Шууд Chart

“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

2025-10-16 13:23:51

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Шинэ Дели хотноо зохион байгуулсан  “Энэтхэг-Монголын бизнес форум”-д хоёр орны төр, засгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Форумаар эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, тээвэр логистик, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч асан Мадхав Сингханиа нар нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн оруулах хувь нэмэр их гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.

Мөн Шадар сайд С.Амарсайхан, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве нар мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт найрсаг харилцаа өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч,  худалдаа, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцоллоо.

Форумын үеэр МҮХАҮТ болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбоо хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд  нэмэгдэж, 2024 оны байдлаар 110 гаруй сая ам.долларт хүрээд байна.

Манай улс Энэтхэгт мал, амьтны үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж, хүнс, гэр ахуйн бараа, протез, химийн задлан шинжилгээ хийх аппарат, өргөгч, ачигч, вааран эдлэл, оёмол бүтээгдэхүүн голлон авч байна.

Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,3 их наяд ам.доллар. Экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум ам.доллар.

Нефтийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, эм, эмийн бүтээгдэхүүн голлон нийлүүлж, гадаадаас түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт метал, цахилгаан бараа авдаг.

  Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбар юм.

Энэтхэг нь нүүрсний нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт, 2023 оны байдлаар гялтгануур болон хөнгөн цагааны хүдрийн нөөцөөр тавдугаарт, литийн давсны хүдрийн нөөцөөр зургаадугаарт төмрийн болон марганцын хүдрийн нөөцөөр долоодугаарт орж байна.


“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй