Шууд Chart

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана

2026-04-23 14:25:53

Өнгөрсөн долоо хоногт Хууль, зүй дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын удирдлагуудыг хүлээж авч уулзан салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн. Ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтэс, нэгжийг иргэдэд ойртож нийслэлийн нэг цонхны төвүүд, дүүргүүдэд шилжүүлж ажиллуулахыг ШШГЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Өгсөн үүрэг даалгаврын биелэлт газар дээрээ хэрхэн хангагдаж байгааг өөрийн биеэр үзэж, асуудлыг шийдвэрлэхээр ШШГЕГ-ын газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын ажилтан албан хаагчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэг өдөрт шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой 60-80 мянган санал ирдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 4,4 их наяд төгрөгийн дүнтэй, 57.700 гүйцэтгэлийн хуудас бичигджээ.

Зургаан дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг цэгт төвлөрснөөр 7 хоногт 3200-4000, сард 88,000-100,000 орчим иргэн, 60,000 орчим тээврийн хэрэгсэл тухайн байршилд зорчиж үйлчилгээ авч байгаа нь авто замын ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсэх, иргэд бухимдах, улмаар өргөдөл, гомдол гаргах шалтгаан, нөхцөлийн нэг болж байна.

Мөн алба хаагчдын орчин нөхцөл, стандарт зөрчигдөж ажлын бүтээмж муудах, аюулгүй ажиллагааны горим алдагдсан гээд эрсдэл өндөр болсон байна. Тиймээс төр иргэндээ хүрч, хүн төвтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зарчмыг баримталж, дараа долоо хоногоос эхлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүд Нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажиллуулах үүргийг дахин өглөө.

Цаашид Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах хүртэлх бүх процессыг шилэн болгож, нээлттэй ил тод байх ажлыг хийнэ. Эрхээ хязгаарлуулж, хэрэг төвөгт холбогдсон гээд хэнд ч төр хүнлэг хандаж, нээлттэй ил тод түргэн шуурхай, тэгш үйлчлэх зарчмыг баримтлах ёстой.

Хуулиар хориглосон төрийн болон хувийн нууцаас бусад мэдээллийг нээлттэй ил тод болгож, цахимжуулснаар хүнээс хамааралтай хүнд суртал, авлига, аливаа хардлага сэрдлэг үгүй болно.

 


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй