
АНУ болон Ираны Засгийн газрын зөвшилцлийн үндсэн дээр Ираны иргэдийг захиалгат нислэгээр эх оронд нь албадан буцаах болсон талаар Ираны Засгийн газар мэдээлжээ.
АНУ-ын Засгийн газар цагаачдыг хүний эрх хамгийн их зөрчигддөг улс руу ч буцааж байгаа нь тэдний цагаачдын талаарх бодлого хэр чанга болсныг харуулж байна.
Ираны Засгийн газраас мэдээлж буйгаар захиалгат нислэгээр эхний 120 иргэн Лос Анжелес дахь Александра цэргийн нисэх буудлаас хөөрсөн бөгөөд замдаа Пуэрто Рикод зогсолт хийж Дохагаас Тегеран руу дахин нэг захиалгат нислэгээр дамжин эх орондоо очсон аж.
Вашингтон дахь Ираны ашиг сонирхлын хэлтсийн дарга Аболфазл Мехрабади “Албадан гаргагдсан хүмүүсийн дийлэнх нь саатуулах байранд олон сар амьдарсан, орогнол хүсэх хүсэлт нь буцаагдсан иргэд байсан бөгөөд тэд сайн дурын үндсэн дээр буюу Судан, Сомали зэрэг гуравдагч улс руу биш эх орон руу нь буцааж байгаа тул хүлээн зөвшөөрч буцаж байгаа. Ираны Засгийн газар ямар ч иргэнээ өөр улсад хоригдох, эсвэл гуравдагч оронд хууль бусаар оршин суухыг хүсэхгүй тул эдгээр иргэд эх орондоо буцахад ямар ч асуудалгүй” гэжээ. Мөн түүний хэлснээр цагдан хорих байранд 500 орчим иргэн байгаа бөгөөд нийт 2500 орчим иргэн АНУ-аас албадан гарах нөхцөл байдалд байгаа юм.
АНУ хэдэн арван жилийн турш Иранд эрх нь зөрчигдөж, хавчигдаж буй эмэгтэйчүүд, улс төрийн тэмцэгчид, сэтгүүлчид, хуульчид, шашны цөөнх болон LGBTQ хүмүүст орогнол олгож ирсэн. Гэвч энэ жилийн эхээр АНУ эх орондоо Христийн шашин шүтдэгээсээ болж гадуурхагдаад байсан иран иргэдийг Коста Рика, Панама руу нүүлгэн шилжүүлжээ. Ийнхүү цагаачдыг албадан гаргаж буй кампанит ажлыг зарим цагаачид эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж байна.
Иран руу буцаагдаж буй иргэдийн шалтгаан тодорхойгүй ч тэдний дунд 30 настай Христийн шашинт эмэгтэй, саяхан төрсөн нярайн аав, үндэстний цөөнх, улс төрийн тэмцэгч нар багтаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд улс төрийн болон шашны итгэл үнэмшлээсээ болж хавчигдан, хэлмэгдэхээс айсан иран дүрвэгчид АНУ-ын өмнөд хилээр хууль бусаар олноороо нэвтэрч байна.
Өнөөг хүртэл АНУ нь Иран гэх мэт дотоод асуудалтай улсууд руу дипломат харилцааны асуудлаас шалтгаалан иргэдийг нь албадан нутаг буцаах үзэгдэл ховор байсан бөгөөд 2024 онд 20 орчим иран иргэнийг нутаг руу нь албадан буцааж байжээ.
Эх сурвалж: ГИХГ
АНУ зөрчилд холбогдсон Иран Улсын иргэдийг эх оронд нь буцаана | ||
Үзсэн: 224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.