Шууд Chart

Уламжлал дээр өнөөдрөө туурвидаг Уул усны утга зохиолтой Монгол мину

2014-01-02 11:33:53

Монголын уран зохиолын өнөөгийн байдал гэхээсээ илүүтэй Монголын утга зохиолын шинэ мянган, зууны босгоор оюуны сэтгэхүйн цар нь ямар хэмнэл, айзам хүрээтэй орж байна вэ? гэдэг чухал дүгнэлт, гаргалгаа байх болов уу? өөрийнхөө уран зохиолыг бичиж, тандахын тулд бас хөрш орнууд, бусад хөгжингүй орнуудын байр, суурь хөгжлийг уншиж судлах нь чухал учраас миний бие гадаад хэлнээс эх хэлрүү минь буусан энэ цагийн яруу найрагчдын бүтээлүүдийг судлан уншихгүйгээр өөрийн хэр хэм хэмжээг тодорхойлох боломжгүй юм. Өнөөдөр яруу найрагчид маань хуучин цагийг бодвол давхар өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу гадаад хэлийг судлан суралцаж өөрийн хүсэл сонирхолоороо тухай улсынхаа яруу, найраг утга зохиолыг чамгүй сайн орчуулан ирээдүй хойчид хүргэж байгаад баярлах ёстой. Монголын орчуулагчдын холбооноос гадна социализмын үед Зөвлөлтийн утга зохиолын дээд сургууль амжилттай төгссөн зохиолч, орчуулагчид, яруу найрагч, шүүмжлэгчид маань өөрийн үүргийг нэр төртэй биелүүлж дэлхийн болоод ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын бүтээлүүдийг маш сайн эх хэлнээ буулгаж ирсний уламжлал ч алдагдаагүй гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Дэлхий дээр хоёр л орон Утга зохиолын дээд сургуультай байгаа бөгөөд эхнийх нь М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль ОХУ-ийн Москва хотод байдаг бол удаахь нь Улаанбаатар хот үүсэн байгуулагдсанаас хойш 20 орчим жил үйл ажиллагаагаа явуулсаар байна. Монголчуудын хамгийн нандин зүйлүүдийн нэг нь хэл бөгөөд үүнийгээ хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, уламжлалаа хадгалах үзэл бодол төрийн хэмжээнд очсон нь манай улсын нэг том бодлого болон хүүхэд залуучуудын дунд хэрэгжиж байна. Утга зохиолын тогтнол нь гадаад илэрхийлэл, уламжлалаа барьсан соёл оршдог тул уламжлал шинэчлэлийг хослуулсан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Үүний тод жишээ нь аман зохиол хөгжсөн буюу аман яруу найргаар ярьдаг ард түмний хувьд ахуйгаас оюун санаа руу чиглэсэн томоохон бүтээлүүд ч туурвигдсаар байна. Төв азийн нүүдэлчдийн том соёлын өв, Монголын оюуны сор бүтээл нь Гэсэр, Жангар, Монголын нууц товчоо гэсэн оргил бүтээлүүд өдгөө дэлхийн утга зохиолын сан хөмрөгт алтан үсгээр бичигдэн хадгалагдсан байдаг. Энэ их уламжлал техник, технологийн эрин үед устах, мөхөх аюул улс орнуудыг нөмөрч ирээдүйн залуус дэлхийд ноёлох бодлоготой цөөн улсуудын далд сурталд автах явдал ЮНЕСКО-ийн гол зовлон болж байгаа билээ. Тэгвэл манай ард түмэн ирээдүйн залгамж халаагаа нялх балчираас нь эхлэн үлгэр, домог, туульсаар хүмүүжүүлж ерөнхий боловсролын сургалтад урлаг, уран сайхан бүх л төрөлд өөрийн өнгөрсөн зуунд бидний ой тойноос улс төрийн зорилгоор арчсан эртний хүчирхэг Монгол өв соёл сэргэн мандаж байна. Ялангуяа сүүлийн хорин жилийн хугацаанд “Монгол”, “Чингис хаан” гэсэн кино, роман, зохиол, найраглалууд утга зохиолын бүх төрөлд бичигдэж коммунизмд үзэл сурталдуулсан нийгэм ардчилал, чөлөөт сэтгэлгээгээр бидэнд эргэнирж түүхээ, шашдираа үнэнээр бичиж эхэллээ. Үнэнээр нь айдасгүй, өвөг дээдсээ бичиж, гайхуулах, бичих болсноороо бид хаана төөрч, оюун сэтгэлгээгээ алдаснаа олж авсан юм. Монголын уран зохиолын баялаг уламжилал дээр өсөн дэвжих өнөө цагийн авъяастнуудад бор зүрх, авъяасанд дулдуйдах бус боловсрол, мэдлэг дэлхийн уран зохиолын төвшин Монголд найраг хаана явааг сайн мэдэрч бичиж байна. Утга зохиолын үнэлэмжийг Англи, Францын утга зохиолын академи, Нобелийн шагналаар эсвэл бестселлер зохиолуудаар үнэлдэг дэлхийн түвшинд аялгуут Монгол хэлний гайхамшгийг илэрхийлсэн азийн өндөр соёл сэтгэхүй, оюун санааны эрх чөлөө уудам дэлгэр газар нутаг шигээ өргөн цартай гэдгийг бид бусдыг уншиж мэдэрдэгч гагц бидэнд эргүүлээд дэлхийд Монгол утга зохиол хөрвөн гарах бололцоо нэн ядмаг байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Үүндээ бид ч санаа амар байдагч гадаад харилцаа,  орчуулга зүй, хэлзүйг төр засгийн бодлогын түвшинд тавьж суртачилахгүй байгаагаас бид орхигдсон оюун санааны ертөнц болчихоод байна. Манайхан өөрсдийн утга зохиолыг түгээн сурталчилах, хөгжүүлэхэд тогтсон таашаал арга хэлбэрүүд олон бий. Шинэ номын баяр, уран үгсийн чуулган, оны шилдэг бүтээл шалгаруулах Алтан-Өд, шилдэг шүлгийн “Болор цом” наадам, номын үзэсгэлэн худалдаа гээд олон талаар сурталчилагдаж манай улс тогтсон уншигч, ойлголт ч өндөр түвшинд байсаар ирсэн. Цаашдаа ч байсаар байх болно. Монголын уран зохиолын сэтгэлгээ, оюун санаа уул ус, нутаг орноо нэвт шингээж айхуйгаа амьдчлах үзлээр олон уран бүтээлүүд бичигддэг. Тэнгэр шүтлэгтэй ард түмний оюун санаа, ахуйн соёлд орж ирсэн Буддын шашны хосолмол сэтгэлгээ хоорондоо нийцэж байгаль эхээ нүүдэлчин амьдрал, үүнээс урган гарах олон талд хэв шинжүүд нь эргээд зөн билэг, билэгдэл, мэдрэмж хүн байгалийн амьд харьцаагаарүүдэн бүтээгддэг. Монголын уран зохиолын гол сэдэв бол хүн чанарын дүр үргэлжилсэн үгийн зохиолд зонхилдог бол яруу найрагт эмзэглэл, санах сэрэх, сэрэмжлүүлэг, шаналал, ганихрал, зөн билэгдэл ихээхэн ноёлодог гэхэд болно. Мөн утга зохиолд ёгт хэллэг, домог зүй, холбоо үг эртний утга зохиолоос уламжлагдсан дайралцаа, ертөнцийн гурав, сургаалийн шүлгүүд ч одоо ихээхэн дэлгэрсээр байна. Энэ нь нэг ёсны Монгол шүлгийн хуучин хэлбэр дээр орчин үеийн аж амьдралыг шингээн буулгах уламжлал шинэчлэл юм.

1990-ээд оноос олон “изм”-үүд утга зохиолд орж ирснээр бид гадаадын том төлөөлөгчтэй танилцаж Дорно, Өрнийн утга зохиолуудыг уншин судлаж аялдан дагах, дуурайх явдал байсан ч эргээд төрөлх Монголын утга зохиол бидний ясны, цусны өв уламжлал учраас үүнээсээ холдоод ч дэмий гэдгээ ухаарсан. Гэхдээ үүнийг мал ахуй, Монгол гэр гэдэг хуучны хэвшмэл ойлголт, хөдөө малчны уран зохиол руугаа, хоцрогдол руугаа орсон гэвэл өрөөсгөл ойлголт юм. Морь, дугуй хоёрыг зүйрлүүлсэнтэй адилтгасан тэнэглэл болох тул нутаг орныхоо байрлалыг аваад үзсэн ч Монголчууд өрнө, дорнын уулзвар дээр эх хэлний тансаг хэллэг, оюун санааны задгай сансарлаг сэтгэхүйгээр гойд ялгарсан эртний эх бичгийн болоод аман яруу найргийн баялаг, өв байдгийг мартаж ер болохгүй. Иймээс өнөөдрийн өндөрлөгөөс харах юм бол утга зохиолын бичлэг, сэтгэлгээ нь гүехэнээс гүнрүү, гүнээс гүнрүү буюу хөх мөнх тэнгэртээ элин халих шонхор шувуу мэт Монгол найраг, Монгол өгүүллэг, тууж эрх чөлөөтэй бичигдэн, туурвигдаж, олон түмэн амтархан утга зохиолоо шимтэн уншсаар байна. Би, бид өөрсдийгөө магтахгүй. Өнөөдөр Монголд номгүй айлыг олж харахгүй. Судар, шашдиргүй настангуудыг олж үзэхгүй. Мэндлэх хүндлэхээсээ л утга зохиол, яруу найргаар ярьдаг ард түмэн бид аман зохиолоос өвлөгдсөн шашдир, түүхээ хэдэн арван зуунд домог, үлгэр, түүх шашдир, судар туульсад хадгалан уламжлуулж ирсэн баялагтай нэгэн үндэстэн юм.
Уул овоогоо, тахиж, магтаал зохион сан, тахилга болгон дээдэлдэг бид есөн эрдэнээр ном судраа гоёж торгоор баринтагладаг.Оюунбилэг, цэцлэлийн эх оронтой манай улс оюуны санаа өндөр түвшинд хүрсэн дэлхийд гайхагдах тэнгэрлэг ард түмэн.
Монголын уран зохиолын ерөнхий төлөв тоймын уламжлал, шинэчлэл гэдэг өнгөрснөөс ирээдүйрүү тавих оюун санаа хэлний гайхамшгийг Монголын яруу найрагчид, зохиолчид бүтээн туурвисаар байх ажгуу.   
 
 
Өгүүлэл бичиглэн буулгасан яруу найрагч Д.Ган-Очир

Уламжлал дээр өнөөдрөө туурвидаг Уул усны утга зохиолтой Монгол мину  
Үзсэн: 1722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй