Шууд Chart

Ял /Өгүүллэг/

2014-06-23 12:33:31

Хэсгийн төлөөлөгч түүн рүү хөмсгөө атируулан их л нухацтай харж
-Та тэгээд иргэн Баттайванг зүгээр л, ямар ч шалтгаангүй зодсон юм биз дээ хэмээн үгээ сунжруулан хэлэхэд Галаа хэсэг дуугүй сууснаа
-Тиймээ. Зодмоор санагдаад л зодчихсон юм хэмээн гөжүүдлэв. Саяхан суманд ирсэн залуухан дэслэгч аргаа барсан шинжтэй
-Танхай этгээд байх нь ээ. Хүн зодвол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэдгийг мэднэ биз дээ. Уг нь таныг хорьж саатуулах учиртай. Гэхдээ өнөөдөр би сайхан зантай байна. Дуудсан цагт ирж байх юм байгаа биз дээ. Урьд нь хэрэгт төвөгт орооцолдож байгаагүй, бас нутаг усандаа нэр хүндтэй гэж харж үзэж байгаа юм шүү. Эсвэл манай өрөөний үүдэнд, тортой хаалганы цаана хэд хоног сууж, яагаад Баттайванг зодох болсон шалтгаанаа бодож олох юм уу? хэмээн даажинтайгаар хэлэв. Галаа аргаа барж
-Би зодчихсон юм. Гэхдээ заавал ямар нэг шалтгаан байх хэрэгтэй юу? гэвэл хөдөөний цөлх эрийн бүдүүн баараг асуултад дургүй нь хүрсэн хэсгийн төлөөлөгч
-Шалтгаан байх л хэрэгтэй дээ. Тэгвэл ял чинь хөнгөрөх байлгүй. За за гар. Нөгөөдөр өглөө ирээрэй. Хүн зодсон шалтгаанаа бодож олно биз гэсээр яриа дууссаныг илтгэн малгайгаа авав.

Галаа Дэлгэрмөрөн уруудан сажилж явахдаа ууртай төлөөлөгчийн шаардаад байгаа асуултын хариуг яаж хэлэхээ бодоод бодоод олсонгүй. Зүгээр л зодчихсон юм гэхээр итгэхгүй байгаа хүмүүс хэрвээ үнэнийг мэдвэл бүр ч итгэхгүй дээ хэмээн бодсоор морио услааар буулаа.

Тэрбээр морио тушчихаад тайвшрах санаатай тэнгэр ширтэн тэрийн хэвтлээ. Нүдээ аньсан ч дахиад л доголон нулимстай Зулбадамын өмөлзөх уруул түүнд харагдаад болдоггүй. Зулбадам үнэхээр зулын гол шиг уяхан сайхан бүсгүйд Бадгийн голынхон бүгдээрээ найр тавьдаг байж билээ. Олон эрчүүдийн харааг булаасан сайхан бүсгүй Галаад үеийнхнээсээ илүү дотно. Галаа Зулбадамын гэрт өнжилгүй очино. Түүнийг харсан бүсгүй инээмсэглэл тодруулан
-Ашгүй дээ. Чамайг ирэхээр унага татуулна гэж хүлээж байсан юм хэмээн найрсаг хэлээд айраг аягалж барьдагсан. Зулбадамд унага татаж өгөх гэдэг түүний хувьд хамгийн сайхан ажил байдаг байлаа. Хуучирч муудсан саалийн дээлтэй Зудбадам инээмсэглэн алсын бараа ширтэж, амандаа ямар ч юм бэ дуу аялан гүүний хөх шувтарч байхыг Галаа нүд цавчихгүй харж байхдаа өөрийгөө энэ орчлонгийн азтай эр гэдэгтээ өчүүхэн ч эргэлздэггүй байсан.

-Зулбадам аа. Чи наадамд явах уу?
-Амжихгүй л байх даа. Харин чи наадамд зодоглох уу?
-Саяхан багийн дарга ирсэн. Цэрэгт яваагүй залуучуудыг барилдуулахгүй гэж байна лээ.
-Аан нээрээ тийм сураг байсан шүү. Чи тэгвэл цэрэгт явж ирээд наадамд барилдахгүй юу гэснээ Зулбадам жингэнэтэл инээд алдав.

-Явнаа явна. Энэ намар ямар ч байсан цэрэгт явна гэхэд Зулбадам
-Өнгөрсөн жил хоёр банди жин хүрээгүй хасагдсан гэсэн шүү хэмээн дахиад л инээд алдав. Үнэндээ түүний энэ инээд эцэнхий, унжуу мөрнөөсөө үеийнхнээсээ байнга ичиж явдаг Галааг л шоолж байх шиг санагдаж билээ.
-За яах вэ, чи харж л байгаарай. Би цэргээс ирээд чамд жин яаж илүүдснийг харуулнаа гэснээ инээх гэсэн боловч чадсангүй. Үнэндээ тэр өдрөөс хойш Галаа Зулбадамынхаар очсонгүй. Очих гэж олон удаа оролдсон ч
-Өнгөрсөн жил хоёр банди жин хүрээгүй хасагдсан гэсэн шүү гэсэн үг хөлийг нь тушчихаад байж билээ. Галаа цэрэгт явж, Зулбадам нутагтаа үлдсэн. Харин түүнийг цэргээс халагдаж ирэхэд Зулбадам Баттайван хэмээх сумын заан залуутай аль хэдийнээ нэг гэрт орчихсон байлаа. Түүний сэтгэлд шарх үлдээсэн богинохон хайрын түүх ердөө л энэ. Нутгийн хөгшид Зулбадамын нөхөрт баахан ам муутай.

-Манай сумын заан ч дээ. Эхнэрээ зоддогоороо бол аль хэдийнээ улсын заан болчих хүн дээ хэмээн ёоз муутайхан хэлэлцэхийг сонсоод Галаа цочсондоо арай л аягатай цайгаа алдаж асгаагүй. Гүү саахдаа л хоёр мөр нь чичирдэг байсан Зулбадамд хэн нэгэн хүн гар хүрч байна гэхийг сонсох үнэндээ түүнд сайхан санагдахгүй байлаа.
Гурав хоногийн өмнө тэр Зулбадамтай сумын Хүн эмнэлгийн хашаанд таарснаа санав. Зулбадамын урсгал зөөлхөн харцанд гуниг шингэж, цус хурж хөхөрсөн шанаагаа дарах гэж үсээ урагшлуулахыг хараад тэр хачин их өрөвдөв. Зулбадам муухан инээмсэглэж

-Сайн явсан уу? Цэргээс ирсэн л гэж сонссон. Манайхаар ч тоож шагайхгүй хүн юмаа гээд үгээ таслав. Галаагийн цээжинд зангирч байсан гуниг хорсол бухимдал болон ээдэж байгааг мэдэрч байсан ч
-Очноо, өнөөдөр очно гэж нөхөртөө хэлээрэй гэвэл Зулбадамын царай цонхийж,

-Манай хүн ч архи уухаараа л жаахан ааш муутай болчихдог юм гэснээ юу ч хэлсэнгүй. Баттайваны тухай ярихдаа түүний харцанд айдас тодорч байх шиг санагдаж билээ. Тэр орой Галаа Баттайваныд очсон. Эхнэрээрээ гарынхаа шүүсийг тараадаг тэр хөгийн эр Галааг ороход хүн орж ирж байна гэж тоосонгүй. Зулбадам цай аягалж, хоол хийхээр мах хөшиглөж эхлэхэд Галаа
-Тантай танилцах юмсан гэж бодож байсан юм. Өөрөө сумын заан гэл үү. Гараад уулзчих уу? хэмээн хэрүүл өдөхөд Баттайван гэгч залуу түүн рүү ёоз муутайхан харснаа босоод ирэв. Галаа тэр эрийг ердөө л хоёрхон удаа шанаадчихаад юу ч болоогүй юм шиг морины уяа руу алхаж байхдаа Баттайваны хамрын цусыг тогтоох гэж сандчих Зулбадамын мэгшин уйлахыг сонсож билээ. Тэгээд л хэрэгтэн болчихсон хэрэг.

Галаа дахиад л хэсгийн төлөөлөгчид хүн зодсон шалтгаанаа юу гэж тайлбарлах бэ гэж бодож эхлэв. Ял хөнгөлөх ямар ч шалтгаан түүнд олдсонгүй. Зодсон, зодуулсан, зодуулдаг гурван хүний хэнд нь ял оноох учиртайг ч тэр бодоод бодоод олсонгүй.
Дэлгэрмөрөний тунгалаг ус эргээ аргадах мэт намуухан урсаж, өөрийг нь хорьж цагдаж байдаг мөлгөр эрэгт бөхөлзөж байх шиг санагдахад Галаагийн цээжийг дахиад л уур гомдол бүрхээд ирэв. Яагаад ч юм Баттайванг дахиад барьж авч, бүр цээжийг нь задартал өшиглөмөөр санагдахад гартаа дайралдсан том хар чулууг шүүрч аван гол руу хар эрчээрээ шидэв. Эргээ даган урсах ус ганцхан удаа цүлхийн дуугарснаа юу ч болоогүй мэт дахиад л амар амгалан царайлж, нам гүмхэн урссаар...

Б.Цоожчулуунцэцэг


Ял /Өгүүллэг/  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй