Шууд Chart

32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо

2026-04-28 17:00:20

Сүхбаатар дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр Цагдаагийн газарт боллоо. Өмнөх шуурхай хурлаас нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн.

Энэ хүрээнд дүүргийн менежерээр ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 22-24-ний өдрүүдэд хороодод ажиллаж, хот, нийтийн аж ахуйн тохижилтийн хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, инженерийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгэл зэрэгт хяналт тавьж ажиллав.

Ажлын хэсэг нийтдээ 149 зөрчлийг илрүүлэн хороодод тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн шонг засварлах зэрэг ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн энэ үеэр дүүргийн Татварын хэлтсээс төсвийн орлого төвлөрүүлэлтийн талаар танилцуулга хийлээ. Дүүрийн төсөвт өнөөдрийн байдлаар 38 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

Засгийн газраас 14600 аж ахуй нэгжийн дансыг энэ сарын 07-ны өдрөөс нээсэн бөгөөд эдгээрт дүүргийн 2235 байгууллага хамрагджээ. Энэ ажлын хүрээнд дансаа нээлгэсэн дүүргийн 433 татвар төлөгч аж ахуй нэгж, байгууллага 2 тэрбум гаруй төгрөгийн татварыг төлсөн байна.

Дүүргийн Цагдаагийн газар оны эхний 4 сарын байдлаар 16511 дуудлага, мэдээллийн хүлээн авч ажиллажээ. Гэмт хэргийн гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.4, зөрчил 4.02 хувиар буурсан харин нийт гэмт хэргийн илрүүлэлт 14.1 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Ногоон бүс” ажлын хүрээнд шинээр аж ахуй нэгж байгууллагын 914 камержуулалтыг бүртгэл судалгаанд авч, дүүрэгт байгаа 344ш камерийг Теле камерын дэд төвтэй холбоод байна.

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:


  • Дүүргийн газар нутгийн хэмжээ, нийтийн эзэмшлийн зам талбайн хэмжээ, суурьшлийн бүс зэргийг харгалзан дүүргийн төвлөрүүлэх орлогоос тодорхой лимит олгодог болох
    • Нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэх, хайс, хашлага, фасадыг угаах, тохижуулах ажлыг зохион байгуулах
    • Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлэх
    • Дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх
    • Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтыг сайжруулах
    • 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах

32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй