Шууд Chart

С.Гэрэлмаа: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8-9-өөр бага байна

2020-04-14 15:07:40

Иргэд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд үнэгүй хамрагдах болсон. Үүнд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн, шулуун гэдэс оношлогоо орж байгаа юм. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа. 

-Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж иргэд 7 төрлийн шинжилгээнд хамрагдаж байгаа. Энэ ажлын хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-Эрүүл мэндийн хуулинд өөрчлөлт орохын өмнөхөн 2018 оны 10 сарын 18-нд Эрүүл мэндийн сайдын А/40 гэсэн тушаал гарсан байдаг. Энэ тушаалд хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах тухай заасан бөгөөд насны хувьд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш гэж ангилж өгсөн. Тодруулж хэлбэл, 18-34 насанд хөх болон умайн хүзүүний хорт хаврын шинжилгээг эмэгтэйчүүд маань гурван жилд нэг удаа өгөх ёстой бол 35-45 насанд хэвлийн эхо болон ходоодны дуран орж ирж байгаа. Харин 46-64 насанд уушги, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдрыг илрүүлэх шинжилгээнүүд хийгдэх бол 65-аас дээш насныханд дээрх шинжилгээнүүд дээр нэмэгдээд нүдний эмгэг үзлэг оношлогоо нэмэгдсэн байгаа. 2019 оны 10 сард Эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт орсон. Хуулинд тухайн хүний эрүүл мэнд хувь хүний хариуцлага байх ёстойг тусгаж, 30 нас хүрсэн бол гурван жил тутамд хөх, умайн хүзүү, дотрын эрт илрүүлэг оношлогоонд орох, 40-өөс дээш насны иргэд хүйс харгалзахгүйгээр ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдах мөн B, C вирусний шинжилгээг заавал өгнө гэсэн заалтыг оруулсан юм. Мөн 50-аас дээш насны иргэд уушгины хорт хавдрын үзлэг болон бүдүүн шулуун гэдэсний эрт илрүүлэг оношлогоонд хоёр жил тутамд заавал орох ёстой гээд хуульчлаад өгсөн байгаа.

-Хөдөө орон нутгийн иргэд үзлэг оношлогоонд хэрхэн хамрагдах вэ? 

-Эхлээд өрх, сум, тосгоныхоо эрүүл мэндийн төвд очно. Эрсдэлтэй гэж үзвэл аймаг, дүүргийн эмнэлэг буюу 3-р шатлал руу илгээх тогтолцоо бүрдсэн байгаа. Хэрвээ та эрсдэлтэй гэж оношлуулаад эмчлүүлснийхээ дараа өрхийн эрүүл мэндийн төвийнхөө хяналтад орох тогтолцоог бүрдүүлж эргэх холбоотойгоор ажиллаж байна. Өмнө нь иргэд ямар газар, хаана очсон нь мэдэгддэггүй байсан тул дээрх тогтолцоонд оруулахыг зорьсон юм. Мөн эрүүл мэндийн даатгалаа төлсөн 18-аас дээш насны иргэд маань энэ үйлчилгээг авах боломж нь бүрэн нээгдсэн байгаа. Өмнө нь 65-аас дээш насны иргэд төрөөс эрүүл мэндийн даатгалаа авдаг, 18 наснаас тэтгэврийн нас хүртэлх иргэд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа малчин, оюутан бол өөрөө сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн хөлсний нэг хувь 38400, ажил олгогч иргэд бол хоёр хувийн даатгалаа төлсний дараагаар энэ үйлчилгээнд хамрагдах бүрэн эрх нь үүсч байгаа.

-Нийслэлийн иргэдийн хувьд түр оршин суугчаас эхлээд бичиг баримтын зөрчил их гардаг. Өөр дүүрэг рүү шилжсэн иргэн ч байдаг. Энэ хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

-Эрүүл мэндийн даатгалаар дээрх үйлчилгээг авч байгаа бол төр, хувийн хэвшлийн 155 эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдээд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгэхээр тухайн иргэн маань эхлээд сум, өрх, тосгоныхоо эрүүл мэндийн төв дээр үзүүлээд дараа нь магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт очно. Сая таны яриад байгаа түр оршин суугчид бол хорооноосоо түр оршин суугчийн тодорхойлолтоо аваад харьяа дүүрэгтээ үзүүлэх ёстой.

-Хууль эрх зүйн орчныг нь сайжруулчихлаа. Иргэд үнэ төлбөргүйгээр 7 төрлийн шинжилгээг өгөх боллоо. Харин иргэдийн маань хамрагдалт ямар түвшинд байна?

-2019 онд эрт илрүүлэг үзлэг явагдсан байгаа. Үзлэгт нийтдээ 79800 иргэн хамрагдсан. Зорилтот бүлгийн хүн амийг харьцуулж үзэх юм бол 4 хувь нь л хамрагдсан байна. Энэ дотроо 46-аас дээш насны ялангуяа эмэгтэйчүүд илүү эрт илрүүлэг үзлэгт орсон байна. 18-44 насныхан маш хангалтгүй хамрагдсан гэсэн статистик тоо гарсан. Эрүүл мэндийн салбараас 18 нас хүрсэн иргэн болгоныг шинжилгээнд хамруулах, өөрт нь ямар эрсдэл байгааг тодорхойлох, эрсдэл өндөртэй байгаа өвчлөлөөр зөвлөмж өгөөд тухайн иргэнээ эрт илрүүлэх, оношлох, хүндрэлээс нь сэргийлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Гэтэл манай иргэд маш идэвхгүй, ялангуяа эрчүүдийн хамрагдалт тун бага байна. Манай улсын эрчүүдийн дундаж наслалт 66.6 хувь байгаа бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73 байна. Хоорондын зай нь 8-9 жилийн зөрүүтэй байна. Бусад оронд 3-4 жилийн зөрүүтэй байдаг. Эндээс харахад, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд  анхаарах нь зүйтэй юм. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс хуульчилж өгсөн. Ялангуяа элэгний хорт хавдар, улаан хоолойны хорт хавдар бол эрэгтэйчүүдэд илүү байгаа учраас 40-өөс дээш насны иргэд урьдчилан сэргийлэх хорт хавдрын үзлэгт зайлшгүй орох шаардлага тулгараад байгаа юм.

-Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Залуучуудыг яаж идэвхжүүлэх вэ?

-Оюутан залуучуудын өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох урьдчилан сэргийлэх үүднээс тэднийг заавал шинжилгээнд хамрагдах ёстой талаар БСШУС-ын сайдын хамтарсан тушаал гарч, 2019 онд 70.1 хувьтайгаар хамрагдалт өссөн. Нийслэл хотод жишээ нь 15 мянга гаруй оюутан залуус хамрагдах ёстойгоос 11 мянга гаруй нь үзүүлсэн. 80 хувьтай гэсэн үг. Үүнийг энэ жил бүр 100 хувь болгож, залуус ямар өвчнөөр илүү өвчлөөд байгааг нь эрт илрүүлж, оношлох нь чухал байна.

-Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаад хавдар илэрсэн тохиолдолд эмчилгээг хэрхэн хийх вэ?

-Эмчилгээг лавлагаа шат руу явуулна. Өрхийн эмнэлэг мэдээж хийж чадахгүй шүү дээ. Зөвхөн оношийг илрүүлэх үүрэгтэй. Жишээ яръя. Умайн хүзүүний хорт хавдрын нэг, хоёрдугаар шатанд яваа хүн эмчлүүлээд эдгэрэх хүртлээ лавлагаа шатаар явна. Лавлагаа шат буюу хоёр, гуравдугаар шатлалаар эмчлүүлнэ. Түүний дараа тухайн хүн өрх, сумын эмнэлэгтээ хяналтад орно. Тухайн хавдрын шинжилгээ жил бүр хийгддэгээрээ хийгдэнэ. Хавдраар нэгэнт өвдчихсөн тохиолдолд гурван жилд нэг удаа биш. Тухайн өвчтөнд лавлагаа шатныхан хэр хугацаа өгөх вэ, тухайн өвчний явцаас хамаараад гурван сард нэг удаа, зургаан сард нэг удаа шинжилгээгээ өгнө. Хянах, хөнгөвчлөх, гэрээр эмчилгээ хийх ажлыг өрх, сумын эрүүл мэндийн төв дээр тусгаж өгсөн байгаа. Тухайн өвчтөний өвчлөлийн үе шат өөр бол лавлагаа шат эмчилгээ хийгээд буцаад өрх, дүүрэгтээ хяналтад орох үйл ажиллагаа хэрэгжиж байгаагаараа онцлог.

Нийтэлсэн: Ч.Өлзийсайхан

С.Гэрэлмаа: Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8-9-өөр бага байна  
Үзсэн: 2420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй