АНУ болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөний дараах эмзэг гал зогсоох нөхцөл үргэлжилж буй энэ үед Ираны үндэсний мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом суларч, түүхэн доод түвшинд хүрлээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нэг ам.доллар 1.8 сая риалтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал дордож буйг илтгэж байна.
Ираны риал өмнөх долоо хоногуудад харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн өдрүүдэд огцом уналт үзүүлсэн нь зах зээл дээр гадаад валютын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Эдийн засгийн энэхүү дарамтад АНУ-ын тэнгисийн хориг арга хэмжээ голлон нөлөөлж байгаа бөгөөд Ираны газрын тосны экспорт хязгаарлагдаж, гадаад валютын урсгал багассан байна.
Үүнтэй зэрэгцэн, Хормузын хоолойтой холбоотой хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч нөлөө үзүүлж байгаа юм.
Хэдийгээр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлж, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа билээ.
Ираны эдийн засаг өмнөх жилүүдэд ч инфляц, валютын ханшийн савлагаанд өртөж байсан бөгөөд одоогийн нөхцөл байдал нь иргэдийн амьжиргаанд улам дарамт учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.
| Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрчээ | ||
| Үзсэн: 48 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.