Шууд Chart

Аав, хүү хоёр

2021-01-06 14:42:11

Дэлгээтэй хаалгаар орой цармаараа хүглэгэр будан духдуулсан уулс хөхөмдөглөнө. Харин энгэр, бэлийнх нь модод алтаар хээ хаур урласан мэт гэгээ татуулан шаргалтана. Мөнөөх уулсын алтлаг хормойг газартай нийлүүлэн хүвэрдэж байна уу даа гэмээр үхэр тэрэгтэй уртаас урт хөсөг алгуурхан урагшилна. Хөсгийн наахнуур хэсэг хэсэг адуун сүрэг үзэгдэнэ. Гэрийн баруун хаяан дахь хөхүүртэй айраг тэр адууны бараанаар юу юугүй янцгаах нь уу гэлтэй шуугина. Аргалын гал дээр шинэ цөцгийний хайлмаг хусуурын аясаар нааш цааш бөмбөрнө. Миний хүү ингээд сургууль номоо дүүргээд хүрээд ирдэг овоо доо гэж тогоо хусуур уулзуулах ялдамд ээж нь дуугарав. Тэр эрдэмтэн энээ тэрээ болдог нь ч яахав. Ингээд харь орноос бүр ирж байгаад чинь ээж нь ёстой нэг магнай тэнийлээ гээд гэрийн эзний зүг үг дуугараад өгдөг ч болоосой гэх харцаар хяламхийв.

Гэрийн эзэн мод толгойгоо улалзуулан хаалгаар уулс ширтэн сууна. Ямар сайхан юм бэ. Нуруу бас сэтгэл тэнийгээд... Манай нутаг ч намар нь сайхан болдог онцгой нутаг шүү гэж хүү хөөрөв.

Урд шөнө ямар сайхан унтав аа. Бие сэргэчихэж гэж бас нэмж хэллээ. Тэгэлгүй яахав ээ хүү минь. Алив энэ тавагтайг ав. Хүүгээ дуртай юм болохоор ээж нь өглөө босонгуут тогоо хусуураа уулзуулчихлаа. За энэ хусам. Миний хүү ч багаасаа хайлмаг хийх болгонд тогоо руу орчих шахан хоёр жаахан алгаа тосоод зогсож байдаг сан. Хусмыг нь идэх гэж байгаа нь тэр гэж ээж нь хөөрөв.

Хэ хэ нээрээ тийм дээ. Ээжийн минь хайлмаг, хусам нь бүр ч илүү амттай юм шиг санагддаг сан. Огцом хайлмаг идээд хурцаддаг болов уу яадаг бол. За ямар ч байсан хорхойгоо дараад авъя гээд хүү урагшаа суулаа.

Таны аяга хойд авдран дээр чинь байгаа. Хүүтэйгээ хамт хайлмаг ид ээ хө гэж эзэгтэй өвгөндөө найр тавилаа. Өвгөн дуугүй суусаар... Тэгээд хүү минь ургамал судлалын доктор гэдэг нь болж байгаа юм биз дээ гэж өвгөн тэс өөр юм дуугарав.

Эзэгтэй тэндээс хүүхэдтэй хамт яриа нийлж суугаад хайлмаг олигтойхон идүүлнэ байгаа даа гэх шиг энэ асуултыг нь түвэгшээнгүй харлаа. Хүү хайлмаг халбагадах зуур тиймээ аав аа. Ургамал судлалын доктор гэлээ.

Аав нь дахин үг дуугарсангүй хаалгаар алсын уулс ширтсэн хэвээр суув. Нутаг сэлгэнэ дээ. Энэ хавийн бэлчээр барагтайхан болчихлоо. Шинэ бэлчээр харъя даа гээд өвгөн өндийлөө. Эзэгтэй үгүй ээ энэ хүний байж байгааг. Хүүгээ том эрдэмтэн болоод ирж байхад жишим ч үгүй суух юм. Бүр тэгээд амар суулгаж байгаад үмх хайлмаг идүүлчихгүй. Нас нэмэх тусам хэдэр болоод байх шиг байх юм энэ өвгөн гэж бодов. Тавагтай хайлмаг руу хошуугаа дүрж суусан хүү нь аав хамт мордъё. Нутаг үзье гээд амныхаа тосыг арчин бослоо.

Эзэгтэй тэндээс уулга алдаж энэ өвгөн хүүг минь хайлмаг идүүлэхгүй өндөлзүүлээд... Хоёр гурав хоногоос болно байгаа даа гэж үглэсээр хоцров. Намрын налгар наран дор аав, хүү хоёр ижилхэн зээрд морь унаад галигуулав. Өвгөн хэлгүй хүн шиг л яваад байв. Хүү эрх багаас тоглож өссөн уул, хангайгаа харж ихэд хөгжүүн явлаа. Нэлээд явж бараг зэргэлдээ сумын нутаг руу орохын хэрд ус ургамал жигдэрсэн нутаг таарав. Хүү ямар сайхан нутаг вэ хэмээн шагширч энэ сайхан нутаг биш үү аав аа гэж дуу алдлаа. Өвгөн мориноосоо бууж хүүтэйгээ гансаараа тамхиллаа. Тэгээд гансныхаа галд ширхэг өвс шатаагаад хэсэг харж суув. Тэгснээ тэрбээр энд буухгүй хүү минь гээд бослоо. Хүү жаахан гайхаж зогсоод мордлоо.

Тэр хоёр морины сүүл хөдөлгөн дахиад хоёр уул давав. Газрын гарц, байгалийн үзэсгэлэнгээрээ түрүүчийнхийг илт гүйцэхгүй газар аав нь мориноосоо буулаа. Өвсөн дунд завилж суугаад эргэн тойрныг хараачлангаа тамхиа нэрлээ. Мөн энэ зуураа өвгөн дахиад л гансныхаа цогоор өвс шатааж үзэв.

Өвгөн энд ирж нутаглая даа гээд хүү рүүгээ харлаа. Энэ харц харин хүү минь чи энэ нутгийг хэрхэн шинжиж байна даа гэсэн харц байлаа. Хүү эргэн тойрныг хэсэг ажиглаж бас дэргэдээсээ өвс тасдан авч үнэрлэж хуруундаа имэрч үзээд түрүүчийн нутгийг энэ нутаг лав гүйцэхгүй гэж бодож байна гэлээ. Өвгөн огт дуугарсангүй шуудхан мордоод гэрийн зүг шогшууллаа. Хүү мордох зуураа аав минь нас дээр гарч байна даа. Хүн хөгширхөөрөө ааш зан нь янз янз л болдог гэдэг. Аав минь дуугаа хураамтгай болчихож. Тэгээд ч аав минь уулаасаа дуу цөөтэй хүн дээ гэж аавыгаа зөвтгөлөө.

Удаж төдсөнгүй гэрийн бараа харагдав. Угтан гүйж ирсэн хоёр банхар морины хөл хоорондуур орж гарч эрхэлсээр уяа хүргэлээ. Гэрийн зүг алхах зуур аав нь сая ам нээв. За хүү минь чи бид хоёрын анх буусан нутаг өвсийг нь шатааж үзэхэд хурдан шатсаныг анзаарсан уу. Бас цагаан үнс гарсныг. Энэ нь ногооны шим толгойдоо гарч чанаргүй болсон гэсэн үг. Харин сүүлд буугаад мордсон нутгийн өвс удаан шатаж хар үнс гарсан. Энэ нь шим шүүс сайтай байна гэсэн үг гэж тоймтой гурван үг хэлчихээд сур элдэж байгаа тээрмийнхээ зүг яваан дундаа дээлээ сугалдрагалан алхаж одов.

Хүү гэрийн зүг бодлогоширонгуй гэлдэрлээ. Дэлгээтэй хаалгаар толгойгоо цухуйлган уяа руу харсан эх нь шинэ цай үйхээр зуух тогоо уулзуулав. Миний хүү яагаад ийм унжгар алхаж яваа юм бол. Энэ зөнөсөн өвгөн хүүг минь үймүүлж орхисноос зайлахгүй гэж өвгөнөө буруутган амандаа үглэв.

Аргалын хөх гал аядуухан улалзлаа. Боролзгоны навч хөвсөн шинэ цай төдхөн даргив.


Аав, хүү хоёр  
Үзсэн: 1941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй