
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 09 цаг 31 минутад 19 гишүүн хүрэлцэн ирснээр 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулан, хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж эхлэх үеэр Байнгын хорооны дарга хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд дээрх саналтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улс парламентын засаглалтай болсон 35 жилийн хугацаанд нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил байсныг, харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтвортой ажилласан бөгөөд ийнхүү төрийн тогтвортой байдлыг хангахад парламентын дэмжлэг чухал байсныг Б.Жавхлан гишүүн хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн хэлэлцэж буй саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эшилж, төсөв батлах, өвөлжилтийн бэлтгэл хангах тэргүүтэй хийх ажил их байгааг сануулж, нийтээрээ хууль дээдлэх зарчмыг баримтлахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, төлөөллийн чадавхаа бэхжүүлсэн ардчилсан парламентын засаглалтай улс орны үнэ цэний талаар үг хэлээд, баримт нотолгоогүйгээр нэгнээ гүтгэж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулан, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа хариуцлагыг хүлээлгэх үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Э.Болормаа нар эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулсан нөхцөл үүсээд байгаагаас үүдэн иргэдийн амьдралд хүндрэх эрсдэл бий гэдгийг сануулаад, төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, үг хэлсэн.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 22 гишүүний 19 нь Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ | ||
Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.