
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 утсанд хэр олон дуудлага, мэдээлэл ирж байгааг талаарх мэдээлэл бэлтгэлээ. Эрсдэлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдүүдэд Хүүхэд хамгаалах түр байр үйлчилдэг. Энд байх хугацаандаа хүүхэд сэтгэл зүйн, эрүүл мэндийн, нийгмийн, хөгжлийн, боловсролын үйлчилгээнд хамрагддаг. Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь бие махбодын хүчирхийлэл, үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн гэх зэрэг шалтгаанаар ирдэг байна.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Тус төв өдөрт дунджаар 300-500 дуудлага хүлээн авдаг байна. Нэгэн зэрэг дөрвөн дуудлага хүлээн авч, мессеж болон чатботоор харилцан, мэдээлэл зөвлөгөө өгдөг. Өдөрт ирж буй дуудлагын нь ихэнх нь хүүхдийн эрх зөрчигдсөн тухай дуудлага мэдээлэл байдаг байна. Баярын өдөр болон хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин буусан өдрүүдэд дуудлага, мэдээлэл ихэсдэг.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн Ахлах нийгмийн ажилтан Б.Азжаргалтай ярилцлаа
-Хүүхдийн 108 утсанд ямар төрлийн дуудлага мэдээлэл их ирж байна бэ?
-Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн дуудлагыг бид хэд хэд ангилдаг. Хүүхэд хамгаалал буюу бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл зэрэг дуудлага багтах бол зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлагад үерхэл, нөхөрлөл, үе тэнгийнхний харилцаа, цаашлаад хичээл боловсролтой холбоотой зөвлөгөөнүүд багтдаг. Хүүхдийн 108 утсанд өдөрт 300-500 дуудлага ирдэг. Өнгөрсөн долоон хоногт 59 хамгаалах байранд холбон зуучилсан.
Энэ сарын 13-ны байдлаар 505 хүүхэд шуурхай дуудлагын үйлчилгээ үзүүлсэн. Зарим үед ар гэрт нь эргэн нэгтгэх шаардлага гардаг. Ямар нэгэн өвчлөл хавьтал, эрсдэлтэй ар гэрийн асаргаа шаардлагатай хүүхдийг хамаатан садан, эмээ өвөө, нагац ах эгч нарт хүлээлгэж өгөх арга хэмжээ авдаг. Хүүхдийн 108 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг. Манай төвд сэтгэлзүй, нийгмийн ажилтан ажилдаг. Өсвөр насны хүүхдүүд холбогдож, үе тэнгийн харилцаа, нөхөрлөл, гэр бүлийн харилцааны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл авч байна. Харин насан хүрсэн иргэд гэсэн холбогдож, хүүхдийн хүмүүжил, гар утасны хэрэглээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө мэдээлэл авдаг. Сүүлийн үед цахим донтолт, гар утас хэрэглээний маш өндөр байгаа асуудал дээр болон хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө мэдээлэл их авч байна.
-Ямар үед дуудлагын тоо нэмэгдэг вэ?
-Хүүхдийн 108 утсанд өдөр 300-500 орчим дуудлага мэдээлэл ирдэг. Харин хүүхдийн мөнгө халамж, тэтгэвэр тэтгэмж буух үед архи согтууруулах ундаа хамааралтай иргэд их холбогдог. Манай төв тогтмол 300-500 дуудлага мэдээлэлтэй байдаг. Зуны улиралд хараа хяналтгүй, үл хайхрах хүчирхийллийн дуудлага нэмэгддэг. Учир нь сургууль цэцэрлэг амарчихдаг учраас эцэг эхчүүд асран хамгаалагчид ажил төрөлдөө явахдаа хүүхдээ хараа хяналтгүй үлдээж явдаг. Үүнээс болж ахуйн осол гэмтэл үүсэх асуудлууд нэлээд гардаг. Харин сургуулийн орчин дахь үе тэнгийнхэн дээрдэлтийн дуудлага мэдээлэл багасдаг. Гэхдээ нийт дуудлага хэвээрээ байдаг. Хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээлэл буурдаггүй.
Манай иргэдийн хувьд гэр хороололд хүчирхийлэл үйлдэгдэг гэсэн ойлголт байдаг. Орон сууц болон хувийн хаусанд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдэг дуудлага ирдэг. Иймээс гэр хороолол орон сууц гэж ялгаж хандаж болохгүй. Сүүлийн үед түрээсийн орон сууцанд хүүхдийн эрхийн зөрчил, үл хайхрах хүчирхийлэл, хараа хяналтгүй үлдээдэг, зодож цохиж байгаа дуудлага мэдээлэл их байдаг. Одоо хөршийн дуудлага нэмэгдэж байгаа. Хуучин хаалттай хаалганы цаана асуудал бидэнд хамаагүй гэж боддог байсан. Одоо бол ямар нэгэн байдлаар хүүхэд удаан хугацаагаар уйлах, эмэгтэй эрэгтэй хүний чимээ гараад эхлэхээр иргэд энэ айл асуудал үүсэж байна гээд дуудлага өгдөг болсон.
-Нийслэлийн хэмжээнд хамгийн их дуудлага аль дүүргээс ирж байна вэ?
-Хүн ам ихтэй газар нутгаар том гэдэг утгаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дуудлага мэдээлэл өндөртэй байдаг. Хүүхдийн 108 утас олон нийтэд хүртээмжтэй болж байгаа. 21 аймгаас дуудлага мэдээлэл ирдэг. Хотыг бодвол арай бага хувьтай байдаг. Суурьшмал бүсээс хамаарч дуудлага мэдээлэл нь янз бүр байдаг. Тухайлбал, Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудаас өдөр бүр дуудлага мэдээлэл ирдэг. Тухайн аймгийн нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч дуудлага мэдээллийн агуулга утга өөрчлөгдөг. Жишээлбэл, Дархан, Орхон аймгийн хүүхдээс миний эрх зөрчигдөж байна гэдэг асуудлаар их холбогдог.
Бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Эцэг эх асран хамгаалагчид хүүхдээс өөрөөс нь боллоо гэдэг. Хүүхдийн дотор байгаа эрс хүч энерги гэдэг зүйл маш их ундарч байдаг. Байнга хөдөлгөөнтэй өөрийгөө илэрхийлмээр санагддаг. Энэ үед нь хүүхдийг сонирхолтой спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Хүүхдийг сайн ажиглах хэрэгтэй. Хүүхдийг тэр чинь болохгүй байна. Энэ чинь болохгүй байна гээд зодож нүдэх асуудал их байдаг. Энэ хүүхдэд маш хүндрэлтэй байдаг. Мөн өсвөр насны хүүхдүүд хувьд бусад уруу татагдах хандлагатай байдаг. Ер нь бол хүүхдэд гэр бүлийн орчин хамгийн чухал.
-Өсвөр насны хүүхдүүд хэр холбогдож, зөвлөгөө мэдээлэл авч байна вэ?
-Сүүлийн үед 7-8 ангийн сурагчид сэтгэлзүй, хууль эрх зүйч, багш мэргэжлээс нийгэмд аль нь эрэлттэй вэ гэдэг талаар асууж холбогдож, зөвлөгөө мэдээлэл авдаг. Мөн 11-12 дугаар хүүхдүүд мэргэжил сонголт гэхээс илүүтэй ЭЕШ хэрхэн бэлтгэх вэ. Өөрийгөө бүрэн гүйцэт таниагүй байх шиг байна. Би ийм зан авиртай гэдэг байдлаар зөвлөгөө мэдээлэл авдаг. Мөн эцэг эхчүүд холбогдож, гар утас, зурагт, компьютер, дэлгэцийн хамаарлын талаар зөвлөгөө мэдээлэл авч байна. Энэ төрлийн дуудлага мэдээлэл нэмэгдсэн. Энэ дэлгэцийн хамаарлын гол үндсэн үүсэгчид эцэг эх асран хамгаалагчид өөрсдөө байдаг. Бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ тоглож наадах , намайг хайрлаач гээд анхаарал халамжийг ихээр хүсдэг.
Энэ үед эцэг эх асран хамгаалагчид нь гар утас өгөөд суулгачихдаг. Хүүхдүүдийн үзэж байгаа бичлэг нь өнгөний ялгарал их байдаг учраас хүүхдийг маш хурдан татагдаж, донтдог. Ингээд дэлгэцийн хамааралтай болдог. Хүүхдийг өсвөр насанд хүрсний дараа хамааралтай болсныг мэдэж анхаардаг. Иймээс эцэг эхчүүд эртнээс гар утасны хэрэглээн дээр анхаарах хэрэгтэй. Хүүхдээ утас үзүүлмээр байвал насны онцлогт тааруулж үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал тав хүртэл насны хүүхэд өдөрт 5-10 минут байх шаардлагатай. Таван минут үзүүлэх ёстой гээд байнга үзүүлээд байж болохгүй. Байнга хараа хяналттай байхгүй бол дэлгэцийн хамаарал болж СЭМҮТ-д очих хүүхдийн ихсэж байгаа.
Б.Азжаргал: Хүүхдийн 108 утсанд өдөрт 300-500 гаруй дуудлага ирдэг | ||
Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.