын үнэнийг гярхай ажиглан нээж, утга далд, санаа гүнзгий ёстой л “үхрийн махыг үнхэлцэгт нь” багтаах мэт чамбай хэл найруулгатай өгүүллэгүүдийг туурвиж чадсан байна гэж баттай ам бардам хэлж байна.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Санжаагийн Байгалсайхан
| Судлаачийн туурвил | ||
| Үзсэн: 230 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.