
(Дурсамж өгүүлэл)
Нэгэн мянга есөн зуун ерэн оны намрын шаргал наран зулай төөнөсөн тэр нэгэн өдөр миний сэтгэлийн дайднаа тодхон байна. Тухайн үед “Улаанбаатарын мэдээ” сонин хоёр тасарч “Улаанбаатар”, “Нийслэлийн сонин бичиг” нэртэйгээр өрх тусгаарласан үе байв. Хэдэн жилийн өмнөөс төвийн сонин хэвлэлүүдэд дийлэнхдээ нутаг, орны тухай хууч, домгоос бичиж, нэрээрээ гадарлагдах болсон намайг “Нийслэлийн сонин бичиг” сонины ахмад сэтгүүлч Д.Бадрах гуай “Сонины редакцид яаралтай ирнэ үү” хэмээн утас цохидог юм байна.
Тэр үед бивээр одоогийн Төмөр замын дээд сургуульд Цэрэгжилтийн багшаар ажиллаж байсан юм. Сонин, хэвлэлийн газар ажиллах хүсэлтэйг минь хэзээний мэдэх учраас өмнө нь надад “Чи жаахан хүлээж бай, манай сонинд орон тоо гарах байх. Би дарга нартаа чиний талаар танилцуулсан” гэж хэлсэн нь бодогдон их л итгэл өвөрлөн очсон нь ташаа байсангүй.
Тэрбээр “Чамайг бараг авах байх. Ямар ч байсан хариуцлагатай нарийн бичгийн даргатай орж уулз” гэж зөвлөснөөр хоёр давхарт байх өрөөнд нь эмээсхийн орж билээ. Үгээ зөөж тавьсан зөөлөндүү яриатай, туранхайвтар, шардуу царайтай хүн уриалгахан нь аргагүй угтаж, энэ тэрийг хөөрөлдөж, нутаг нугыг сонирхон асууж, бүр нэг аймгийнх болоод явчихав.
Монголын олон арван сэтгүүлчдийг ажлын дөртэй болгож, эцэг хүний ёсоор хандаж ирсэн тэр хүн бол хожмоо “Зууны мэдээ”, “Монголын мэдээ” зэрэг цөөнгүй сонинд мэргэжлээрээ ажиллаж байгаад бурхны орноо одсон нэртэй сэтгүүлч, шог зохиолч Ч.Дашдорж гуай маань байсан юм даа.
Тэгээд намайг сонины ажилтнаар авах болсноо шуудхан хэлж “Нийслэлийн сонин бичиг” сонины “Редактор” гэсэн улаан хавтастай үнэмлэхийг тэр дор нь бичиж өгөөд “Одоо шууд сонины хэвлэх үйлдвэрт Т.Дүпээ гэдэг хүн дээр оч” гэж хэлээд гаргасан юм. Миний хувьд сэтгэл нэн ихээр баярлахын зэрэгцээ “Ийм амархан сонины ажилтан болчихдог юм байх даа” гэсэн эргэлзэх сэтгэл давхар төрж байсныг нуух юун.
Зааж өгсөн хүнийг нь сураглан байж, баахан цаасанд дарагдсан бааздуухан маягийн өрөөнд орвол ороомог улаан тамхины утааг угалзлуулан олгойдуулсан янхигар шар хүн бараг мэндийн ч зөрөөгүй “Аа! чи нөгөө яриад байсан залуу юу, үүнийг бариад суу” гээд бичгийн машинаар цохьсон зузаан цаас бариулаад суулгачихдаг юм байна. Тэгээд амныхаа тамхийг ч авалгүй маань, мэгзэм уншиж байгаа юм шиг л, “Хаагаад аа, нээгээд ээ ч” гэх шиг дуржигнуулж өгөхөд нь үнэндээ чухам юу болоод байгааг нь ч үл ойлгон, асуухаасаа эмээгээд барьц алдаж байсан сан. Тэр нь хашилтан доторх үгийг тийн хураангуйлдаг байжээ.
Ингэж л нийлэгч хэмээх ажлаар сэтгүүлчийн хөдөлмөрийн гараагаа эхлүүлснээс хойш хорь орчим жилийг ардаа орхижээ. Тухайн үеийн “Нийслэлийн сонин бичиг” сонинд хариуцлагатай нарийн бичгийн даргаар хоёр хүн ажиллаж байсны нэг нь Ш.Гаанжууржав гэдэг хүн байсан юм. Зав л гарвал шатар өрчихсөн суудаг, хээ баагүй маягийн тэрбээр мөн л манай нутгийн хүн, бас л хүний хайлан байсан даа.
За тэгээд Д.Төмөрбаатар, Л.Гомбожав, Т.Оюунбилэг, Д.Цэрэннадмид, П.Ганхуяг, Ц.Цэцэгчулуун, Б.Эрдэнэ, Ө.Эрдэнэ-Очир, Д.Сандагсүрэн нарын сэтгүүлчид тэр сонинд ажиллаж байсны зарим нь өнөөдөр ч сонины хариуцлагатай албыг хашиж явна.
Жинхэнэ ажлын төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй тэр цомхон хамт олныг Л.Чулуунбат гэдэг өргөн мэдлэгтэй, даруухан эрдэмтэн нэгэн удирдаж байсныг тэмдэглэхэд таатай байна. Энэхүү богинохон дурсамжаар би юуг хэлэх гээд байна вэ гэвэл, тухайн үеийн “Нийслэлийн сонин бичиг” сонин, “Улаанбаатар”, эдүгэгийн “Улаанбаатар таймс” сонинд ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагчид нэг л айлын хүүхдүүд юм шүү гэдгийг л тодотгох гэсэн юм.
Г.Баатарнум
Алтнаас илүү үнэтэй анд нөхөд | ||
Үзсэн: 360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.