Шууд Chart

Д.Номин-Эрдэнэ: Өрсөлдөгчийн цол, рейтингтэй бус шатрын дүрсний эсрэг тоглодог

2020-01-24 09:25:42

Ийн 10 настайдаа Өсвөрийн дэлхийн аварга болж, 14 настай Олон улсын мастер, Эмэгтэйчүүдийн Их мастер цол хүртсэн бөгөөд энэ цолыг хамгийн залуудаа хүртсэн Монголын эмэгтэй шатарчин болсон түүхтэй. Тэгвэл тэрбээр 19 настайдаа мэргэжлийн шатрын спортын хамгийн дээд цол Эрэгтэйчүүдийн Их мастер(GM)-ын гурван болзлыг хангасан юм.

Багаасаа мэргэжлийн тамирчин болох замыг сонгож, жилийн ихэнх өдрийг бэлтгэлээс бэлтгэл, тэмцээнээс тэмцээн хооронд өнгөрүүлдэг “Уулгүй тал, усгүй цөлд засаггүй ноён цусгүй дайтдаг” мэргэжлийн шатрын залуу эмэгтэй “жанжин” Д.Номин-Эрдэнэтэй онлайнаар холбогдож ярилцлаа.

-Манай сайтын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та өнгөрсөн 2019 оны амжилтаа хэрхэн дүгнэх вэ?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Мөн танай сайтыг уншиж байгаа бүх хүний амар амгаланг эрье. Миний хувьд 2019 он сүүлийн жилүүдийн адилаар тун завгүй жил болж өнгөрлөө. Түргэн болон түргэвчилсэн тоглолтын тэмцээнийг тооцохгүйгээр үндсэн тоглолтоо тоолоход 150 гаруй өрөг хийж, олон улсын болон лигийн 16 тэмцээнд оролцсон байна. Үүнээс онцлох амжилтууд гэвэл есдүгээр сард Унгар улсын Дебрецен хотноо Монгол, Унгарын найрамдлын 70 жилийн ойг угтан  зохион байгуулагдсан “Mongolia and Hungary friendship cup” олон улсын шатрын наадмын гол ангилал болох өндөр зэрэглэлийн Их мастеруудын тойргийн тэмцээнд есөн тавилаас 7 оноогоор Украин улсын тамирчин, Их мастер Александр Кочантай I, II байрыг хуваан эзэлж, мөн энэ амжилтаараа Их мастер(эрэгтэйчүүдийн) цолны сүүлийн буюу гурав дахь нормоо биелүүлсэн нь өнгөрсөн жилийн том амжилтын минь нэг байлаа. Мөн өөр олон тэмцээнд амжилттай оролцсон. Тухайлбал, Серби улсын эмэгтэй супер лигт уригдан орон орны шилдэг эмэгтэйчүүдтэй өрсөлдөж, 11 өргөөс 8,5 оноо буюу хамгийн өндөр оноо авсан. Мөн Герман улсын Крефелд хотод зохиогдсон “Krefelder Pfingst” нээлттэй тэмцээнд I-III байр хуваан эзэлж, эмэгтэй төрөлд тэргүүлсэн.

Түүнчлэн Унгар улсын шатрын нэгдүгээр лигт Дебрецен хотын багаа төлөөлөн нэгдүгээр ширээнд тоглож байгаа. Одоогоор таван тавилаас 2 тэнцээ, 3 хожил буюу 4 оноотой явна. Олон сайхан хожил авч урамшиж, амссан хожигдлоосоо суралцсаар л явна. Өнгөрсөн жилийг арвин амжилттай он болж өнгөрсөн гэж дүгнэж байгаа.

-Мэргэжлийн шатрын спортын хамгийн оргил цол буюу Их мастер(эрэгтэйчүүдийн) цолыг хэзээ албан ёсоор авахаар байна?

-Олон улсын шатрын холбоо(ФИДЕ)-ны цол олгох журмын дагуу Их мастер цолны нормыг гурван удаа хангаж, олон улсын чансаа буюу рейтингээ 2500 оноо давуулсан тохиолдолд ФИДЕ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал эсвэл Конгресс албан ёсоор баталж олгодог. Эхэнд дурдсанчлан гурван нормоо албан ёсоор биелүүлсэн. Эхний нормоо 2015 онд, хоёр дахийг нь 2016 онд биелүүлсэн бол сүүлийнхийг нь дөрвөн жилийн дараа буюу 2019 онд биелүүллээ. Одоогоор миний олон улсын чансаа 2420 орчим байна, тэгэхээр ахиад 80 орчим пункт өсгөж байж авна. Миний оргил чансаа 2016 онд 2490 хүрч байсан. 2020 ондоо багтаж 2500 оноонд хүргэх зорилго тавин, итгэл үнэмшилтэйгээр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.

-Мэргэжлийн тамирчид тогтмол улс орон, тив алгасан тэмцээн уралдаанд оролцдог. Та ойролцоогоор жилд хэчнээн тэмцээнд оролцдог вэ?

-Мэргэжлийн тамирчны амьдралын хэв маяг бэлтгэлээс бэлтгэл, тэмцээнээс тэмцээн хооронд үргэлжилдэг учраас маш завгүй байдаг. Би тавьсан зорилгынхоо дагуу жилийн 365 хоногийг бүгдийг нь ашиглахыг хичээж байна. Цөөхөн олдох амралтын өдрүүдээ хүртэл бэлтгэлдээ ашигтай өнгөрүүлэхийг боддог. Шатрын тэмцээн бусад спорттой харьцуулахад олон хоног үргэлжилдэг. Ихэнх олон улсын тэмцээн өдөрт нэг өрөг тоглодог гэхээр дунджаар нэг тэмцээнд 9 өрөг тоглодог л доо. Тиймээс нэг тэмцээнд оролцоход 7-10 хоног шаардана. Ингээд бодохоор би жилийн тэн хагасаас илүү хоног өдрийг тэмцээнд болон ирж буцах замд өнгөрүүлдэг. Сүүлийн 5-6 жилд стандарт буюу уртын өрөгтэй 11-15 орчим тэмцээнд оролцож, 140-155 өрөг тоглосон. Мөн түргэн болон түргэвчилсэн/рапид, блиц/ төрлийн 5-6 тэмцээнд ордог.

-Анх хэрхэн шатрын спорттой холбогдсон бэ. Шатраар хичээллэсэн хэн бүхэн тив дэлхийн тэмцээнд оролцож, амжилт гаргадаггүй. Танд ямар нэгэн өгөгдөл байв уу?

-Намайг багад аав, өвөө хоёр байнга шатар тоглодог байсан. Мөн манай хамаатны ах дасгалжуулагч Ч.Баттүвшин аавтай байнга өрдөг байлаа. Тухайн үеэс шатар миний хамгийн их сонирхдог тоглоом болсон. Бага насны хүүхдийн нүдээр харахад шатар тийм ч сонирхолтой тоглоом биш л дээ. Гэхдээ хоёр хүн хоорондоо тоглож байхыг харахаар яаж тоглодог юм бол гэх мэтийн сониуч асуултууд цаанаасаа ургаж гарч ирээд л байсан байх.

Би бага байхаасаа л тамирчин хүн ямар их хөдөлмөрлөх ёстойг мэдэрч өссөн. Аав, ээж хоёр маань хоёулаа тамирчин, спортод маш элэгтэй нь надад нөлөөлсөн байх. Тэд сагсан бөмбөгийн тэмцээн байнга үздэг. Манай гэрийн зурагт асаалттай байх бүрт спортын суваг гардаг байлаа. Аав, ээж хоёр маш олон тамирчны амжилтад хүрэхийн тулд ямар их хичээл зүтгэл гаргасан түүхийг ярьж өгдөг байсан болохоор тууштай, зорилготой, тэвчээр хатуужилтай байснаар эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаж чадна гэсэн сэтгэлгээ, төлөвшил миний дотоод ертөнцөд гүн бат сууж өгсөн гэж боддог. Энэ нь авьяас билгээ хөгжүүлэх гол тулгуур, хүч болж өгдөг. Надад байгаа өгөгдөл юу вэ гэвэл энэ төлөвшил л бодогдож байна.

-Мэргэжлийн шатарчид өдөр бүр өндөр ачаалалтай хүнд бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ талаар энгийн хүмүүс нарийн ширийн зүйлийг төдийлөн мэддэггүй. Байнга хийдэг бэлтгэлийнхээ зах зухаас нь хэлж болох уу?

-Мэргэжлийн тамирчны өндөр формыг барихын тулд өөрийн хувийн онцлогт тохирсон, өдөр тутмыг нь нарийн зөв төлөвлөсөн бэлтгэл хийснээр богино хугацааг ашиглан өөрийгөө хөгжүүлж, цаг хугацааг товчлоход тусалдаг. Миний хувьд өдрийн найман цагт шатар, нэг цаг 30 минут хөдөлгөөний бэлтгэл хийдэг. Дасгалжуулагчийн баг маань дараагийн тэмцээнд тулгуурласан бэлтгэлийн хувиараа гаргана. Үүнээс үүдэн хэдэн цагийн ачаалал авах, ямар гараан дээр ажиллах, хэзээ практик тоглолт хийх гэх мэт бэлтгэлийн хувиар гардаг. Мөн хоолны дэглэмд ч ач холбогдол өгдөг.

-Хүнд бэлтгэл болон тэмцээндээ төвлөрөхийн тулд орчноос тасрах шаардлагатай болдог байх. Ийм үе хэдий хугацаанд үргэлжилдэг вэ?

-Тэмцээнд өрөг хийж байх үедээ төвлөрлөө хамгийн өндөр цэгт барих шаардлагатай байдаг. Гэхдээ энэ нь огт төвлөрлөө алдахгүй байдаг гэсэн үг биш. Яагаад гэхээр өрөг болгоны дараа тамирчин өөртөө ямар нэгэн дүгнэлт хийдэг. Хамгийн чухал нь ямар ч дүгнэлт гарсан тэр үед тогтвортой байж бодит байдал дээр тулгуурлан сэтгэл зүйн хувьд зөв төвлөрөх ёстой. Хожил, хожигдол, тэнцээ аль нь ч бай зөв дүгнэлт хийхгүй бол дараагийн өргийн дүнд сөргөөр нөлөөлөх аюул тулгардаг. Заримдаа сэтгэл зүйн хувьд тогтворгүй байвал гадуур алхаж, иог хийснээр илүү хурдан төвлөрдөг.

-Өөрөөсөө өндөр, илүү цолтой өрсөлдөгчтэй таарахдаа сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Бүх л тамирчин өндөр рейтингтэй өрсөлдөгчтэй тулахад илүү их догдлол үүсдэг. Өөрийн хийж чадахаас илүү байхыг сэтгэл зүйн хувьд эрмэлздэг. Нийтлэг алдаа нь өрсөлдөгчөө хэт давуулан үнэлж, өөрийн бодлоо няцаах гээд байдаг. Энэ үед сэтгэлзүйгээ зөв удирдаж, өөрийгөө шатрын дүрсний эсрэг тоглож байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Шатрын тухайн байрлалтай л тоглох хэрэгтэй болохоос өрсөлдөгчийн цол, рейтингтэй биш. Байрлал юу шаардаж байна тэр дагуу зөв төлөвлөж, сайн нүүдэл хийх нь энгийн бөгөөд зөв арга.

-Тоглолтын үеэр өрсөлдөгч тамирчдын дунд яриа өрнөдөг үү?

-Өргийн үеэр тамирчдын дунд яриа өрнөх нь дүрмийн хувьд хориотой. Онцгой нөхцөл буюу өрсөлдөгчдөө тэнцэх санал тавих үед хэлж болдог. Харин өрсөлдөгч тал хүлээн авах бол зөвшөөрч гар барих ба хүлээж аваагүй тохиолдолд үргэлжлүүлэн нүүдэг. Үүнээс өөрөөр тоглолтын үеэр хоорондоо ярих шаардлага гардаггүй. Ямар нэгэн асуудал гарвал шүүгчийн хажууд саналаа хэлж болно.

-Жилд хэдий хугацааны амралт, чөлөөт цаг гардаг вэ?

-Ер нь бол амралт, чөлөөт цагийг шаардлагатай үед л гаргадаг гэх үү дээ. Заримдаа бэлтгэлийн хэт өндөр ачааллаас болж ядарсан үедээ 1-2 хоногийн чөлөө гаргаж ачааллаа  түр багасгаж байгаа. Амрах хугацаандаа гэр бүлээрээ гадуур зугаалах, кино үзэх, сагс тоглох гэх мэт анхаарлаа өөр зүйлд хандуулахыг хичээдэг. Мэдээж баярын өдрүүдийг гэртээ, гэрийнхэнтэйгээ тэмдэглэснээр дараагийн ажил руугаа илүү эрч хүчтэй ордог.

-Танд халз тулааны урилга ирж байсан уу. Бусад тамирчныг дуудах төлөвлөгөө бий юуе

-Энэ асуултад хариулахдаа жаахан тодруулга хийе. ФИДЕ 2018 оны сонгуулиар шинэ Ерөнхийлөгчөө сонгож, удирдлагын бүрэлдэхүүн шинэчлэгдэхэд хийгдсэн хамгийн голлох ажлын нэг нь эрэгтэй, эмэгтэй шатрын дэлхийг аваргыг тодруулахдаа  хугацааны хувьд өөр ч ижил формат/эрэгтэй тамирчид дөрвөн жилийг үндсэн хугацаа гэж үзээд хоёр жил тутамд нэг удаа титэм хамгаалдаг, эмэгтэй тамирчдын хувьд хоёр жил үндсэн хугацаа ба жил тутамд титмээ хамгаалах тоглолтод орно/-тай болгосон явдал. Өмнө нь эмэгтэй тамирчин холимог системээр буюу ДАШТ ба титэм хамгаалах тоглолтод ордог байсан.

Шатрын дэлхийн аваргыг тодруулахдаа титэм эзэмшигч буюу аварга, түүнтэй тоглох эрхээ авч шалгарсан нэг өрсөлдөгч нарын халз тоглолтоор шийдвэрлэдэг. Тэгэхээр халз тулаан гарцаа байхгүй миний болон энэ спортын тамирчин бүрийн хамгийн том зорилгын нэг юм. Мөн тодорхой зорилго/бооцоот, нөхөрсөг/-той халз тоглолтууд явагддаг. Яг энэ хэлбэрээр олон улсын болон эх орныхоо эрэгтэй, эмэгтэй шилдэг шатарчидтай халз тоглохоор төлөвлөж байгаа. Гэхдээ нэг тал төлөвлөснөөр болохгүй олон хүчин зүйлээс хамаардаг болохоор ямар хэлбэрээр, хаана, хэдийд, хэнтэй гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Мөн албан ёсоор дуудагдах санал аваагүй. Урьд нь бол дотооддоо бэлтгэлээ сайжруулах болон шатрын спортоо сурталчлах зорилгоор хэд хэдэн удаа тоглож байсан.

-Таныг нүдээ боолттой тоглолт хийж байсан гэсэн?

-Тиймээ Blindfold chess game буюу төсөөллөөр хэд хэдэн удаа зэрэг тоглолт хийж байсан. “Эх орноо эерэгээр сурталчилъя, эв нэгдэл” гэсэн уриан дор бид гэр бүлээрээ гурван сар гаруй хугацаанд Европ тивийн 13 улс 36 хотыг дайрч, нийт 20 мянга гаруй км зам туулсан “Europe chess tour”(Mongolian chess family) авто аяллыг амжилттай хийсэн. Тус аяллын хүрээнд тухайн орон нутагт сурч ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ болон шатрын клубтэй “Зорилготой амьдрал” сэдэвт уулзалт яриа болон Монгол Их мастер зэрэг тоглолт сурталчилгааны өдөрлөг гэх мэт олон  арга хэмжээ зохион байгуулсан. Үүнээс төсөөллөөр буюу цээжээр зэрэг тоглох тоглолт олон хүний анхаарлыг нэлээд татсан байх. Тэр үеэр Унгар, Герман, Польш зэрэг оронд 4-5 хүнтэй өргөө харахгүй зэрэг тоглосон. Мөн дээд тал нь 8 ширээнд тоглож үзсэн юм байна.

-Мэргэжлийн тамирчид хэдэн нас хүртлээ тоглодог вэ. Дараа нь аль салбарт, ямар ажил эрхэлдэг вэ. Тогтсон жишиг бий юу?

-Шатрын спортын нэг онцлог нь насны хязгаар байдаггүй. Мэргэжлийн түвшинд ч мөн адил. Өнөөдөр 12-15 насны олон залуу Их мастер төрөн гарч, мэргэжлийн түвшинд бэлтгэл хийснээр, шатрын спортыг улам залуужуулж байгаа. Нөгөө талаас асар их туршлагатай домог болсон ахмад шатарчид ч бий.

Дараагийн салбарыг сонгох тухайд хувь хүний л амьдралын хэв маягаас шалтгаалдаг байх. Тогтсон жишиг гэвэл мэргэжлийн тамирчид идэвхтэй тоглохоо больсон ч их спортдоо үлдэж, дасгалжуулагчийн замналаа эхлүүлэх нь бий.

-Мэргэжлийн шатарчид биеийн хүчний болоод бусад спортын тамирчидтай харьцуулахад  санхүүгийн хувьд хэдий хугацаанд эрх чөлөөнд хүрдэг вэ. Олон улсын болоод дэлхийн томоохон тэмцээний шагнал, урамшуулал хэр өндөр байдаг вэ?

-Шатар бол хүн төрөлхтөнд хамгийн өргөн тархсан спортын нэг боловч мэргэжлийн түвшиндээ хамгийн үзэгч муутай нь яахын аргагүй үнэн. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Бусад түгээмэл ба санхүүгийн орлого өндөр мэргэжлийн спортууд болох хөлбөмбөг, сагсан бөмбөг, теннис, мэргэжлийн тулааны төрлүүд гэх мэтийн спортын тамирчдыг бодвол мөнгөн шагналын хэмжээ харьцангуй бага. Гэхдээ шатарчдын орлого, ивээн тэтгэлгийн гэрээ, реклам зар сурталчилгааны орлогуудаас гадна өөрсдийн нийгмийн идэвх санаачилгаас шалтгаалан их, бага байдаг. Өнөө цагт олон улсын түвшинд энэ салбарт оруулж буй хөрөнгө оруулалтууд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа.

Дэлхийн шилдэг шатарчид бусдыгаа бодвол санхүүгийн чадамж харьцангуй сайтай амьдардаг. Бас маш олон орон төрийн бодлогоор шилдэг шатарчдаа дэмжиж, тэдний бэлтгэл сургуулилт хангамж зэрэгт багагүй санхүү зарцуулдаг. Энэ нь тухайн улс орны оюуны чадамжийг үнэлэх үнэлэмжийн асуудал болов уу. Дэлхийн аварга шалгаруулах халз тоглолтын шагналын сан эрэгтэй 1.5 сая ам.доллароос багагүй байдаг бол эмэгтэй шагналын сан нь 500 мянган орчим америк доллар байна. Мөн шагналын сан сайтай өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнүүд тогтмол зохион байгуулагддаг.

Нуулгүй хэлэхэд манай улсад бодлого, сэтгэлгээ, ойлголтын түвшинд арай дутмаг байгаад жаахан сэтгэл дундуур явдаг. Гэхдээ би энэ замыг өөрөө сонгосон болохоор төр засаг, шийдвэр гаргах түвшний хүмүүс ч юм уу хэн нэгнийг буруутгах болон гоморхох ойлголт байдаггүй. Залуу хүний хувьд ирээдүйд эх орныхоо болон энэ салбарынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, олон шинэ зүйл хийхээр бодож төлөвлөдөг.

-Уран зохиол болоод кинонд мэргэжлийн шатарчдыг аливааг маш хурдан сурдаг, магадлалын онолыг төгс эзэмшсэнээр харуулдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Оюуны хөдөлмөрийн тал дээр мэргэжлийн шатарчид аливааг хурдан сурдаг гэдгийг олон хүн нотолсон. Мэдээж шатарчид өндөр зэрэглэлийн тархины гимнастик хийдэг гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх. Жишээ нь шатарчдыг сургуульд сурвал сурлага сайтай байдгийг бүгд л мэднэ. Гэхдээ энэ нь зөвхөн зүй тогтлыг ойлгох, хурдан цээжлэх, төсөөлөн бодох гэх мэт олонд харагдахуйц чадваруудаас гадна тууштай хөдөлмөрлөж, удаан хугацаагаар төвлөрч, оюуны ачааллаа дааж чаддагтай холбоотой гэж бодож байна.

-Танд хэд хэдэн орны их сургуулиудаас суралцах урилга ирсэн гэсэн. Мэргэжлийн шатарчнаас өөр мэргэжил эзэмших хүсэл бий юу?

-Тиймээ таван их сургуулиас 100 хувийн тэтгэлгээр суралцах санал хүлээн аваад байгаа ч одоогоор зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тэмцээн уралдаан болон бэлтгэлжилтийн маш шахуу хуваарьтай байгаа. Тиймээс их сургуульд сурах талаар тодорхой шийдвэр гаргаж амжаагүй, түр хойш нь тавьсан. Гэхдээ ойрын хугацаанд их сургуульд элсэнэ.

-Дэлхийн шатрын олимпиад энэ онд болно. Та оролцох уу?

-Дэлхийн шатрын олимпиад хоёр жил тутамд нэг удаа зохиогддог. Манай гарагийн буюу 190 гаруй улс орны бүх л шилдэг шатарчин нэгэн дээвэр доор цугладаг гэдэг утгаараа “оюун ухааны олимпын наадам” гэж хэлж болно. Тиймээс тус наадамд оролцох нь нэрийн төрийн хэрэг.

Шатар хэдий хувийн спорт ч Дэлхийн шатрын олимпиадад тамирчид улсаа төлөөлөн баг болон оролцдог. 2020 онд болох олимпиадад оролцох Монгол Улсын шатрын шигшээ баг тамирчид одоогоор тодроогүй байгаа. Монголын шатрын холбооноос баг, тамирчдаа албан ёсоор тодруулдаг.

-Танд цуглуулга бий юу. Ямар цуглуулгатай вэ?

-Олон төрлийн гоёмсог шатар цуглуулах дуртай. Мөн шатрын тухай хуучны ном хэвлэл гээд ер нь л шатартай холбоотой бүх зүйлийг цуглуулдаг. Бас тамирчин байхын нэг гайхалтай зүйл нь маш олон газар оронд очдог. Тиймээс өөрийн очсон газар орныхоо нэр, билэгдэл, дүрстэй  сувенирын цуглуулгатай.

-Таны 2010 онд өгсөн ярилцлагыг саяхан уншсан юм. Тухайн үед хүсэж мөрөөдсөн бүхэндээ хүрчээ. Тэгвэл арван жилийн дараах Номин-Эрдэнэ ямар байх бол?

-Өнгөрсөн 10 жилийг харахад мөрөөдлөө зорилго болгож, зорилгынхоо төлөө тууштай  шантрахгүй хөдөлмөрлөсний үр дүнд ойрын тавьсан зорилгууддаа цаг хугацааны хувьд хол зөрөлгүйгээр хүрсэн. Дараагийн арван өмнөө тавьсан зорилгууддаа хүрэхийн тулд илүү их хичээж зүтгэсэн, шаргуу хөдөлмөрлөсөн он жилүүд байх болов уу гэж төлөвлөж байгаа. Зөвхөн би ч биш бүх хүний зорьсон зорилго бүхэн нь биеллээ олон, амжилт бүтээлээр дүүрэн арван жил байгаасай. Мөн нэгэн арваны дараа тантай дахин ярилцан суухын сайхан ерөөл өргөе.

-Ярилцсанд баярлалаа.

-Танд ч бас баярлалаа. Ажлын өдөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Номин-Эрдэнэ: Өрсөлдөгчийн цол, рейтингтэй бус шатрын дүрсний эсрэг тоглодог  
Үзсэн: 4289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй