Шууд Chart

Гялгар уутан “дээлэндээ” түүртсэн XXI зууны Монгол

2014-03-18 09:46:33

Архи гээч хатуу идээг хэтрүүлээд залчихдаг нөхдүүд агсам тавьж, ойр ойрчныхоо ажин түжин байдлыг эвдсэнийхээ дараа "Энэ хар усыг дахиж амсахгүй. Амьдралаа бодъё" гэж амлах нь олонтаа. Гэвч өнөөхөө дахиад л хүртчихдэг шиг бид мөн ч олон жил гялгар уутнаас татгалзах тухай ярьж, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид уг хэрэглээг хязгаарлах ам өгсөөр ирсэн билээ. Анх гялгар уутыг хэрэглээнд нэвтрэхэд монголчууд ам сайтай байсан юм. Хэт нимгэн уутаа бодвол шар тор “мода”-нд орж байсан үе бий. Даавуун уутыг бодвол сүр бараагүй, авч явахад хялбар гээд гялгар торны “давуу тал”-ыг монголчууд биширсэн хэрэг. Тиймдээ ч хэдхэн жилийн дотор гялгар уутны хэрэглээ Монгол орон даяар түгсэн биз.

Нэг л мэдэхэд даавуун уут үгүй болж, түүний орон зайг нимгэн, зузаан, хээтэй, хээгүй, элдэв өнгөтэй гялгар уут эзлэсэн байсан юм. Гэтэл монголчууд гялгар уутыг хэрэглээндээ тийм хурдан нэвтрүүлсэн хэрнээ нэг зүйлийг огт анзааралгүй орхисон байжээ. Гялгар уут хог болж хэрэглээнээс гарахаараа ямар их асуудал үүсгэж мэдэхийг тэр үед тооцоолсон хүн үгүй. Ингээд л урсгалаараа хэдэн жил өнгөрөхөд гялгар уутан хогоор хот дүүрсэн юм. Зөвхөн хот ч бус хөдөө замд харгананд тээглэн хийсч байгаа гялгар уут олныг харсан байлгүй. Нэг үе бидний хэрэглээнд дэвшил авч ирээд байсан гялгар уут эдүгээ “адлагдаж” байна. Арга ч үгүй биз. Түүний хор хөнөөл их учраас л тэр.  

Салхитай өдөр толгой дээгүүр шувуу мэт эргэлдэж, бороо орж ус тогтоход элдэв үнэр хургуулан орших. Ингэж “тэрээр” бидэнтэй хамгийн ойр амьдарсаар, бас оршсоор л буй. 2008 онд "Хэт нимгэн пластик тор хэрэглэхийг хориглох тухай" захирамжийг тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр гаргаж байсан билээ. Нийслэлийнхний эрүүл мэнд, байгаль орчны бохирдлыг багасгах даавуун болон цаасан тор, уутны үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг захирамж хэр ажил хэрэг болсныг эдүгээ хотоор нэг алаглан хөөрдөг, хөлд орооцолддог гялгар уутан хуйнаас харж болно. Захирамж, тушаал гаргаад нэмэргүй гэдгийг дээрх жишээнээс харж болохоор байсан гэхэд хилсдэхгүй. Дээрх захирамжийн хүрээнд томоохон зах, дэлгүүр, ТҮЦ-үүд гялгар уутан торыг хэрэглээнээс хасах байлаа.

Зарим үйлчилгээний газруудад гялгар торны оронд цаасан уут хэрэглэхийг хэрэглэгчдэд санал болгосон ч тэр ажил мөн л цар хүрээгээ өргөжүүлж чадаагүй юм. Цаасан уут хялбархан урагддаг гэсэн шалтгаанаар хэрэглээнээс мөн л шахагдсан. Хүмүүс тэр бүр даавуун тор бариад дэлгүүр, ТҮЦ рүү явахгүй. Дэлгүүр, ТҮЦ-нд цаасан тор, даавуун уут байхгүйгээс гялгар торноос татгалзаж мөн л чадаагүй. Хүмүүс худалдаж авсан эд бараагаа хүссэн ч, эс хүссэн ч гялгар торонд хийж зөөсөөр байв. Томоохон худалдааны төвүүд энэ байдлыг ашиглан өөрсдийнхөө рекламыг гялгар торон дээр хэвлэж эхэллээ. Элдэв гоё чимэглэл бүхий хэмжээ дамжаатай, тус үйлчилгээний газар, компанитай холбоо барих утас, цахим хаяг гээд зарлалын самбарын үүргийг гялгар тор гүйцэтгэж эхэллээ. Энэ нь гялгар торны хэрэглээг бүр ихээр нэмэгдүүлсэн юм.

50, 100-гийн тор үнэлж авдаг байсан хэрэглэгчдэд томоохон супермаркетүүд өөрийнхөө реклам болсон гялгар уутаа худалдан авалт хийснийх нь хариуд “дурсгаж” эхлэв. Үүгээрээ томоохон худалдаа үйлчилгээний газрууд өнөө ч өрсөлдөж байгааг бид харж болно. Ямартай ч гялгар уутны хэрэглээ татарсангүй. Харин ч эдүгээ гялгар уутан "дээлэндээ" түүртсэн газар олон байна. Хөдөөд хүн ам сийрэг байгаа болохоор энэ асуудал хотыг бодвол арай бага аж. Гэсэн ч аймаг, сумын төвийн хог хаягдлын хэмжээнээс харвал гялгар уутны хэрэглээ хамгийн их байгаа юм.

Улаанбаатар хотод бол гялгар уут хэрэглэдэггүй хүн гэж алга. Найман настай балчраас наян настай буурал хүртэл өдөрт хэд хэдэн утаа гялгар уут “худалдан” авч байна. Талх авахад л нимгэн гялгар уут дагалдаж ирдэг. “Гялгар уутны хэрэглээг хязгаарлах тухай хууль", "Хэт нимгэн пластик тор хэрэглэхийг хориглох тухай" захирамжийг дагаж мөрдөх учиртай худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид зориулалт нь тодорхой бус уутаар иргэдэд хээв нэг үйлчилдэг. Бид ч бас гялгар уутыг хүнс, хувцас, эд бараа хийх зориулалтаар нь тэр бүр заагладаггүй тааралдсанаа хэрэглэчихдэг гэмтэй улс. Бүх гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүн хийж болно гэсэн заалт байхгүй гэдгийг бид анхаарах хэрэгтэй болов уу.

Манай улсад импортоор орж ирж байгаа хувцас маш олон. Дийлэнх нь өмнөд хөршөөс орж ирдэг. Хувцсыг элдэв хортон шавжаас хамгаалахын тулд нептилин хийж, ууталж, савласан байдаг. Гэтэл ийм гялгар уутанд монголчууд мах хөлдөөгөөд хөргөгчилж орхидог шүү дээ. Сүүлийн үед халдварт өвчин гарах тохиолдол урд жилүүдийнхийг бодвол нэмэгдээд байгаа гэх. Энэ нь нөгөө бидний хайхрамжгүй байдалтай холбоотой юм биш байгаа гэсэн эргэлзээг төрүүлж байгааг нуух юун.

Эрдэмтэн, судлаачид гялгар уутыг химийн аргаар боловсруулсан хортой эд гэдгийг батлаад байгаа. Уг уут нь хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдигед, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэнд шингэдэг гэнэ. Эдгээр бодис нь сүүлийн жилүүдэд монголчуудын дунд түгээмэл дэлгэрээд байгаа элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн үрэвслийг идэвхжүүлж, хорт хавдар үүсэхэд нөлөөлж байгаа талаар анхааруулах болсон. Манайд хэрэглэж буй ихэнх гялгар уутыг урд хөршид бохир орчинд үйлдвэрлэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хадгалж тээвэрлэдэг талаар амтай болгон ярьдаг ч амьдрал ахуйдаа өргөн дэлгэр гэгч нь хэрэглэсээр л байгаа. Угтаа монголчууд ийм гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүнээ хадгалж, хэрэглэсээр байгаа нь зохимжгүй билээ. Мөн гялгар уутаар тоглож байгаад хахах явдал бага насны хүүхдүүдэд олноор тохиолддог байна. Тэгэхээр гялгар уутнаас татгалзах нь бидний амьдралд ашигтай байгаа биз.  

Гялгар уутны аюул ингээд зогсохгүй байгаль орчны жинхэнэ дайсан юм. Эдүгээ дэлхий нийтийн хог хаягдлыг жигнэж үзвэл гялгар уут 30 хувийг, зай талбайгаар нь тооцвол долоон сая 500 мянган ам.метр талбайг эзлэдэг баримт бий. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд гялгар уутыг хүн ердөө 12 минут ашигладаг аж. Бидний хэдхэн минут ашигласан гялгар уут нь байгаль дээр 100-400 жил оршин тогтнох чадвартай ажээ. Ингэж үзвэл гялгар уутны хэрэглээ байгаль орчинд асар их хортой нөлөө үзүүлж буй юм. Талын салхинд хөөгдөн яваа гялгар уут хэзээ бүрэн задарч хөрсөндөө шингэхийг урьдчилан хэлж боломгүй. Байгальд 100-400 жил оршин тогтнохдоо гялгар уут нь химийн хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг гэнэ. Бидний амьдарч буй XXI зуун маань байгаль орчинд ээлтэй амьдрахыг хүн төрөлхтөнд “сануулаад” буй.

Гэтэл бидний хувьд байгаль орчинд ээлтэй байхын тулд хамгийн түрүүнд ахуйн хэрэглээнээсээ гялгар уутыг гаргах болоод байх шиг ээ. Нийслэлээс хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэхээр болж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд “Азийн цагаан дагина” нэртэй уутыг олноор нь үйлдвэрлэж, айлуудад тараасаар буй нь даанч харамсалтай. Энэ уутыг үйлдвэрлэхэд хэдэн тэрбумаар тоологдох төсөв яригдаж буй. Иргэдийн татварын мөнгийг салхинд хийсгэж буйн нэг тодхон жишээ энэ.      

 Сүүлийн жилүүдэд дэлхий нийт гялгар уутнаас ширүүхэн татгалзаж байна. Энэ ч зөв биз. Хүн төрөлхтөн эрүүл мэндээ бодвол эл чимээгүй “тахал”-аас эртхэн шиг зайгаа барьсан нь дээр. Гялгар уутыг хэрэглээнээс гаргачихаад оронд нь юу хэрэглэх болж байна гэж асуух хүн гарч ирж мэдэх л юм. Тэгвэл цаасан болон бидний “эмээ” тор гэж нэрлэдэг даавуун уутыг хэрэглээндээ нэвтрүүлж болно шүү дээ. Энэ бол шинэ арга технологи биш. Тиймээс цаасан болон даавуун уутыг Монголын хөрсөнд нутагшуулах, хэрэглээнд нэвтрүүлэх гэж ажил удах шаардлагагүй. Эдгээр нь манайд гялгар торны хэрэглээ шиг далайцтай нэвтрээгүй ч өмнө нь бидний амьдрал ахуйд хэрэглэгдэж байсан эд.

Тэгэхээр монголчууд эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалж, гялгар уутнаас татгалзах хэрэгтэй болжээ. Үйлдвэрлэгч, худалдаачид ч ялгаагүй хүнсний эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн цаасан уут хэрэглэх цаг болсон. Хэрэв нийслэлд цаасан уутны үйлдвэр цөөн, байсан ч хотынхны хэрэгцээг хангаж чаддаггүй юм бол хөдөө орон нутгийнхнаас тусламж хүсч болох юм. "Гялгар уутны хэрэглээг хязгаарлах тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангахаар Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хот цаасан уутны үйлдвэртэй болсон санагдаж байна.

Гялгар уутны хэрэглээг хумихын тулд зах, дэлгүүр, супермаркет гээд худалдаа үйлчилгээ үзүүлдэг газруудаас гялгар уутыг нь татаад авчих хэрэгтэй. Харин оронд нь цаасан уут хэрэглэж занших талаас нь ажиллаж болно. Ингэхдээ цаасан уут нь бариултай, бас ч гэж бат бөх байх учиртай. Нэг үгээр хэлбэл, цаасан болон даавуун уут нь гялгар тор шигээ иргэдийн талархлыг хүлээх ёстой юм. Тэгэхгүй бол гялгар тор шиг хэрэглээнд хурдан нэвтэрч үл чадна. Хэрэв үйлчилгээний газрууд хэрэглэгчдэд цаасан уут санал болгоод эхэлвэл “Би заавал гялгар уутанд худалдан авсан эд, зүйлээ хиймээр байна” гэх хүн гарч ирэхгүй байх. Уг нь хэрэглэсэн гялгар тороо шатааж устгаж болно.

Гэхдээ ингэж шатаах нь хүний эрүүл мэндэд асар их хортой гэж байгаа. Тэгэхээр цаас шатаах нь тийм ч их хорыг агаарт дэгдээхгүй. Цаасан болон даавуун тор бариад дэлгүүр явах нь гудамжинд хөглөрөх гялгар уутны тоог хорогдуулахад хувь нэмрээ оруулж буй хэрэг болох юм. Эрүүл мэнд, байгаль орчноо хайрлан хамгаалж хаа сайгүй хөглөрөх гялгар уутны хэрэглээг хумих зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Гялгар уутан “дээлэндээ” түүртсэн XXI зууны Монгол   
Үзсэн: 12111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
votion.carinee@gmail.com [96.23.156.xxx] 2017-04-30 05:15
Та хувийн зээл барьцаагаар богино эсвэл урт хугацаанд, тогтмол эсвэл хувьсах ханш, эсвэл нээлттэй хайж байгаа эсвэл хаалттай, бид таны санхүүжилтийн хэрэгцээг хангахын тулд хувийн болон орон сууцны тохируулгууд нь өргөн хүрээтэй санал болгож байна. 5-000-аас хамгийн бага зээлийн € 2,000,000 тулд Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина бүү эргэлз votion.carinee@gmail.com
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-03-19 13:29
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.9191510322 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.9191510322 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.9191510322 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-03-19 12:05
Áàò ¿¿ë ýý Íààä õîãèéí øèéäâýð ÷èíü ÷àìàéã íàìòàé ÷èíü õàìò óíàãàõ äýýðýý òóëààä áàéíà. Òºðººñ æààõàí þì öîõè÷îõ ñàíààòàé þì áîë àðàé ººð ç¿éëýýð îðîëäîî÷
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-03-18 18:36
ГЯЛГАР УУТИЙГ ХИЛЭЭР ОРУУЛАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮМБОЛВУУ УЛАМ ИХЭЭР ХЭРГЭЛЖ БАЙНА
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-03-18 16:31
yag unen
112.72.8.xxx [112.72.8.xxx] 2014-03-18 14:51
goy niitlel bn talaagdlaa
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2014-03-18 11:22
Хүмүүс жижиг асуудал гээд бараг орхигдуулдаг боловч хамгийн тулгамдсан асуудлуудын нэг мөнөөс мөн. Зөв сэдэв хөндөж сайн бичжээ. Энэ асуудлыг ганц бичээд орхихгүй цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй.
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-03-18 11:12
Saihan niitlel boljee. Ene asuudal bol baigali orchny uudneesee todiigui ariun tever talaasaa uneheer setgel emzegluulsen asuudal monoos mon.
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-03-18 10:25
bas deerees n said darga nar n gyalgar uutan deer n biznes hiichihnee
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-03-18 10:25
odoo hawar bolj bgaag heleh uu nuur nud duuren gyalgar uut bh yumaa
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-03-18 10:23
tim shv gylgar uutiig halj hayiy
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2014-03-18 10:11
estoi unen medeelel bna amjilt

Бидэнтэй нэгдээрэй