Шууд Chart

“Болор цом-40” буюу хүйтэн ухааны түрлэг

2023-01-16 11:05:17

“Эзэн Богдын тухай магтуу” нь манай Галсансүхийн араншин. Шинэ түүврээс “Сэтгэлзүйн туурь” шүлгийг нь яруу найрагч Б.Энхтөр онцлон задалж бичсэн байсан.

Харин тэр хятадын тухай цувралаар үйлдэх зоримог сэтгэлийн тунхаг бичвэрүүд баабаа. Өнгөрөгч жил хангалттай сайхан тайлбарлаж өгсөн. Энэ жилийн хятад сургууль өнгөрөгч оны ханз үсгийг ханзалж чадсангүй. Гэхдээ яалт ч үгүй цорын ганц хувь төрмөл араншин, сэтгэлгээ шал өөр сонсогдоно. Юу гэж бичих, яаж орилох эрхээ авчихсан яруу найрагч. Лаагаа асаасан уу, луувангаа хазна уу, өөрийн дур аа, дур.

Л.Мягмарсүрэн дорнын цэвэр гүн ухааныг үнхэлцэгт багтаав. Энэ найрагч “Хүн эцэг эхээсээ илүү эрин үетэйгээ адилхан байдаг” тухай дуун алдсан юм. Энэ үеэ тодорхойлжээ. Монголын уран зохиолын 80-аад оны онцгой содон төлөөлөл болсон Л.Мягмарсүрэн найрагч “Болор цом-40”-ийн тайзнаа квотоор шалгаран шүлгээ уншлаа. Мань эр шад бүхэнд /бүр гарчиганд нь хүртэл бий/ “Надаас...” гэдэг үгийг 27 удаа давтав. Бас болоогүй “Бүх юм надаас эхэлнэ” гэж бадаглал бүрт тавантаа дахилт болгож байснаа тонгорч “Надаар...” /Надаас биш/ болгосон нь шүлгийг гүн аястай, халуун амьтай болгосон байж мэднэ. Үзэгчид ч “Ура” хашхиран хүлээж авсан... /Эрхэм ах минь бурхан болжээ/

“Хуучин даавуу шиг” гэдэг Л.Моломжамцын шүлэг байна. Бусдаасаа илт ялгарахаас гадна сентименталь уянгын дотоод гоо зүйг нээсэн нь гавьяа. Тэр бусдын агаарт өөрийн зүрх сэтгэлээ илэрхийлсэн. Сэтгэл үнэртэж байна. Сайхан байна. Гэхдээ Монгол байя гэвэл бид эх хэлний хэлц, хөгжимлөг аясыг бас орхичихож боломгүй. Сэтгэлд түрэгдэхийн хяслан байдаг л байх даа. А.Байгалмаа “Тэр юм... Энэ юм” гээд амандаа үглэтэл түүнийг түрж Л.Моломжамц “Тэгэх ахуй, ингэх ахуй” гээд арвантаа давтах нь их тод сонсогдсон. “Цулбуур тэвэрч зогсох…” нь хаашаа, “Галт уулын шуурга”, “Өнгөт солирын бороо” гэгч зүйлс “үзэсгэлэнтэй” байх нь хаашаа ч юм. Харин уянгыг давтсангүй. Их хүчирхэг уянгатай Л.Батсайхан найрагч хүртэл “Ингэх гэж...”, “Тэгэх гэж...” гээд амандаа 10, 20 үглэж улиглав. На.Батболд маань “Үг шиг, зураг шиг, хувин шиг... Ганцаараа” гээд 10 гаруй удаа, Л.Мөнхбаатар найрагч “Нойтон...” гэж 30 удаа үглэв. Бид шүлгийг боловсролоор бус сэтгэлээр “зодвол” илүү амьтай байхсан. Дорнодын Гэрэлт гэдэг залуу “Ээж ээ” гэж үглэсээр байгаад яваад өгөв. Эхийн тухай шүлэгт их хүндэтгэлтэй хандах учиртай.

М.Амархүү найрагч сүүлийн даваанд “...256 зэс мөчир…, 128 гуулин мөчир... 512 мөчир маягийн өндөр өвөг дээдэс минь” гээд бидэнд тоо бодуулчихсан. Мань мэт бүр сургуульд байхын математик, алгебрьт муу байсан. Ер нь ганц биш бүх шүлэгч тоо бодлогод их муу учир сайн муугийн тухайд хэлж ярих аргагүй. “Алтан нар, мөнгөн сар...”  гээд л унших Б.Галсансүхийнх биш, өөрийнх нь шүлэг өөр. Амархүү бол хошин, хөгжилтэй этгээд. Шүлэг бүхнээс нь битүү егөө мэдрэгдэнэ. Мань хүн “Болор цом” авч болдог юм болдгоороо болов. Учир нь түүнийг цомын эзэн болоход хэн ч буруушаахгүй. Зураач нар, Архангайчууд бүр ч их баясаж байгаа. Нийт “Манай хашаа” гэсэн 48, бараг хагас зуун давталт бүхий “Шидэт хашаа” нь үзэгчдийг байлдан дагуулж бахыг хангав.

Б.Жамбалдорж нь “Болор цом”-ыг ааглаж авсан цөстэй найрагч. “Гөрөөсний сүрэг” шүлгийн шад бүхэнд нь “Гөрөөсний сүрэг” хэмээх үг сүүл мушгижээ. Бүр 17 удаа шүү. Зүгээр л үйлдвэрлэж байна. Ийм “Хүйтэн ухаан”-ы шүлгүүд Монгол эгшиг, уянгыг яг 30 жил хүчил, зэв шиг идэж буй. Дараа дараагийн үед маш хорлолтой. Нэгэнт бид аль тэртээ бичээд үлдээчихсэн. “Халзан” Пүүжээ /Г.Пүрэвдорж/ “Анх удаа би чамайг…”, Д.Нямсүрэн “Амитаба шиг…”, Ц.Бавуудоржийн “…Монголын их амар амгалан” -гийн тигээс гарч чадахгүй л бол шад бүрт дахилт, давталт, таширлал үйлдэх нь ердөө л сувс болно. Түүний оронд “Хун шувуу гоолиг хүзүүгээ алхан хээ шиг эвхэнэ” гэж тэрлэсэн “Өвлийн хун” шүлэг сайхан шүү дээ. Уран зураач, эрхийдээ эрдэмтэй хүний торгон мэдрэмж юм даа.

“Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуш Эзэн Богд хааны 860 жилийн ойд зориулсан “Түүх” шүлэгтээ

“Түүх гэдэг хагацал юм, түүх гэдэг хавцал юм

Түүх гэдэг зовлон юм, түүх гэдэг хоосон юм...” гээд л толгой, гэдэс, сүүлгүй 18 удаа давтжээ. Түүний “Дайнд мордохуй” шүлэг байна. Бүргэд шиг нум, шонхор мэт сумаа агсаад дайнд явахдаа авгай хүүхэд, хүн чулуу, ээжийн бүүвэй, адуу малаа орхиод морддог. Энд “орхино” гэсэн үг шад бүрт долоон удаа, дараа нь эсрэгцүүлж сум, жад, нум, зүрх, зарлиг, цус аваад мордож. Энд “авна” гэдэг үг мөн долоон удаа давтжээ.

Д.Нямдорж найрагч. Их чамбай, хийгүй мэт шүлэгч. Монголын яруу найргийн ертөнц дэх уран зураач болой. Энэ жил олон үзэгч түүнийг их догдолж сонссон. Их зүйл хүлээсэн гэж мөрийцсөн ч болно. Тэгтэл “Мөн чанарын хүчинд” гэсэн 10 давталт бүхий шүлэг хэлэв. Хоёр шад бүхнийг мөн чанарын утгаар задалсан, сэтгэлийн гэхээс тэс худал, тун чиг албархуу шүлэг. Ертөнцийн зүй тогтлыг гүн ухаанчаар задлах гээд болж өгсөнгүй. Сэтгэл үнэртэж, зүрх цохилсонгүй. “Болор цом”-д байнга уншаад буй нөхдөөс ер ялгарсангүй. Гэхдээ энэ шүлэг

“Тэнгэр халхалсан ойн чөлөөнд ургах

Газар хавсан намхан бутыг хайрлана...” гэж бичдэг Нямдорж найрагчийн мөн чанар биш гэдгийг л би баттай хэлнэ. Өөрийнх нь бичсэнчлэн

“Амгалан долгилон байсан тэнгисийн гүнд

Адгаж чичирсан үелзлээс давлагаа үүсээ...” юм болов уу. Аугаа их Ч.Билигсайхан амбугай түүнийг гэнэн ахуйд нь “Том яруу найрагч” хэмээн тодолсон байдаг юм.

Баруун Монголоос төрсөн цөөн хэдэн ясны шүлэгчдийн нэг нь М.Уянсүх. “Өргөмжит сэтгэлийн цаглашгүй” шүлэгтээ зургаан удаа “Би”-гээ тодотгоод авч өгчээ. Түүнд бас “Миний дотоод урвалууд” гэсэн бадгийн тав, хос мөрний “Тэр үг” гэсэн 10 дахилттай шүлэг байна. “Нэгэн” гэдэг үгээр наймантаа толгойлсон, язгуур туурвил болж мэдэх “Намрын шөнийн бүгт дуун” бүтээлийг би л хувьдаа сонгоно. Бид зүрх сэтгэлийн биш тархины бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд л байна. Билиглүүн хүн ингэж бичихийг бодоход бусдыг буруутгах аргагүй мэт.

Ц.Гончиг хүү Хөвсгөлийн нэрийн хуудас болов. Гүр.Нямдорж, “Кинконг” Мийгаа хоёрын шийрийг хатаах залуу Хөвсгөлд буй болоод цөөнгүй жил улирчээ. “Дээврээс дуслах хавар” анхны түүвэр нь 10 гаруй жилийн өмнө хэвлэгдэж байлаа. Манай Цоожчулуунцэцэг мань хүнийг нийслэлд маш их сурталчилж өгсөн дөө. Шүлгийн түүврүүд ер нь тун чамбай. Шүлэг урлах тод мэдрэмж, хайрлан дурлам уянга түүнд бий. Түүнийгээ хар яриа, явган заль бүү болгочихоосой. Саяын “Болор цом”-оор Гончиг хэмээх шүлэгч залуу олон олон зохиолч, яруу найрагчдын анхааралд үнэнхүү өртлөө. Гэхдээ энэ нь улс төрийн ажилтан хүний арга заль уу, яруу найрагчийн язгуур шинж байдал уу гэдгийг хэлэхэд арай л эрт байна. Ямартаа ч уулын шүлэгч “Болор цом-40”-ийн шилдэг тавд өөрийн бор зүрхээрээ цолгорон багтсан нь утгын ертөнцөд түүх болон үлдэж байна.

О.Элбэгтөгс хүүг би бүр эртнээс танина. Сайн шүлэг тэрлэж байсан. Адарсан заваан шүлэг ч их бичсэн дээ. Бас түүнд багачуудын сэтгэлийг илэрхий хөндсөн бүтээлүүд ч бий. Яруу найргийн голомт Дундговьд төрсөн. Хэтэрхий орчин цагийн уран бүтээлч. Шүлгийн гурван ч түүвэр гаргасан байх шүү. Чинэрээд, нэр алдар хөөгөөд явдаггүй. Тэр өөрийгөө найрагч гэдгийг мэдэрдэг. О.Элбэгтөгс “Доголон бэлтрэг хавхтай хөлөө хазна” гэх. Цааш нь “Хазгар бэлтрэг шөрмөсөө цувуулаад ирж байна” гэнэ. Мөн шоргоолж идэгчээс ч урт хошуутай халиу. Энэ амьтан Монгол оронд устах бүү хэл Хөвсгөлд ихээр амьдарч, бүр хавханд орчихоод хэржигнэн гасалж хэвтдэгт нь гайхаад баршгүй. Хөвүүний хайрын зүйрлэл энэ. Харин Бурхан багшийн тухай онцгой тунамал шүлэг уншсан. Ухаарлын сайхан шүлэг. Гурван хэмжээст ертөнцөөс сугарч дөрөв, таван хэмжээст орох дотоод хүч түүнд бий. Түүний нэг гавьяа орчин цагийн сэтгэмжийг уламжлалт Монгол шүлгийн тиг рүү хураан зангидах гэж чармайж буй нь илт. Элбэг санаагаа төгс болгох буй за.

Ч.Ууганбаяр хотын залуу гэхэд их бүтээлч, уран зохиолд сэтгэл сайтай. Энэ бол сайхан чанар. Шүлэг зохиолоо ч “амьд тоглолт” болгож чаддаг. Үзэгчид түүнийг тун сайн хүлээж авна. Сая хийл хөгжим, тосгоныг магтан дуулсан гурван шүлгээ наадамд “сойжээ”. Галын дэргэдэх хуучин модон сандал ертөнцийн хязгаар дахь модон гүүрнээс өөр байгаасай. Морин хийл хөгжим нь шанаа тулан санаа алдах нь Үнээдэй нутагт ногоон онгоц шанаагаа тулан бодлогошрохоос ондоо байгаасай гэж хүснэм. “Цас” шүлэгтээ “Яг үнэндээ энэ цасанд…” гэдэг үгийг 11 удаа давтав. Үнэндээ чи суурин залуусын жанжин шүү. Үүнийгээ ямагт сана, дүү минь. Цасны тухай давтаж байвал больчих хэрэгтэй.

МЗЭ-ийн шагналт Э.Гантулга “Далан бээрийн тэртээх Хэрлэн мөрөн” гэж бичжээ. Хаана зогсчиход 100 гаруй км гэж тодорхойлоод байгаа юм, бүү мэд. “Нулимс хийснэ” логик биш ээ. Эсхүл Д.Галсансүх найрагчийн “Адуу мөөрнө…” гэдэг шиг модернист сэтгэлгээ юу. Ингээд л “Цэгцэрийн шар тал” шүлэг “Цэгцэрийн шар талд...” хэмээн зураан удаа холбогдолгүй улиглах. “Ганжуурын хэц” шүлэгт “Эрмэг хөх сансрын хүй цагаан харгуй” таван тодотгол. Цаашлаад “Хүдэн буйлласан залуу улиаснаас хөнгөн цавьдар гэрэл гараад л мөнхийн ус шиг найгах лимбэн бие нь уулын хамбан хэвгий юм...” гээд л солиорч өгнө. Хэнхдэг задгай навчийг нэлмэгэр цагаан үүлтэй эсрэгцүүлэх нь хаашаа. Ингэж болохгүй. Чамирхал донжгүй болбоос үгийг шүлэг байтугай сувс болгох гэмтэй.

Л.Лхагвасүрэн “Аав ээждээ...” эхлэхдээ л “...Яг энүүхэн дэргэд минь байгаа” эх хэлээ мэдэхгүй мэт. “Нулимс минь цас шиг халуун байна” ч гэх шиг. Их авьяаслаг байсныг нь санаж байна. Тэгээд “Эх орон гэдэг…” гээд л давтаж өгнө. “Гэвч.... Эвхэгдэж хумигдаад үргэлж жижигхэн болчихдог охин чинь, Эргэлзээ, тээнэгэлзээ хоёрын дундуур бие сүвэгчилнэ”. Өөрийгөө ингэж илэрхийлэх ямар санагдаж байна. “Уйлсан цахлайдын /цахлайнуудын гэсэн үг бий/ төмөр шиг хүйтэн дуу...” гээд л бичжээ. Бүр уншлаа. Г.Сэр-Одын “Царцаан төмөрлөг дуун” гэснийг муужруулаад юу ч болгочихов. “Навчсын ирмэг” гэж бас юу ч байдаг юм. Хүрээ хэлц юм болов уу. Бичиг үсгийг хэрцгийлэх нь сэтгэлийн алдас дагуулна. “Хайрласнаа батлах шиг” гэдэг сайхан шүлэг байна аа. Үнэхээр жин тан болсон ийм шүлгийг бүсгүй бүр бичиж чадвал даанч сайхан даа.

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 2022 оны “Болор цом-40” наадамд оролцсон 40 хүн богино шүлгүүд уншлаа. Год годхийгээд л. Цаанаас нь чиглэл өгсөн үү, яаcaн бүү мэд. Ямартаа ч “Болор цом”-д нэг дэвшил гарсан. Аймгуудын квотоор орох их буруу жишиг. Бүсчлээд нэг хүнийг авах ч зөв хувилбар биш. Урьд нь “цом”-д ийм арга ашиглаад буруудсан. “Болор цом”-ын тайз янз бүрийн нөхөд гардаг хямдхан дэвжээ гэж үү. Энэ жил нэлээдгүй шинэ шүлэгчид шүлгээ хэлж, “битүү морьд” уралдсан. Тэдгээр “морьд”-ын амьсгал битүү, явдал хүнд байв уу. Зарим нөхөд элдэв хувийн шүлэг, толгой шийрээ гэр орныхондоо юм уу, өөртөө уншиж явах учиртай. Үгийн урлал гэхээс илүү толгой холбосон тэмдэглэлүүд нь нөлөөнд автдаг бусдад их хорлолтой. Нэг нөхөр “Үүлсийн үг үс шиг хийсэж ширхэг ширхгээр сугарч одно” гэж уншив. Д.Урианхай найрагчийн үг, философи хоёрыг бүр муужруулдаг байгаа. Алдас болох вий дээ. Хөгшин залуугүй тайзнаа дуу дуугаа авалцан “Аз жаргалыг би гараа савандаж угаах гэж боддог”, “Өвгөний тарни шиг дуутай оёдлын машин тэсэрнэ”, “Мяраан эрээн цаг”, “Өөдөсхөн үрээ үүрнээс нь алгадан алгадан нисгэнэ” /хүн дээрх өгүүлэмж/, “Чилгэр хөх баатрууд”, “Молцог молцог толгодтой их тайга”, “Ингэн тэмээ ботгоо үгүйлэн буйлах нь эрин галавын үйлийн үр ээ” гээд л ёстой нэг амандаа орсноо авч өгч байна. “Эрхэм үр бүрэлдэн хормой огшоож байхуй” гээд л нэг нь балайрахад нөгөө нь өлгөж аваад “Улиангарын /“ын” шүү/ моддын дур тавилт” гээд л элийрч болохгүй л дээ. Хадмал орчуулга шиг сувс, өрнө сэтгэлгээний ядуу хувилбарууд. Шүүгчид 200 гаруй шүлгээс ингэж сонгосон гэвэл би л лав итгэхгүй. Нэг тэрэгний ялзарч өгөршсөн модон дугуйнууд хичнээн өнхрөөд хаа хүрэх билээ. Элэг, дэлүү өвдөхөөр яр шархандаа баригддаг юм билээ. Сэрэл мэдрэмж ч өөрцгүй. Энэ эрхэм чанар доройтохоор шүлэг өвчилдөг бололтой. Үгийн яршил дэндүү их байна. Эмгэг нь дахилт, таширлал, давталт гэх мэтчилэн хүйтэн ухааны ов залиар илэрч буй. Бид бүгдээрээ зах зээлийн “түүхий эд” болжээ. Бүгдээрээ эдгэрэх юмсан. Эл оюуны халдвар нь цар тахлаас илүү хөнөөлтэй учир хойч үеэ аврах хэрэгтэй.

Төгсгөлгүй мэт хөврүүлэн бичиж болно. Нэг шүлгээр зуун шүлэг, бүр мянган шүлэг бүтээж болно. Үл дуусах шинжтэй учир аж байдлын баатарлаг найраглал, шүлэглэсэн роман олныг бүтээж болно. Бид өөрсдөө тийм шүлгэнцрүүдээ дуртай газраа дуусгахгүй бол боть ботиор үргэлжилнэ. Өөр бусдад халдварлана. Шүлгийн хэлбэр улам бүр ядуурч байгаагийн шинж нь дахилт, таширлал, давталт болой. Таширлал нь ташаарал, давталт-дахилт нь дампуурал болов. Дадайст, мерзист, футуристууд шинэ цагийн сюрреализм /шидэт реализм/-ыг бүтээж байгаа нь тэр. Бид бүгдээр мухарджээ. Эмгэнэлтэй нь үүнээсээ гарахыг хүсэхгүй байгаа нь аймшигтай.

Шүлгэнд гар үйлдвэрлэгч шиг хандаж болохгүй. Тод илрэл гэм нь дахилт, таширлал, давталт. Гайхалтай нь орчин цагийн дахилт, таширлал, давталт нь их заль, ухааны хүйтрэл болж архагшив. Хамгийн аймшигтай нь шүүгч, үзэгч уншигч нараар үл барам яруу найрагчдыг хайрцаглаж чадсан явдал юм. Шад бүхэн давталт болсон. Санаа бүхэн нь таширлал. Толгой, сүүл бүхэн нь дахилт болсон. Дахилт, таширлал, давталт. “Таарсан таар шуудайнууд”, “Хогийн тантан” хэмээн ярьдаг. Их Нацагийн хэлснээр “Таар нэхэж яваагүй...” Монгол найрагч л Монгол шүлгийг бүтээдэг. Гурван их сургууль онц төгсөөд ч яруу найрагч болох боломжгүй. Ер нь бид Монгол найраг бичнэ гэвэл пянз, хийл, хуучин тосгон, модон гүүр, галуун сүргээс сэжиглэх хэрэгтэй. Шинжаан болон буриадын шүлэгч нарт сэтгэлээ тэвэрч ирсэнд талархана. Ховдын Отгонбаатар гэдэг залуу ямар ч харгүй сэтгэлийн цагаан шүлэг хэлсэн. Үнэн журамт тэр хүүд бас талархана. Зарим нэг нь “Шувууд дэлхийн гүн рүү ниснэ”, “Ойн гөрөөснүүд тоосноосоо хүж /арц байх аа/ үнэртүүлэн ирнэ...” гэсэн мөрүүд хэлсэн нь содон сонсогдсон. Зарим огт ойлгохгүй байгаа улсад тус нэмэр болуужин хэмээн санаж давталт, таширлал, дахилтын тухай маш товч тайлбарлая.

Давталт: Үүнийг одоо “уран маяг” гэж зөвтгөх аргагүй болжээ. Уул нь яруу найраг дахь дүрслэлийн эрчийг өргөх, утга хэмнэлийн донжийг илтгэх сонгодог арга байсан юм. Жишээ нь Д.Нацагдорж “Жаргалан”, Б.Явуухулан “Би хаана төрөө вэ”, Д.Нямсүрэн “Дөрвөн улирал” гэх мэт олон шүлгийг дурсаж болно. Давталт нь бадаг бүрийн түрлэг, үгийн шигтгээ байлаа.  Тэд л чухамдаа орчин үеийн үндсийг тавьсан. Айзам өгүүлбэрзүйн нэгж болбоос бадаг юм. Ижил зохицолт авиануудыг давтаж хэрэглэх авиа ижилсүүлэх ёс гэж бий. Давталтын дордуулсан хувилбарууд шүлэгчдийн сэтгэхүйд тархаж, хөгжлийн хуулиар нэг нэгэндээ хураагдаж буй.

Дахилт: Энэ нь яруу найраг дахь бадгуудын холбоос, уянгын хүчийг өргөх гол үүрэгтэй байв. Гэтэл энэ мөн чанар нь үгүй болов. Дахилт нь уул нь утгыг тодотгох бадгийн давталт байсан бол эдүгээ шад бүрийн, бүр авианы дахилт болтлоо унасан нь даанч харамсам. Дахилтын утгыг ойлгоё гэвэл Ноён хутагтын “Ичиг ичиг”, Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Ш.Сүрэнжав “Ерэн баатрын дууль”зэргийг уншчих. “Мөнгөн үе”-ийн яруу найрагч “Гэзэг” Д.Алтангэрэлийн аль 90-ээд онд бичиж үлдээсэн “Ижий минь” хэмээх шүлэг буй. Уг шүлэгт ижий минь гэж 20, 30 удаа завсаргүй давтавч дотоод утга нь авианы дуудлагаараа тод ялгагддаг. Бадаглалын түвшинд утгын ялгарал болох үнэр ч үгүй үгсийг ижилсүүлэх оролдлого их болжээ.

Шад, бадаг бүхний толгой, сүүл холболт нь шүлгийг цэгцтэй, сонсголонтой болгох хөг өнгөрчээ. Үг хэллэгийг төсөөт байдлаар холбоход их учир бий. Ойролцоо утгын нэр үгсийн бөөгнөрөл, давхацсан тодотголууд зэрэг нь бичгийн соёлоосоо бид ямар их ондоошиж буйг илэрхийлэх мэт. Энэ нь үзэгч, сонсогчдод таашаал өгөх бус басамжлал, доромжлол болж хувирсан. Сүүл давталт буюу эпифорийг сонгодог утгаар нь их яруу найрагч М.Цэдэндорж бүтээж байлаа. Харин одоо сүүл холбон ижилсүүлэх ойлголт нь жигд хэмнэлийг өргөх сонсголонт утгаа алдсан. Бид яруу найрагчийн халуун сэтгэлээ эргүүлж авчрах хэрэгтэй. Тэр маань хаана байна аа. Хаанаас ч хамаагүй тэр нандин зүйлийг олох хэрэгтэй. Яруу найрагчийн өмнө барааны савангийн түүхий эд байж болохгүй. Уран нугардаг цаас байвал сайхан.

Хүн хэлэлтгүй надад ч гэсэн тийм шүлэг байна аа. Тээр жил миний бие “Яруу найраг бол...” хэмээх үгээр шад бүрийг нь толгойлсон шүлэг уншихад үзэгчид байтугай тайзны арын яруу найрагчид аймшигтай сайхнаар хүлээн авч билээ. Одоо бодохоор ичих шиг. Миний нэг “Цаасны хорвоо” гэж саявтар бичсэн шүлэг байна аа.

“Цаас, цаас, цаас чи намайг, би бас чамайг

Цас мэт нэвсийн дарсаар л байх уу

Цаас, цаас, цаас, цас, цас” гэж төгссөн байх юм. Ээ, нүдний булай. Онигоотой шаар юм аа.

"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал  


“Болор цом-40” буюу хүйтэн ухааны түрлэг   
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй