
Улаанбурхан өвчний халдвар өдөр бүр нэмэгдэж байгаа. 2025 оны долдугаар сарын 4-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11429 хүрээд байна.
Эмчлэгдэж буй хүмүүс
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 554 хүн
- Хөнгөн – 69
- Дунд – 446
- Хүнд – 37
- Нэн хүнд – 2 гэсэн нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 10.076, гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4591-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Иймээс Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажууж байгаа.
Дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс Дархаажуулалтын тухай хуулиараа 15 хүртэлх насны хүүхдүүддээ есөн төрлийн вакциныг 13 төрлийн өвчнөөс сэргийлэх зорилгоор хийдэг. Улаанбурхан өвчний эсрэг вакцин есөн сартайд эхний тун, хоёр дахь тунгаар дархлаажуулдаг. Эхний тунгийн хамрагдалт 2024 оны байдлаар 95,3 хувьтай байгаа бол хоёрдугаар тунгийн хамрагдалт 95,1 хувьтай байна. жилд төрж буй 60-70 мянган хүүхдийн 3-4 мянган хүүхэд тухайн товлолт вакцинаас хоцрох эрсдэлтэй байна. Жил бүрийн тоог нэмээд тооцоодвол, 50 мянга гаруй хүүхэд вакцингүй байх боломжтой харагдаж байгаа юм.
Эдгээр хүүхдийн нөхөн дархлаажуулалтын ажлыг улс орон даяар эхлүүлсэн. Хэрвээ таны хүүхэд улаанбурхан, гахайн хавдар гэх мэт товлолт вакцины дутуу тунтай, эсвэл ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй бол сум өрхийн эмнэлгүүдэд очиж нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
1974 онд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, түүн дотроо улаанбурхан, гахайн хавдар, улаанууд, сахуу, хөхүүл ханиад, татрангийн эсрэг вакциныг дэлхийн бүх улс орон үндэсний товлолт вакцинд нэвтрүүлж, өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. 2024 онд 50 дахь жилийнхээ үр дүнг эрдэмтэй судлаачид тооцож үзсэн байдаг. Тооцооллоор 154 сая хүний амь насыг вакцины үр дүнд аварч чадсан Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг вакциныг тарьснаар ноцтой ямар нэгэн урвал хүндрэл бүртгэгдээгүй.
Улаанбурхнаар өвчнөөр вакцинд хамрагдаагүй эсвэл бүрэн тундаа хамрагдаагүй, энэ халдвараар өвдөж байгаагүй хүн өвдөх өндөр эрсдэлтэй. Тэр дундаа бага сартай хүүхдүүдийг, ялангуяа зургаа, долоо, найман сартай хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Ингэснээр вакцины товлолт нас хүрэхээс нь өмнө сэргийлэх өвөрмөц аргуудын нэг болж байгаа юм. Одоо өвдөөд байгаа хүмүүсийн 70-80 хувь нь вакциндаа хамрагдаагүй, бүрэн тунгаа хийлгээгүй хүмүүс өвдөж байна. Цаашид энэ халдвараас сэргийлэхийн тулд иргэн бүхэн хариуцлагатайгаар товлолт дархлаажуултандаа хүүхдүүддээ хамруулах, хамрагдсан эсэхийг нь нягтлах, хамрагдаагүй нь дархлаажуулалтын энэ үеийг ашиглах хэрэгтэй “ гэдгийг онцолсон юм.
О. Дашпагма: Улаанбурхан өвчний вакциныг 1974 оноос дэлхийн бүх улс орон үндэсний товлолт вакцинд нэвтрүүлсэн | ||
Үзсэн: 218 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.