Шууд Chart

Гадаад, дотоодын хавдрын эмч судлаачдын 60 гаруй судалгааны бүтээлийг хэлэлцэн, туршлага солилцлоо

2025-10-18 11:36:14

“Хавдар судлалын тулгамдсан асуудал 2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны аравдугаар сарын 16, 17-нд зохион байгууллаа.

19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хуралд гадаад дотоодын эмч, судлаач, мэргэжилтнүүд 60 гаруй бүтээлээ ирүүлсэн байна. Нийт 5 салбар хуралдаанаар 40 гаруй бүтээлийг гурван өдөр хэлэлцсэн ба өнөөдөр 20 гаруй бүтээлийг хэлэлцэж, мэдлэг мэдээллээ солилцлон, шилдэг илтгэлүүдийг тодруулав.

Хорт хавдар нь сүүлийн 20-иод жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан хэвээр байна. Хавдрын хожуу үе шатандаа илрэх тохиолдол 60 хувь, анх оношлогдсон хүмүүсийн 60 гаруй хувь нь тухайн жилдээ нас барж байгаа статистик үзүүлэлттэй байна. Иймд хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, хяналтыг оновчтой хийж, бодлогыг зөв тодорхойлон хэрэгжүүлэхэд нотолгоотой шинжлэх ухааны суурь болон эмнэлзүйн туршилт судалгааны ажлыг өргөжүүлэх хэрэгцээ их байгааг хэлж байлаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Хавдар судлалын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тасралтгүй зохион байгуулж буйд хавдар судлаач эмч хүний хувьд баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, Намайг хавдар судлалын эмчээр ХСҮТ-д анх ажиллаж байх үед шинэ технологи нэвтрүүлж чадсан эсэхээ ярьдаг байсан бол өнөөдөр та бүгдийн илтгэлээс илүү их амьдарсан хугацаа, үр дүн, бусад технологитой харьцуулсан судалгаануудыг хараад бахархлаа. 280 гаруй асуудлыг хөндсөн сэдвээр Хавдар судлалын сэтгүүл гаргасан байна. Хавдар судлал сэтгүүл 1999 оноос хойш хэвлэгдэн гарч байна. Орон нутгийн болон хувийн эмнэлгүүдийн хавдрын эмч, судлаач нар судалгааны ажлаа сэтгүүлд оруулж байгаа нь хавдар судлалын чиглэлд эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хөгжиж буйн нотолгоо юм.

Орчин үеийн хавдар судлал өндөр түвшинд хүржээ. Зөвхөн дүрс оношилгоо гэж ярихаа больж шингэн биопси ярьдаг боллоо. Дүрс оношилгоогоор харагдахгүй хавдрыг эрт илрүүлэх оношлох боломжтой болсон технологиудыг ярьдаг болж, өдгөө ХСҮТ-д нэвтрүүлэх гэж байна.
Эмчилгээний төрлүүд олширсон. Өмнө нь эмчилгээгүй байсан хавдрууд, хавдрын төгсгөлийн шатанд байгаа өвчтөнүүдийг ч эмчилдэг болсон. Робот мэс заслыг нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд 2025 оны төгсгөлд робот мэс заслын хагалгаа хийгдэж эхэлнэ. Үүнээс хавдар судлалын хөгжил дэлхийн түвшинд хүрснийг харж болно.

Мөн тэрбээр залуу эмч судлаач нартаа хандан," Эмч хүн нотолгоонд суурилсан шийдвэр гаргадаг. Ингэхийн тулд өөрөө судалгаа хийдэг байх ёстой. Хийсэн ажил бүр, эмчилсэн хүн бүрээ бүртгэж түүнийхээ үр дүнг бусадтайгаа хуваалцана гэдэг бол жинхэнэ эмч эрдэмтэн хүний гол ажил. Тиймээс өдөр бүр шинэ нотолгоог бусдадаа гаргаж өгч, хийж буй эмчилгээний аргаа энэ нотолгоонд суурилсан юм шүү гэж нотлохын төлөө хичээж, оюун санаагаа хөгжүүлэн ажиллаарай" гэлээ.

“Хорт хавдрын тулгамдсан асуудал 2025” эрдэм шинжилгээний хурал нь хавдар судлалын салбарт тулгамдаж буй тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлж байгаа шинэ технологи, инновацийн хөгжил дэвшил түүнийг практикт нэвтрүүлсэн туршлага, эмнэлзүйн ховор тохиолдол зэрэг олон асуудлаар эрдэмтэд, эмч судлаачдын хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, асуудал хөндөж, анхаарал татсан шүүмж, дүгнэлтийг мэргэжил нэгт эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдад хүргэх зорилготой юм.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, профессор Ц.Батболд: Эрдэм шинжилгээний хуралд дотоод, гадаадын эмч судлаач төлөөлөгчдийн тухайн жилд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, хавдрын оношилоо эмчилгээ, нэвтэрсэн шинэ арга технологи гээд олон асуудлыг ярилцаж, мэдлэг мэдээлэл туршлагаа хуваалцдаг томоохон талбар болоод байна. Үе үеийн ахмад профессорууд, удирдлагууд, тэдний хийсэн ажлууд, одоогийн эмч мэргэжилтэн, судаалч нарын тасралтгүй хийж буй технологиудыг нэвтрүүлсний үр дүнд хавдрын тусламж үйлчилгээг өнөөдрийн хэмжээнд хөгжүүлсэн гэдгийг онцолсон юм.

Монголын хавдар судлаач эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Я.Замбалгарав: Манай нийгэмлэг 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ба жил бүр болдог энэ хурлыг ХСҮТ, ЭМЯ-тай хамтран зохион байгуулж байна. Мөн нийгэмлэгийн нэг гол үйл ажиллагаа нь хавдар судлаач эмч нарын зэрэг ахиулах шалгалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж буй явдал. Одоогийн байдлаар хавдрын эмч нар маань 20 гаруй ахлах зэрэг, 15 тэргүүлэх зэрэг, 3 зөвлөх зэрэгтэй болж тоогоо нэмсэн. Хавдар судлалын оношилгоо эмчилгээгээр нарийсах мэргэжилтэн бүрд бидний үүд хаалга, мэдээлэл нээлттэй” гэлээ.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Гадаад, дотоодын хавдрын эмч судлаачдын 60 гаруй судалгааны бүтээлийг хэлэлцэн, туршлага солилцлоо  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй