Шууд Chart

Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана

2026-04-28 07:48:21

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож, эрчим хүчний салбарын бодлого, зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улс эрчим хүчний асар их нөөц боломжтой хэдий ч баруун бүсийн аймгууд ОХУ, БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортолж байгаа нь анхаарах асуудал хэвээр байгааг дурдсан. Иймээс импортын хараат байдлыг бууруулж, өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодоос хангах нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой чухал зорилт гэдгийг онцлов.

Мөн УИХ-ын 2025 оны 119 дүгээр тогтоолын хүрээнд айл өрхүүд 20 кВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулж, төвийн сүлжээнд холбогдон илүүдэл эрчим хүчээ борлуулах боломж бүрдсэн талаар танилцуулсан байна. Ингэснээр иргэд зөвхөн хэрэглэгч биш, мөн эрчим хүч үйлдвэрлэгч болж, өрхийн орлого болон улсын эрчим хүчний системд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэхийг онцолжээ.

Түүнчлэн Ховд аймгийн Мянгад суманд 19.8 мегаваттын нарны цахилгаан станц, 4 мегаватт хүчин чадалтай, 8 мегаватт.цагийн батарей хуримтлуурын систем байгуулах төслийг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлснийг мэдээллээ. Цаашид баруун бүсэд нийтдээ 115 мегаваттын нарны цахилгаан станц, 65 мегаватт хүчин чадалтай, 237 мегаватт.цагийн хуримтлуурын систем бий болгохоор ажиллаж байгаа юм байна.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болж, цаашдын сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтэц болохыг онцлон дурдсан.

“Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлгийг орон даяар цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд Ховд аймаг 12 дахь нь болж байгааг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан байна. Тус үзэсгэлэнд нийслэл болон орон нутгийн 20 орчим аж ахуйн нэгж оролцож байна.


Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй