Шууд Chart

“Комплаенсын эрсдэлийг удирдахуй” хэлэлцүүлэг боллоо

2023-06-30 16:57:43

Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ГҮТББ-тай хамтран “Комплаенсын эрсдэлийг удирдахуй” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Технологийн хурдацтай хөгжил, дэвшил санхүүгийн салбар тэр дундаа банк бус санхүүгийн салбарт эрчимтэй нөлөөлж шинэ түвшинд хүргээд байна. Сүүлийн үед финтек банк бус санхүүгийн байгууллагууд олноор гарч улмаар иргэд, олон нийтэд бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж нэмэгдсэнээр эдийн засагт өсөлтийг бий болгож байна. Нөлөө талаас энэхүү шинэчлэл нь эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх чиглэлд идэвхтэй ажиллах хэрэгцээ, шаардлагыг төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас шаардаж буй тул бид өнөөдөр энэ танхимд саналаа солилцож, шийдлээ эрэлхийлэхээр цуглаад байна” гэдгийг онцолсон юм. 

Хэлэлцүүлгээр цахим технологи болох финтек банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлогийг ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэж буй олон улсын жишээ, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн чиг үүргийн хүрээнд E-KYC буюу цахимаар харилцагчийг таньж мэдэх асуудлууд болон улс дамнан мөнгө угаасан гэмт хэргийн талаарх кейсийг холбогдох төрийн байгууллагуудаас танилцуулаа.

Танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулсан хэлэлцүүлэгт банк бус санхүүгийн салбарын тусгай зөвшөөрөл бүхий компаниудаас гадна Цахим хөгжил харилцаа холбооны яам, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн хэмт хэрэгтэй тэмцэх газар, Терроризмтой тэмцэх зөвлөл зэрэг холбогдох төрийн байгууллагууд мөн арилжааны банкны төлөөлөл бүхий нийт 250 гаруй оролцогч оролцож мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр салбарт тулгамдаж буй асуудал, түүний гарц, шийдэл, цаашид баримтлах бодлого, стратеги, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд олон улсын стандартад нийцсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын тогтолцоог сайжруулах замаар комплайнсын эрсдэлийг удирдах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах чиглэлд төр, хувийн хэвшил нэгдсэн ойлголттой болсон бөгөөд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж, стандартыг биелүүлэхэд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил гарсан.


“Комплаенсын эрсдэлийг удирдахуй” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй