Монгол Улсын Их Хурлаар Боловсролын багц хуулийг 2023 онд шинэчлэн баталснаас хойш 3 жил орчим хугацаа болж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, багш, үнэлгээ, цахим шилжилт, санхүүжилт, засаглал, удирдлагын 6 чиглэлээр бодлогын реформыг эхлүүлсэн мөн Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 5 сард “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогыг батлан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, орон нутгийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан албан хаагчдын түвшинд мэдээллийг хүргэж, тэдгээрээр дамжуулан боловсролын сургалтын байгууллагын багш, удирдлага, мэргэжилтэн, албан хаагч, боловсролын үйлчилгээнд оролцогч бусад талуудтай хамтран боловсролын хууль тогтоомж, бодлого, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдлийг зөвлөлдөж, бодлогын хэрэгжилтийг орон нутгийн онцлог, нөөц боломж, хэрэгцээ, шаардлага, хүний нөөц, санхүүгийн болон материаллаг нөөц боломжтой уялдуулан төлөвлөх, ирэх хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд сургалтын орчин, хүний нөөцийн бэлэн байдал, сургалтын хэрэглэгдэхүүн, дотуур байр, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүртээмж, тэгш хамруулан сургах боловсролын асуудал зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг урьдчилан төлөвлөж, хэрэгжилтийн зохион байгуулалтыг ханган ажиллахаар төлөвлөж энэхүү зөвлөгөөнийг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга, нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, аймаг, нийслэлийн нийгмийн бодлого, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан дарга нарыг оролцуулан зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөний хүрээнд:
● “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын танилцуулга
● Боловсролын төсөв, санхүүгийн бодлого, салбарын хөрөнгө оруулалтын чиглэл
● Боловсролын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
● Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн өөрчлөлт, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулийн талаар
● 2026 оны элсэлтийн шалгалтын гүйцэтгэл, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
● Боловсролын шинэчлэлийг орон нутагт олон талын оролцоонд суурилан хэрэгжүүлэхэд баримтлах чиглэл, арга зүйн дэмжлэгийн талаар мэдээлэл хүргэнэ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
| “Боловсролын багц хуулийн хэрэгжилт, боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого, хүрэх үр дүнг танилцуулах” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.