Шууд Chart

Монголын нууц товчоо-Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь

2013-12-22 09:18:51

209. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,

        Хүр гэсэн газар хүрч
        Хүр чулууг хэмх цохиж
        Халд гэсэн газар халдаж
        Хад чулууг хага цохиж
        Цэгээн чулууг бутартал
        Цээлийн улсыг цалгитал
        Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ" гэв. "Хубилай чи цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай" гэж соёрхож зарлиг болов. Бас Бидүгүн, их дуулгаргүй тул би буруушааж, мянганы ноён болгосонгүй. Чи түүнийг сургаж үз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидүгүнийг хойш ямар болохыг бид үзье" гэв.

210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн:
"Боорчи, Мухулай тэргүүтэн ноёд оо, Додай Доголху тэргүүтэн чэрби нар аа! Энэ хунан,

        Харанхуй шөнө
        Халдах чоно болж
        Гэгээн өдөр
        Хэсэх хэрээ болж
        Нүүхэд үлдэхгүй
        Үлдэхэд нүүхгүй
        Үргэлж намайг дагаж
        Харийн дайсанд
        Халуун нүүр өгч
        Харилцдаггүй
        Өшөөт хүнд
        Өмөг тус болж
        Өөр зан гаргадаггүй билээ.

Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг үйлсийг үйлдэгтүн" гэж зарлиг болов. "Хөвүүдий минь ах Жүчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргүүлэн захирч, миний хөвүүн Жүчийн дор түмний ноён болтугай" гэж зарлиг болов. "Хунан Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн энэ дөрвүүл, үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй, сонссон үгээ сонсгодог билээ".

211. Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: "Жарчиудай өвгөн, үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй" гэж зарлиг болов.

212. Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун" гэж зарлиг болов.

213. Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: "Мэнгитү хианы хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хүрээ болж

        Будан мананд төөрөлгүй
        Булаалдах дайн салалгүй
        Нойтонд хамт норж
        Хүйтэнд хамт хөрж
        Явав чи

Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Үнгүр өгүүлрүүн: "Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянганыг чи захиртугай!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: "Борохул Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих идээг түгээж, баруун талын хүмүүст байр байраар олгож, зүүн талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хүнд идээ рэг сөнгийн баруун зүүн этгээдэд идээ базааж бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун" гэж суурийг зааж өгөв.

214. Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний нүүсэн нутгаас

        Хөдөөнөөс олж
        Хөлдөө бүүвэйлж
        Хүмүүжүүлэн тэжээж
        Хүзүүнээс чинь татаж
        Хүний зэрэг болгож
        Эгмээс чинь татаж
        Эрийн зэрэгт оруулж

Хөвүүд бидний нөхөр сүүдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борохул надад нөхөр болж 

        Хурдан аянд мордож
        Хуртай шөнө тохиолдовч
        Хоол ундгүйгээр
        Хоосон хонуулсан удаагүй,
        Яаралтай дайнд
        Ямар ч бэрхшээл тохиолдовч
        Шөл тасалдуулж
        Өл алдуулж байсангүй
        Өвөг эцгийг минь хорлосон
        Өстөн татаарыг доройтуулж
        Өшил өшиж
        Хясал хясаж
        Тэр татаар иргэнийг
        Тэрэгний бултай чацуулж
        Түүнээс өндөр нуруутныг
        Түүж хядах цагт

Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагүй ирж, манай эхийн гэрт орж ирээд "Идэх юм гуйя" гэсэнд, "Идэх юм гуйвал тэнд суу" гэж баруун исэр (ор)-ийн өмнөд үзүүрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа хавцуулж гүйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зүүн талд сууж байсан Алтани "Хүүгий минь аллаа" гэж эхийн орилон бархирахыг сонсож гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард мугалзар хар үхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав. Алтани Жидай Зэлмэ гурав, хөвүүний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр өгүүлрүүн: "Бид даруй гүйн ирж түүнийг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хөвүүний амийг хорлосон байх билээ. Хөвүүний амийг аварсан гавьяа биднийх болно"гэвэл, Алтани өгүүлрүүн: "Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх билээ? Би гүйн гүйцэж түүний сэвлэг үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангүй бол Жидай Зэлмэ хоёрыг хүрч иртэл, хөвүүний амийг хорлож амжсан байх бишүү?" гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хүргэв.
Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Өгэдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн цусы нь бүлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүний амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё" гэж зарлиг болов.

215. Бас "Охин ургаа соёрхол өгье" гэв. 

216. Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: "Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай" гэж зарлиг болов.

217. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул түүний хөвүүд ач нарт, өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй" гэв.

218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: "Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай" гэсэнд, Тоорил өгүүлрүүн: "Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай" гэж зарлиг болов.

219. Бас Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн: "Намайг өчүүхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар, намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийг би харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар соёрхлыг хүсч байна?" гэвэл, Сорхан-шар ба түүний хөвүүн Чулуун, Чимбай нар өгүүлрүүн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтүгэй!" гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан,

        Олон дайсанд довтолж
        Олз юм олбол
        Олсноо бүрэн автугай!
        Аян ав хийж
        Ан гөрөөс албал
        Алснаа бүрэн автугай!"

гэж зарлиг болов. "Сорхан-шар бол тайчуудын Түдэгэгийн гэрийн хүн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшүүлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!" гэж зарлиг болов.

220. Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: "Ширээт өвгөн, Алан Наяа хоёр хөвүүний хамт Таргудай Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь: "Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?" гэж сэтгэл түвтэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: "Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай" гэж зарлиг болов.

221. Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож захирагтун гэв.

222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж өгөөд мянганы ноён болгов.

223. Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв.

224. Улсыг байгуулахад зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис хаан зарлиг болруун: "Урьд би, наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: "Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр (цэрэг), нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хувүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж, эчнээ (далд) хол газар цөлье" гэж зарлиг болов. "Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай" гэв.

225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтүүлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов.
Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж, Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай! гэж зарлиг болов. 

226. "Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!" гэж зарлиг болов.

227. Бас Чингис хаан зарлиг болж өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзээд эчнээ хол газарт цөлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхүү ахлагч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүн. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтүүлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.

228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов.

229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл [манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шөл идтэл уяаны тэнд хүлээж байгаад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хүмүүс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилүүлсэн хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү?

 

 

Монголын нууц товчоо-Хүчүлүгийн дүтаасан ба Жамухын дарагдсан нь

198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ хоёроос, Дөргэнэг тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл" гэж илгээв.
Тогтоа хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ. Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтлэхэд олонх хүн нь усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хүчүлүг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов.
Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бүгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, үлэгсдийг цэргүүдээр талуулж дээрэмдүүлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зүг зүг дуустал хуваарилав.

199. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэйд төмөр тэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгосон нь:

        "Уршигт Тогтоагийн
        Урвасан хөвүүд
        Уургат хулан шиг
        Ухаан алдаж
        Шархт буга шиг
        Шантран мохож
        Буцаж харвалдсаар
        Буруулан дутаав.
        Хөөгдсөн Худу, Чулуун нар
        Хөөрөх жигүүртэй болж
        Хөх тэнгэрт нисвэл
        Хүлэг баатар чи
        Хөнөөх шонхор болж
        Хөөж тэднийг бариарай!
        Муу Тогтоагийн хөвүүд
        Мунхаг тарвага болж
        Мухар нүхэнд шургавал
        Төгс баатар Сүбээдэй
        Төмөр царил болж
        Төнхөж малтаж гүйцээрэй!
        Өшөөт мэргидийн үрс
        Өргөст загас болж
        Өргөн далайд орвол
        Өрлөг Сүбээдэй чи
        Өөш гувчуур болж
        Өлгөж гохдож бариарай!
        Өрлөг баатар чамайг
        Өндөр давааг давуулж
        Өргөн мөрнийг гэтлүүлж
        Өшөөт мэргидийг даруулахаар
        Өдөр болзож илгээв.
        Усны уртыг туулж
        Газрын холд хүрэхдээ
        Унах морьдоо гамнаж
        Уулга хүнсээ хэмнэж
        Урьдаас болгоомжтой яв!
        Агт морьдоо муудуулбал
        Амаа баривч хожимдоно
        Аливаа хүнсээ барвал
        Арвилан хэмнэвч оройтоно.
        Алсын тэр замд
        Авлах гөрөөс олон бий.
        Ан ав хийсээр
        Алсын замыг бүү март
        Хүнсний нэмэр болгож
        Хүрэлцэх хэмжээгээр авла.
        Эрхэлсэн аваас ангид
        Энгийн явах замд
        Эр цэргийн морьдын
        Эмээлийн хударгыг мулталж
        Агтны хазаарыг амгайчилж
        Аяар зөөлөн яв
        Чанд эн журмыг
        Чармайн сахиж явбал
        Аяны хүн дураар
        Авлан давхихаа болино.
        Цээрлэх журмыг зөрчсөн
        Цэргийн хүмүүсийг жанч
        Таних хүн, миний
        Таалал зарлигийг зөрчвөл
        Та нар надад явуул
        Танихгүй хүн, миний
        Таалал зарлигийг зөрчвөл
        Та нар мэдэж шийтэг.
        Уул нурууг алславч
        Уг санаагаа нэгтгэж
        Мөрөн голыг гэтлэвч
        Мөн санаагаа нэгтгэж
        Мөнх тэнгэрийн хүчинд
        Мөрийн хүч нэмэгдэж
        Гайт Тогтоагийн хөвүүдийг
        Гартаа оруулж баривал
        Тэднийг авчрах хэрэггүй
        Тэнд нь чигийг ологтун!"
        гэж зарлиг болов.
        Чин зоригт Сүбээдэйд
        Чингис бас хэлэв:
        "Чи одоо яваад
        Чивэлт мэргидийг сөнөө.
        Балчир цагт минь тэд
        Байн байн довтолж
        Бурхан халдунд биднийг
        Бултуулан сандаргаж байсан.
        Өшөөт тэр мэргидүүд
        Өнөө бас тангараглаад
        Өөр зүг дутаав.
        Уртын үзүүрт хүрч
        Гүний ёроолд орж
        Төлөөс өшөөг ав!" гэж
        Төмөр тэргийг хэрэглүүлэн
        Үнэн итгэлтэй Сүбээдэйг
        Үхэр жил илгээв.
        "Далд оровч
        Ил мэт санаж
        Хол очивч
        Ойр мэт бодож
        Бидэнд итгэлтэй явбал
        Дээд тэнгэр ивээж
        Дэмжих болно" гэж
        Баатар Сүбээдэйг мордоход
        Бас зарлиг болов.

200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн угалз алж шарж идэж байгаад Жамуха, нөхдөдөө хэлсэн нь: "Хэний хөвүүд энэ өдөр угалз алж, ингэж идэж байна?" гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нөхдөдөө баригдаж ирээд Чингис хаанд хэлүүлсэн нь:

        "Хар хэрээ
        Халтар нугасыг
        Барих болов
        Харц боол
        Хан эзэндээ
        Халдах болов.
        Хаан анд минь
        Хайрлаж өршөө
        Бор элээ
        Борлог нугасыг
        Барих болов
        Боол зарц
        Бодот эзэндээ
        Босож халдав.
        Богд анд минь
        Бодож үз" гэжээ.

Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: "Хаан эзэндээ халдсан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг төрлий нь хүртэл устга" гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халдсан ардыг алав.
Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:

        "Одоо бид хоёул
        Ойртож бас нөхөрлөе.
        Өнөө болоход, чи
        Өрөөсөн арал болоод
        Өөр санаа агуулахгүй биз.
        Хамт хоёул нийлж
        Харилцан найрамдаж
        Умартсанаа сануулж
        Унтсанаа сэрүүлж явъя
        Өөр замаар
        Явсан боловч
        Өлзийт сайн нөхөр минь
        Мөн билээ, чи.
        Өшилдөн байлдах
        Өдөр болоход
        Өр зүрхээ
        Өвддөг билээ, чи.
        Ангид замаар
        Явсан боловч
        Анд сайн нөхөр минь
        Мөн билээ, чи.
        Улайшран байлдах
        Өдөр болоход
        Уушги зүрхээ
        Өвддөг билээ,чи
        Хэдэн жишээг хэлбэл:
        Хэрэйд улстай бид
        Хархалзан элээтэд
        Хатгалдах цаг болоход
        Тоорил ханы санааг
        Тодруулж бидэнд хэлээд
        Тун их туслав.
        Бас Найман улсыг
        Үгээр үхтэл сүрдүүлж
        Амаар айтал сандаргаж
        Аливаа байдлыг мэдэгдэж
        Ач тус хүргэсэн билээ" гэж хэлүүлжээ.

201. Жамуха өгүүлрүүн:

        "Эрт өнгөрсөн цагт
        Энхрий бага насанд
        Хорхунаг Жубурын хөндийд
        Хоёул их найрамдаж
        Хан анд чамтай
        Хайрт найз болж
        Үл шингэх идээ идэлцэж
        Нэг хөнжил нөмөрч
        Нэг санал санаж явлаа.
        Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж
        Хөнөөх үгэнд автагдаж
        Хажуугийн хүнд хатгагдаж
        Хатгах үгэнд автагдаж
        Хаан анд чамаас
        Хагацан салаад, би
        Хар нүүрийнхээ арьсыг
        Халцарч хуурсны адил
        Хаан анд чиний
        Халуун царайг харахаас
        Халшран зовж явав
        Умарташгүй хэлэлцсэн
        Урьдын үгийг санаж
        Улаан нүүрнийхээ арьсыг
        Уруулж өвчүүлснй адил
        Уужим сэтгэлт андынхаа
        Ухаант царайг харахаас
        Ухран зовч явав.
        Хаан анд намайг
        Хайрлан соёрхож
        Хамтран нөхцөе гэжээ.
        Нөхцөх цагт
        Нөхцсөнгүй, би
        Тэмүжин чи
        Түмэн улсыг
        Төвшин болгож
        Харь улсыг
        Хамтатган захирч
        Хамгийг эзэлсэн
        Хаан болоод
        Дэлхий дахин
        Бэлэн байхад
        Дэмий надаар
        Юу хийх вэ?
        Харанхуй шөнийн
        Зүүд болж
        Гэгээн өдрийн
        Гэмтэн болж
        Хаан андыг
        Зовоох болно, би
        Энгэрийн чинь бөөс
        Эгмийн чинь өргөс
        Болох биз, би.
        Атаат эмийн үгээр
        Андаас салаад
        Алжаан зовов, би
        Энэ насны дотор
        Эрхэм анд бидний
        Энхрий нэр алдаршиж
        Ургах нарнаас аваад
        Шингэх наран хүртэл
        Улс даяарт дуурьсав.
        Сэргэлэн баатар чамд
        Сэцэн эх заяажээ.
        Эрэлхэг баатар андад
        Эрдэмтэн дүү нар төржээ.
        Далан гурван хүлэгтэй
        Дархан өрлөг нөхөдтэй
        Далай Чингис чамдаа
        Дарагдаж мөхөв, би чинь
        Өөрийн эцэг эхээс
        Өнчин бие хоцроод
        Итгэх сайн нөхөргүй
        Идтэй сайн дүүгүй
        Илүү дутуу үгтэй
        Их домогч эхнэртэй
        Ийм байсан учраас
        Тэнгэр эцгээс заяатай
        Тэмүжин чамд дийлэгдэв, би
        Анд нөхөр минь соёрхож
        Амийг минь үтэр тонилговол
        Ариун зүрх чинь амарч
        Амгалан жаргах болно
        Анд чи соёрхож
        Асгарах цусыг гаргалгүй
        Алуулж өршөө, намайг
        Үхэж хэвтэх яс минь
        Үржилт эх дэлхийд
        Үүрд оршиж байгаад
        Итгэлт андын ургийг
        Ивээж тэтгэх болтугай гэж
        Ийм ерөөлийг тавъя
        Өөр төрлийн би
        Өндөр төрөлт андын
        Өмөг сүлдэнд дарагдав
        Хүсэн үгийг минь
        Мартахгүй
        Хэзээ ямагт
        Дурдаж яваарай!

Одоо намайг тонилготугай!" гэж өгүүлбэл, эдгээр үгийг сонсоод Чингис хаан өгүүлрүүн:

        "Анд нөхөр Жамуха
        Анги тасархай явавч
        Атаа хор санаж
        Амиа хорлох үгийг
        Арай хэлсэнгүй билээ.
        Засарч чадах боловч
        Засрахгүй хичээхгүй байна.
        Үзэх төлгөөр мэргэлбэл
        Үхэх цаг нь болоогүй мэт
        Дээд язгуурын хүнийг
        Дэмий хорлож болохгүй
        Хүний амийг хорлоход
        Хүндэт шалтгаан хэрэгтэй.

Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харилцан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе гэвэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв гэж хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүүрий чинь ил хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг үхүүлж хүүрийг оршуулав.

201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун:

202. "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10. Түгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Үнгүр, 14. Чүлгэдэй, 15. Борохул, 16. Шигихутуг, 17. Хүчү, 18. Хөхөчү, 19. Хоргасун, 20. Үсүн, 21. Хуилдар, 22. Шилүгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Хөхөчос, 31. Сүйхэтү, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хүчүгүр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мүгэ, 39. Бужир, 40. Мүнгүүр, 41. Долоодай, 42. Бөгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрүхан. 47. Хөхө, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сүбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэүги, 57. Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62. Тогоонтөмөр, 63. Мэгэтү, 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бөхө, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай, 75. Тобуха, 76. Ажинай, 77. Түйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хүргэн, 81. Хингиадай, 82. Буха-хүргэн, 83. Хурил, 84. Ашиг хүргэн, 85. Хадай хүргэн, 86. Чигу хүргэн, 87, 88. Алчи хүргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту хүргэн, 2 мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хүргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов.

203. Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: "Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй" гэж тэр дотор байсан Шигихутугийг "Тэднийг урьж авчир" гэсэнд Шигихутуг өгүүлрүүн:

        "Боорчи, Мухулай нар
        Бэлт биднээс
        Их тусалж
        Илүү зүтгэсэн үү?
        Тэмдэглэн соёрхоход
        Тэднээс би
        Дутуу тусалж
        Ядуу зүтгэсэн үү?
        Өлгийтэй цагаасаа би
        Өндөр босгыг чинь түшиж
        Өдий их сахалтай
        Өвгөн буурал болтлоо
        Өөр санаа санасангүй
        Өршөөлд чинь багтсаар ирэв.
        Алмай бага наснаасаа би
        Алтан босгыг чинь түшиж
        Амандаа өдий сахалтай
        Ахмад настай болтлоо
        Алжааж бэрхшээсэн зүйлгүй
        Аль чадахаар зүтгэв.
        Хөлдөө хэвтүүлж
        Хөнжилдөө хучиж
        Хөвүүн адилаар
        Хүмүүжүүлэв, намайг
        Дэргэдээ хэвтүүлж
        Дээлдээ хучиж
        Дүү мэтээр
        Түшиж өсгөв.

Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?" гэж хэлсэнд Чингис хаан, Шигихутугт өгүүлрүүн: "Чи миний зургадугаар дүү биш үү? Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё" гэж зарлиг болов. "Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв. Бидний эх ба дүү нар, хөвүүдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан үүдтэний дотроос харъяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно" гэж зарлиг болов. Бас Шигихутугийг "Бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж бай" гэж бүх улсын дээд заргач (шүүгч) болгов. Бас "Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй" гэж зарлиг болов. Шигихутуг өгүүлрүүн: "Миний мэтийн өргөдөл (өргөмөл) дүү, хааны дүүтэй адилаар хувь өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя" гэж өчвөл "Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул өөрөө мэдэж гүйцэтгэ" гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг олж төгсөөд гарч, Боорчи, Мухулай тэргүүтэн ноёдыг урьж оруулав.

204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангүй бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ, би. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй, сар бүр саатахгүй сайшаал шагналыг өгч, үрийн үрд хүртэл үүрд мялааж байя" гэж зарлиг болов.

205. Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн: "Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор хонгор морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгүй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг санасаар явж, би Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи богтгор хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө надад нөмөргөөд, миний дээр борооны усыг дусуулахгүйгээр шөнө турш зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ. Хүлэг баатрын шинж энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын түмнийг мэдэж захиртугай" гэж зарлиг болов.

206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бүжиглэх Хорхунаг-жубурын хөндийд саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би (Мухулайн эцэг) Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг барилдсан билээ. Одоо түүний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хүртэл улс гүрний гоо ван болгоё" гэж гоо ван нэр өгөв. "Мухулай гоо ван, зүүн гарын Хараун-жидуны хавийн түмнийг мэдтүгэй" гэж зарлиг болов.

207. Чингис хаан, Хорчид өгүүлрүүн:
        "Өчүүхэн балчир цагаас
        Өдий болтол минь
        Өлзийт нөхөр болж
        Нойтонд хамт норж
        Хүйтэнд хамт хөрч
        Хүчээ өргөв, чи
        Хол урьдын цагт
        Хорчи чи мэргэлээд
        Зөгнөж хэлсэн үгээ
        Зөв болгон тохирч
        Тэнгэрийн өршөөл хүчээр
        Тэр ёсоор бүтвэл
        Гучин эхнэр авъя гэж
        Гуйсан билээ, чи. 

Одоо чи хэлсэн үг бүтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр, сайхан хүүхнүүдийг сонгож ав" гэж зарлиг болов. Бас "Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгүүд аймгийг нийлүүлж түмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мөрний дагуу ойн иргэнд хүртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн түмэн иргэнийг даргалж мэдтүгэй"гэж зарлиг болов. "Хорчийн зөвшөөрөлгүйгээр ойн иргэн ийш тийш нүүж үл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтгэтүгэй" гэж зарлиг болов.

208. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: "Чиний бүтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргүүтэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг бүтээсэн нь чи мөн. Жорчидай чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн, Дунгайд, Хориширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй бол бид ямар болохыг мэдэхгүй. Жорчидай чиний хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол уруу нүүхэд Жорчидай чамайг би өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мөн".

        Алалдах өдөр
        Амиа хайрлахгүй
        Ачийг хүргэж
        Байлдах өдөр
        Байраа алдахгүй
        Баатарлан зүтгэсний тул

Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож өгөөд Ибагад өгүүлрүүн:

        "Авир зангий чинь голсон биш.
        Ариун үзэсгэлэнг чинь чамласан биш,
        [Хөлийг чинь шивэртэй гэсэн биш,
        Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш, А.то.]
        Өврөө дулаацуулж
        Хөлөө хучуулсан
        Өөрийн хатан чамайг
        Их төрийн үйлст
        Илт зүтгэсэн Жорчидайд
        Ийнхүү соёрхох болов.
        Хатгалдах цагт
        Халх болж,
        Хагацсан улсыг
        Хамтатган өгч
        Хутгалдан байлдахад
        Хуяг болж
        Хуваасан улсыг
        Хурааж өгсөн

Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв. Үүнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний үгийг өөрчлөлгүйгээр ургийн урагт хүртэл Ибагын ор суурь (нэр хүнд)-ийг бүү тасалтугай" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад өгүүлрүүн: "Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн хамт хоёр зуун хүнийг өгсөн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож, надад инжийн хүмүүсээс Ашиг-Төмөр тогоочоо нэгэн зуун хүний хамт өгч од" гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: "Ибага хатнаа чамд өгөв. Чи дөрвөн мянган уруудаа мэдэж захиртугай" гэж соёрхож зарлиг болов.

<<< Өмнөх бүлгийг үзэх                                                              Цааш нь унших >>>


Монголын нууц товчоо-Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь  
Үзсэн: 8516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
цэрэнпүрэв [127.0.0.xxx] 2019-05-06 01:04
зарим үгнүүдииг буруу тайлсан бна лээ

Бидэнтэй нэгдээрэй