Хурдан морьд шандсаа сорьж, хүчит бөхчүүд бяраа шавхаж, уран харваачид чадвараа гайхуулж уухай түрлэг нэмэн омогшдог монгол наадам өндөрлөлөө. Жилээс жилд өргөжин тэлж ёслол төгөлдөр болж буй үндэсний их баяр наадам монгол сэтгэхүйд өв уламжлал, үүх түүх, үндэсний соёлын ид бахыг төрүүлдэг сайхан үйл явдал билээ.
Бид энэ удаад “Хүй долоон худаг”-ийн эргэн тойрон дахь мэдээ, мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Монгол наадмын үндсэн зоогийг бид хуушуур гэж үздэг. Наадмын хуушуур идэх, соёолонгийн тоосонд орох нь монгол наадмын утга учир болсоор ирсэн. Тэгвэл энэ жил Хүй долоон худгийн наадамчдад зориулан 280 гаруй ААН, хувь иргэд хуушуур хийж үйлчиллээ. Мах, гурил, сонгиноос эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх жилийн үнэ ханшийг хол хаясан ч хуушуурын үнэ ноднингийнхтой адил буюу 1000 төгрөг байсан нь наадамчдад таатай үзэгдэл. Учир нь Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор нийтийн хоолны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл ихээр олгосон нь хуушуурын ханшийг ийн тогтоон барив. Гэвч энэ нь наадамчин түмэнд таатай ч хуушуур хийж ашиг олно гэсэн иргэдэд маш хүндээр туслаа. Зарим үед хуушуурын үнэ 500-700 болтол буусныг дурдах хэрэгтэй болов уу. Харин худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэд, ААН-ийн тоо харьцангуй цөөн буюу 60 гаруй цэг ажилласан нь наадамчин олонд эсрэгээр туссан. Тодруулбал, ундааг 1500-3500 төгрөг, тамхийг 2500-6500 төгрөгөөр худалдаалж байлаа. Үүний зэрэгцээ хүүхдийн тоглоом, нарны малгай, төрийн далбааны наалт зэрэг барааны үнэ байж болох дээд үнийг тогтоолоо.
Наадамчдад зориулсан бусад үйлчилгээний цэг /тоглоом, сугалаа, зураг авахуулах/ маш олноор ажиллаж байсан ч нэг дор төвлөрөөгүй учраас үнэ ханш хэвийн байв. Тодруулбал, тэмээ, цаатай зураг авахуулахад 5000-10000 төгрөг, дардас шидэх 1000-5000, нум сум харвах 2500, морь унах 2000-3000, дөрвөн дугуйт унах 1500, буудлага 2000 төгрөг гэх мэт.
Жилийн жилд наадамчин түмний өмнө тулгардаг нэг бэрхшээл бол бие засах газар. Энэ жил ОО-ын тоог нэмж 11 цэгт ажиллуулсан ч ачаалал маш их иргэд 5-30 минут оочерлож байлаа. Бие засах газрын үнэ 200 төгрөг байсан ч усгүй, насос ажиллахгүй гэх мэт шалтгаанаар зөөврийн усаар цэвэрлэж ихэнх нь таагүй орчинд үйлчилгээ үзүүллээ. Иргэдийн зарим нь ”Зүгээр л олон жил хэрэглэж ирсэн модон жорлонгоо ажиллуулсан нь хамаагүй дээр” гэцгээж байв. Үнэндээ Хүй долоон худгийг тойрсон 1-2 км газарт уяачдын гэр, наадамчин олны майхан, малчин айлууд гээд хэдэн зуун гэр байрласан болохоор бие засах газрын асуудал маш хүнд байлаа.
Хүй долоон худагт гар дээрх худалдаа элбэг байлаа. Мөстэй кола, ном, тоглоом, чихэр ундаа, хуушуур, хорхог, шорлог гээд л наймаа эрхэлсэн иргэд тоймгүй их. Эндээс онцолбол тамхи, нэгж зарна гэсэн хүмүүс ч цөөнгүй явна.
Хүй долоон худгийн хамгийн ачаалалтай өдөр болох Соёолонгийн уралдааны үеэр олон хүүхэд аав, ээжээсээ төөрч узелээр хүүхэд зарлуулж, наадам зохион байгуулагчид бага насны хүүхдээ анхааралтай авч явахыг байнга сануулж байсан.
Эндхийн тохижилт үйлчилгээ илт сайжирсан нь наадмын бас нэг онцлог байлаа. Ус түгээх цэгүүд, усалгааны машин, хогны машин, дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнууд буюу шар хантаазтанууд бүтэн өдрөөр тасралтгүй ажиллаж байсан нь хоггүй, шороогүй тавтай наадууллаа. Үүнээс гадна Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар нэгтгэл”, “Монгол наадам” цогцолборын ажилтан, албан хаагчид 10-13-ны өдрүүдэд ажиллаж наадамчин олны аюулгүй байдал, тав тухад тасралтгүй үйлчилгээ үзүүллээ.
.jpg)
Наадмын үеэр үйлчилгээний зарим ажилтан, хуушуур хийж буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Нэрээ хэлэхийг хүсээгүй зам талбайн цэвэрлэгч эмэгтэй “Хүмүүс хогоо хаа хамаагүй хаядаг. Үүнийг нь бид өглөөний 04 цагаас үдэш 22 цаг хүртэл түүж цэвэрлэж байна” гэлээ. Түүнээс наадмын хуушуураа идэж, соёолонгийн тоос хүртэж амжив уу” гэхэд “Хуушуур идсээн. Соёолонгийн хөлсөнд хүрэх боломж байсан ч хүмүүс хог түүдэг юмнууд гэсэн байдлаар ханддаг учраас хичээсэнгүй” гэв. Харин хуушуур зарж буй нэгэн иргэн “Энэ жил хуушуурын гэр замбараагүй олон гарчээ. Ноднин 150 гэр гарахад л арын эгнээний ихэнх гэр материалаа дуусаагүй бууж байсан. Олон хүн хуушуур хийж байгаа учраас материалын үнэ нэмэгдсэн ч хуушуурын үнийг нэмэх боломж алга. Ямар ч байсан хүмүүсийнхээ цалинг өгөөд, авсан материалынхаа үнийг бариад буух юмсан гэж бодож байна. Ер нь энэ жил бол иргэдийн амьжиргааг дэмжинэ гэж олон гэрт зөвшөөрөл өгсөн нь их оновчгүй шийдвэр байжээ гэж ойлгож байна. Бид нар зөвхөн энд ирж байрлахад 100 мянга гаруй төгрөг зарцуулсан. Дээрээс нь мод, махны үнэ бол тэнгэрт хадсан. Зардал маш их гарч байна. Нэг их ашиг олно гээд гараад ирсэн олон айл хүнд байдалтай байна, энд” гэлээ.
Монгол наадмын эргэн тойронд... | ||
Үзсэн: 5539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.